“Яруу” арт продакшны хамт олон алтан үеийн арван кино уран бүтээлийг сонгож дууг нь дахин амилуулахаар зорьжээ. Ингэхдээ орчин цагийн залуусын сонирхол, хэв маягт нийцүүлэхийг хичээж ажиллахын дээр гаднын соёлыг шүтдэг, дурладаг хандлагыг бага ч атугай халан өөрсдийн өв соёл, үнэ цэн чанарыг нэгт тавьдаг залуу үеийг бүтээх чин хүсэлтэй ажиллаж буй юм.
Энэхүү хуучныг сэргээж, моод болгох зорилго бүхий төслийн баг зургаан гишүүнтэй. Урлагийн амьдралд хэдийнээ хөл тавьж зовлон жаргалыг нь зах зухаас нь мэдэрсэн таван залуу дуучин байхын дээр сэтгэлд хоногших, дулаан хийгээд чанартай хөгжмийн зохиолуудаараа танигдаад буй хөгжмийн зохиолч, дуучин Б.Санчир багтаж байна.
Тэд эхний байдлаар “Улаанбаатарт байгаа миний аав” киноны дуу “Униар татсан уулсын дээгүүр” бүтээлийг шинэчилж цацжээ.
Дууг ЭНД дарж сонсоорой.
Үзэгч, уншигч та бүхэнд төслийн зорилго, агуулгын талаарх мэдээллийг дараах бичвэрээс авч залуу дуучидтай танилцана уу.
МОНГОЛЫН УРЛАГ БАЙЖ БОЛОХ ХАМГИЙН АРЧААГҮЙ ТҮВШИНДЭЭ БАЙНА
“Яруу арт” продакшныг үүсгэн байгуулагч Б.Санчир: Сайн байцгаана уу. Ний нуугүй ярихад амьдрал арай сайжирч, Yaruu Art продакшныг үүсгэн байгуулаад, уран бүтээлч дүү нартайгаа хамтарч ажиллаад эхэлсэн. Саяхан “Шар гэгээ” УСК-ны дууны хөгжмийг бүтээснээр салбарынхан маань ч тэр, олон нийт ч тэр намайг мэддэг болжээ. Би уг нь дуучин юм. Хөгжмийн зохиолч гэдгээр л хүмүүс таньдаг болсон байна.
Бид Монгол кино үйлдвэртэй хамтраад, албан ёсны зөвшөөрөлтэйгөөр алтан үеийн арван киноны дуугаар, дүрсийг нь зөвшөөрөлтэй ашиглаж контент бүтээж эхэлсэн байгаа.
Үнэндээ манай монголын урлаг байж болох хамгийн арчаагүй түвшиндээ байна гэж хардаг. “Би 00 орж бие заслаа, нөгөө тийш ороод хоол идлээ” гэх мэт үгтэй дууг би хиймээр байна гээд манай студийг зорьж ирэх нь олон. Яг ийм балай сэтгэхүйтэй болчихсон. Сагсалзаж самбалзсан эргүү зүйлийг бид хийхгүй. Та бид өглөө сайхан дуу сонсоод ирэхэд, бүх хүнд зам тавьж өгмөөр, бүх хүнийг хайрлаж, сайхан харьцмаар санагддаг. Урлаг ийм гоё зүйл. Стресс бухимдлаар дүүрсэн нийгмийг урлаг эмчлэх учиртай юм. Гэвч тийм түвшинд хүрдэггүй нь харамсалтай. Ийм эмзэглэл надад өмнө нь байдаг байсан болохоор алтан үеийн, хүнд ухаан хайрласан бүтээлийг залуучууд нийлж үе тэнгийнхэндээ үлдээх гэж энэ төслийг санаачилсан гэлээ.
ХААНА ХҮРЭХЭЭ МЭДЭХГҮЙ Ч УРЛАГААР ДАМЖУУЛЖ, АРД ТҮМНИЙ САЙН ХҮҮ БАЙХЫГ ХҮСДЭГ
Бид үргэлжлүүлэн The Raisins and Nuts хөвгүүдийн хамтлагийн гишүүн И.Мөнх-Эрдэнэтэй цөөн хором ярилцлаа. Монголын томоохон дууны шоунуудад оролцож, урлагийн гараагаа эхлүүлсэн тэр чанартай бүтээл гаргаж, “жинхэнэ” артист болох хүсэлдээ хөтлөгдөн өнөөдөртэй уулзжээ.
