Өмнөх дугаараар уншигч та бүхэнд МАН-ын “дээрмийн бүлэглэл”-ийг танилцуулсан бол энэ удаа АН болоод бусад намын “ширэн нүүртнүүд”-тэй танилцуулъя. Бидэнд буй мэдээллээр БЗС-гаас зээл авч гадаадад боловсрол эзэмшчихээд өрөө төлөөгүй энэ хүртэл удсан АН-ын арван хүн байна. Харин ХҮН намын дөрөв, бусад нам эвслийн гурван хүн буй.
“ШИРЭН НҮҮРТНҮҮД”-ТЭЙ ТАНИЛЦАХ ЦЭС
Эхэлж дурдах ширэн нүүрт бол ТЕГ-ын дарга асан, АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Хурц. Түүнийг ширэн нүүрт гэж буйн учир шалтгаан олон ч энд зөвхөн БЗС-гийн асуудлыг ярья.
Б.Хурц өөрийн төрсөн охин Х.Намууныг татвар төлөгчдийн 72.716 ам доллароор гадаадад сургачхаад одоог хүртэл өрөө төлөөгүй. “Миний охин таван жил монголд ажилласан” гэх “мангар” тайлбар хэлээд сууж байна. Өрөг.мн сайт энэ асуудлаар өнгөрсөн жилээс хойш арав гаруй цуврал мэдээ сурвалжилга, нэвтрүүлэг бэлтгэсэн. Уншигч та санаж буй бол Х.Намуун, “Өрөө төлөх эсэх нь миний асуудал. Сэтгүүлч болоод олон нийт оролцох шаардлагагүй” гэж ярьсан. Энэ бол маш том эндүүрэл. Олон нийт асуудалд оролцож, өрөө нэхэх эрхтэй.
Х.Намуун БЗС-гийн журам, шаардлагыг огт биелүүлээгүй атал аавынхаа албан тушаал эрх мэдэл доор туйлж, олон залуусын урд гишгэсэн. Тэр зээл олгох журамд заасанчлан дэлхийн шилдэгт багтах сургуульд сураагүй. Түүний эзэмшсэн мэргэжил тэргүүлэх зэргийнх ч биш. Энэ бүхнийг олон нийтэд мэдээлсэн сэтгүүлчдийг цагдаад өгчихдөг ширэн нүүртнүүд юм.
Дараагийн хүн бол АН-ын дарга Л.Гантөмөр. Тэрээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байхдаа 127.669 ам доллароор өөрийн охин Г.Хуланг гадаадад сургаад амжсан. Харин зээлийн сангийн асуудал шуугиан таримагц өрөө төлсөн юм.
АН-ын ҮБХ-ны гишүүн А.Ганбаатар. Өөрөө 32 мянган ам доллароор гадаадад сурсан. Одоог хүртэл төлөөгүй.
УИХ-ын гишүүн асан С.Баярцогт. Тэр гурван ах дүүгээ тус бүр 32 мянган ам доллароор гадаадад сургасан сайн хамаатан. Нийт 96 мянган ам.долларын өрөө одоог хүртэл төлөөгүй л байна.
НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа. Түүний авга дүү Э.Биндэръяа 70 мянган доллароор гадаадад сурсан. Эргэн төлөлтөө хийгээгүй.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа. БЗС-гаас хүү нь 105.174 ам долларыг зээлж, гадаадад сурсан ч, одоог хүртэл эргэн төлөлтөө хийгээгүй.
АН-ын гишүүн Д.Батцогт. Өөрийн охин Анударь, Номундарь нарыг татвар төлөгч та бидний 136 мянган ам доллароор сургасан. Эргэн төлөлтөө хийгээгүй.
АН-ын гишүүн Р.Гончигдорж. БЗС-гаас таван мянган доллар зээлж охиноо сургасан. Өрөө төлөөгүй.
Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өөрөө 42 мянган доллароор гадаадад боловсрол эзэмшсэн ч өрөө эс төлж, чөлөөлүүлсэн байна.
АН-ын дэд дарга О.Чулуунбилэг. Өөрөө боловсрол эзэмшихээр 16 мянган долларыг зээлээд, өрөө одоог хүртэл төлөөгүй.
ХҮН НАМЫН ГИШҮҮДЭЭС “ДЭЭРЭМДСЭН” МӨНГӨӨ ТӨЛӨӨГҮЙ ХОЁР ХҮН БАЙНА
УИХ-ын гишүүн Д.Доржханд. Тэр эхнэр У.Сийлэнг татвар төлөгчдийн 32 мянган ам доллароор гадаадад сургасан боловч эргэн төлөлтөө одоог хүртэл хийгээгүй. Харин хүү Д.Эрдэмдээ зээлсэн 33.454 ам долларын өрөө төлжээ.
ХҮН намын удирдах зөвлөлийн гишүүн С.Санасэр. Тэр 32 мянган ам долларыг зээлж, өрөө төлөлгүй чөлөөлүүлсэн байна.
ХҮН намын удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхсоёл. Тэр 32 мянган ам долларыг зээлж сураад, сургуулиа төгсөн ирсэн жилээ өрөө төлсөн сайн жишиг тогтоожээ.
БУЦАХ ХАЯГГҮЙ “ДЭЭРЭМЧИД”
УИХ-ын гишүүн асан А.Ундраа. Тэр 32 мянган ам долларыг зээлж, өрөө төлөлгүй чөлөөлүүлсэн байна.
ХХҮ-ний Ерөнхий газрын дарга асан Б.Нямдаваа. Тэр 32 мянган ам долларыг зээлж, өрөө төлөлгүй чөлөөлүүлсэн байна.
Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Батялалт. Тэр 32 мянган ам долларыг зээлсэн ч өрөө төлөөгүй.