Видео ярилцлагыг ЭНД дарж үзнэ үү
“Яруу” арт продакшны хамт олон алтан үеийн арван кино уран бүтээлийг сонгож дууг нь дахин амилуулахаар зорьжээ. Ингэхдээ орчин цагийн залуусын сонирхол, хэв маягт нийцүүлэхийг хичээж ажиллахын дээр гаднын соёлыг шүтдэг, дурладаг хандлагыг бага ч атугай халан өөрсдийн өв соёл, үнэ цэн чанарыг нэгт тавьдаг залуу үеийг бүтээх чин хүсэлтэй ажиллаж буй юм.
Продакшны залуу уран бүтээлчдийн багийн өөр нэгэн өнгө болсон онцгой гишүүн бол Б.Чинзаяа. Тэр Voice of Mongolia шоунд оролцож урлагийн гараагаа эхлүүлсэн залуу дуучин. Б.Чинзаяа урлагийн салбараас халшрах нь холгүй зүйлсийг хоёр жилийн хугацаанд мэдэрсэн ч бууж өгөлгүй өөрийн байх газраа олоод буй нь энэ аж.
Тэрээр, “Эмэгтэй хүн болоод ч тэр үү, урлагт маш хэцүү байсан. Надаас өөр зүйл хүсээд байгааг нь мэдэрдэг байсан юм. Маш хэцүү… Заавал унтаж, хэвтэх ёстой ч юм шиг. Үгүй юм аа гэхэд, зарим нь маш өлөн. Архи авхуулах гэж уулздаг. Ой гутмаар үеүд байсан. Тэр хүмүүстэй хамтрахыг хүсээгүй болохоор зайгаа барьсан. Хоёр жил бол дэмий үрэгдсэн байсан. Харин одоо байх газраа олсон гэж боддог.
ЗОРИЛГОТОЙ ХҮН ТУНАЖ ҮЛДДЭГ
Миний артист нэр бол Maddie. Би мэргэжлийн дуучин биш. Дууны ямар нэгэн сургалтад ч явж үзээгүй. Үсрээд цэцэрлэгтээ л дуулдаг байсан. Хүссэн нь л дуучин болно гээд шүүмжлээд байдаг. Угаасаа хүсээгүй бол хэн ч чадахгүй шүү дээ. Эхлээд хүсэж л байх хэрэгтэй. Дараа нь зорилготой хүн нь тунаж үлдэнэ. Би өөрийгөө их азтай гэж боддог юм. Зөв хүмүүстэй учирсан. Хүний буян, тэнгэртэй юм шиг санагдаад байдаг.
Нэгэнт л хүн болгон өөр гэдгээ мэдэж байгаа. Хүн намайг шууд хараад, ярьж үзээгүй үед нь яаж өөрийгөө ондоошуулдаг гэхээр дотор байгаа өнгөө, гаднаа ил гаргаад зүүчихсэн гэсэн үг. Би зураг зурах дуртай. Тэр зургийнхаа өнгөөр гадаад төрхөө солиод л явах маш дуртай. Олон юм туршиж үзэх их дуртай.
ХУУЧИН БҮХНИЙ ҮНЭ ЦЭНИЙГ ЗАЛУУСТ МЭДРҮҮЛЭХИЙГ ХҮСЭЖ БАЙНА
Арван жилд байхад яагаад ч юм хар цагаан кино үзэхээр ичээд байдаг байсан юм. Дээр үеийн кино үзлээ гэж хүн хэлэх гээд байгаа ч юм шиг. Жаахан томроод ирсэн чинь юмны үнэ цэнийг мэддэг болсон. Тэр кинонууд маш гоё кино байсан.
Алтан үеийн кинонуудын дууг залууст хүргэхийн тулд насанд нь тааруулах хэрэгтэй юм билээ. Дийлэнх нь юу сонирхож байна гэдгийг анзаарах чухал. Би жаахандаа тренд дагаад тэр киног үзэхээсээ ичдэг байсан гэдэг шиг трендийг нь оруулахгүй бол яг таг хувилбараар нь оруулж болохгүй юм билээ. Он цагийн ялгаа их болохоор. Тэр трендийг нь жаахан оруулж өгөөд, киногоо бас сайн харуулаад, энэ зүйлийн үнэ цэнийг мэдрүүлмээр байгаа юм” гэлээ