Улс төрийн задлан нэвтрүүлгийн шинэ дугаарыг ЭНД дарж үзнэ үү
Өрөг.мн сайтын редакц Боловсролыг зээлийн сангийн асуудлаар бэлтгэж буй зургаа дахь нэвтрүүлгээ хүргэж байна. Төрийн мөнгө гэж үгүй. Татвар төлөгч та бидний л мөнгө гэж байгаа. Тэр мөнгөөр цэцэрлэг, сургууль, эмнэлэг барьж, хөгжлийг бүтээх учиртай юм. Гэтэл тэд бидний мөнгөөр үүнийг хийдэггүй. Харин өөрсдийнхөө хүүхэд, ах дүү, амраг саднаа гадаадад сургадаг. Ингээд дараа нь өрнөөс чөлөөлөгддөг. Цаашлаад бизнесээ хөгжүүлж, тансаглалдаа л зарцуулдаг. Өөрөөр хэлбэл баячуудын диваажинг жирийн хөдөлмөрч иргэд бүтээж байна гэсэн үг. Монгол Улс хөгжихгүй байгаа шалтгаан нь хөгжүүлээч ээ гээд өгсөн бидний мөнгийг идээд, уучихдагт л оршино.
Жирийн иргэдийн хүүхэд БЗС-гаас хоёр гурван сая төгрөг зээлээд, түүнийгээ төлөхгүй хэсэг хугацаа өнгөрөхөд банкны саарал жагсаалтад оруулж, шүүхэд дуудна гэж “сүрдүүлдэг” хэрнэ эрх баригчдын хүүхэд ямар хариуцлага хүлээдэггүй, толгойг нь илээд явуулдаг нь бодит дүр зураг.
Б.ХУРЦЫН ОХИН Х.НАМУУН БЗС-ГААС 72 МЯНГАН АМ ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВЧХААД ТӨЛӨӨГҮЙ
Жишээ дурдвал ТЕГ-ыг дарга асан Б.Хурцын охин Х.Намуун БЗС-гаас 72 мянган ам долларын зээл авчхаад одоог хүртэл төлөөгүй. Олон нийт түүнийг өрөө төл гэж шаардахад, “Энэ бол та нарын оролцох асуудал биш” гэх мэтээр тэнэглэж байсан удаатай. Харин түүний аав саяхан иргэн Мөнх-Эрдэнийн лайваар ярилцлага өгөхдөө, БЗС-гийн дарга асан Гарьдын гарын үсэгтэй бичиг харуулж, “Монгол Улсдаа тав ба түүнээс доошгүй жил ажилласан байхад болно” гэх хэсгийг уншиж үзүүлэв.
Уг нь Х.Намуун зээл авчхаад дэлхийн шилдэг их дээд сургуульд сураагүй. Мөн Х.Намууны эзэмшсэн мэргэжил тэргүүлэх мэргэжлийн жагсаалтад ч байхгүй. Өөрөөр хэлбэл тэр журмын шалгуур зөрчиж явсан. Зээл зайлшгүй эргэн төлөгдөх ёстой.
БЗС ЗЭЭЛДЭГЧДИЙН МЭДЭЭЛЭЛ ИЛГЭЭХДЭЭ ГАДААД ЗЭЭЛДЭГЧДИЙН МЭДЭЭЛЛИЙГ ИЛГЭЭДЭГГҮЙ
Энэ асуудалтай холбогдуулан Монгол банкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайванаас тодрууллаа. Хар, саарал жагсаалтад жирийн иргэдийн хүүхдүүд зээлээ төлөөгүй гээд орчхоод байхад, томчуудын хүүхдүүд хэдэн зуун саяар нь зээлчхээд яагаад зүгээр яваад байна вэ. Энэ асуултад тэр хариулахдаа “БЗС зээлдэгчдийн мэдээлэл илгээхдээ гадаад зээлдэгчдийн мэдээллийг илгээдэггүй. Зөвхөн дотоодын зээлдэгчдийн мэдээллийг илгээдэг. Бид тэрхүү мэдээллийг нь цааш арилжааны банк руу шилжүүлдэг” гэсэн юм.
БЗС-ГИЙН ГАДААД ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ ТАВАН ХУВЬД ХҮРЭХГҮЙ БАЙГАА НЬ ДЭНДҮҮ ЧАМЛАЛТАЙ
Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадад сурсан суралцагчдын эргэн төлөлтийг хийж чадвал, санд 370 тэрбум төгрөг төвлөрөхөөр байгаа талаар жилийн өмнө БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, доктор О.Сийлэгмаа мэдээлж байв. Боловсролын зээлийн сан яагаад зээлдэгчдээсээ эргэн төлөлтөө авч чадахгүй байгаа, ямар “но” энэ санд үүсээд буй БЗС-гийн албаны даргын түр орлон гүйцэтгэгч Б.Амарсанаагаас тодруулахад, АТГ, ЭЦА-нд гадаад зээлтэй бүх хүний мэдээлэл байгаа. Зээл тэтгэлэг авсан иргэдийг нэг бүрчлэн судалж буй учраас хугацаа маш их шаардагдана гэх тойруу хариултыг өгсөн юм.
БЗС-гийн гадаад зээлийн эргэн төлөлт таван хувьд хүрэхгүй байгаа нь дэндүү чамлалтай тоо болох талаар МАН-ын нарийн бичгийн дарга О.Батнайрамдал хэлж байна.
Тэрээр, боловсролын боломжийг хулгайлна гэдэг мөнгөөр үнэлж боломжгүй асуудал. БЗС чанаргүй зээлдэгчидтэй тулж ажиллах ёстой. Гэтэл бид яагаад үүнийг хийгээд явж байна. Ардын хүүхдийн авдаг зээлийн хэмжээ, албан тушаалтны хүүхдийн авдаг хэмжээ харьцангуй. Эргэн төлөлтийн асуудал дээр ч авдаг арга хэмжээ тэс өөр. Өөрөөр хэлбэл кастын систем бий болчхоод байгаа юм” гэлээ.