Тэрээр энэ талаар ярихдаа, “Миний хувьд гоё аялгуутай, жинхэнэ уран бүтээлд дуртай. Жинхэнэ уран бүтээлч болохыг хүсдэг гэсэн үг. Надад хуучин цагийн кино, дуу, уран бүтээлүүд яг л миний хүсэж хайдаг жинхэнэ бүтээл шиг санагддаг. Тийм ч болохоор төслийн ажилд таатай гар бие оролцож байгаа. Манай нэг найз маазардаг юм. “Миний авирч буй уулын оргил харагдахгүй байна” гээд л… Хүн гэхдээ их шуналтай шүү дээ. Одоохондоо монголдоо танигдсан сайн хүү байхыг л хичээж байна” гэсэн юм.
ШҮТДЭГ УРАН БҮТЭЭЛЧИД МААНЬ НАДТАЙ УНТАХЫГ, ЭСВЭЛ АРХИ АВХУУЛАХ ЗОРИЛГОТОЙ УУЛЗДАГИЙГ ХАРААД ГУТСАН…
Багийн өөр нэгэн өнгө болсон онцгой гишүүн бол Б.Чинзаяа. Тэр мөн дууны шоунд оролцож урлагийн гараагаа эхлүүлсэн залуу дуучин. Б.Чинзаяа урлагийн салбараас халшрах нь холгүй зүйлсийг хоёр жилийн хугацаанд мэдэрсэн ч бууж өгөлгүй өөрийн байх газраа олоод буй нь энэ аж.
Тэрээр, “Би өмнө нь Voice of Mongolia шоунд орж байсан. Тэр бол миний урлагийн гараа байсан. Дөнгөж хаалгаар нь нээж орсон гэсэн үг. Сүүлийн хоёр жилийгн хугацаанд эмэгтэй хүн болоод ч тэр үү, урлагийн салбарт их хэцүү байсан. Энэ хэдтэйгээ уулзахаас өмнө шүү дээ. Яг үнэндээ ганцаараа бүгдийг хийж чадахгүй байсан. Чаддаг байсан бол ганцаараа хийнэ. Гэвч залуус бидэнд тийм боломж үгүй.
Хүнтэй хамтрах гэхээр надаас өөр зүйл хүсэж байгааг нь би маш их мэдэрдэг байсан юм. Заавал унтаж хэвтэх ёстой ч юм шиг. Үгүй юм аа гэхэд маш өлөн хандлагатай хүн цөөнгүй. Зарим нь архи авхуулах гэж л уулздаг байх жишээний. Хүндэлж явдаг хүмүүс минь шүү дээ. Үнэхээр хэлэх үг олдоогүй. Өрөвдмөөр, ой гутмаар санагдаж байлаа. Би тэгж явахыг хүсээгүй болохоор зайгаа барьж хоёр жилийг дэмий үрсэн.
Аз болж энэ хэдтэйгээ танилцсан юм. Продакшны хүмүүстээ би маш их хайртай.
ХУУЧИН БҮХЭН ҮНЭ ЦЭН АГУУЛДАГ
Аливаа багт санаачилга, хөгжилтэй байдлаараа хошуучилж багаа амилуулдаг нэг дүр бий. Энэ багийн тэр хүн нь залуу уран бүтээлч, реппер Ц.Сонинбаяр. Тэр бидэнтэй үндэсний өв соёлын талаар ямар бодолтой байдгаа хуваалцаж, хуучин бүхэн үнэ цэн агуулдаг тухай ярьсан юм.
Тэр ярихдаа, “Би ихэнхдээ хип хоп дуу хийдэг. Дууныхаа үгийг өөрөө бичнэ. Бусдадаа дууных нь үг дээр ажиллаж тусалдаг. Энэ нь надад маш том сорилт болж байгаа. Залуус барууны хөгжим ийм, тийм гээд их шүтдэг. Мэдээж энэ огт болохгүй буруу зүйл биш. “Үндэсний зүйлдээ дуртай юм бол дээлээ өмсөж амьдар, морио унаад хотод яв” гэдэг шүү дээ. Энэ бол ташаа ойлголт. Үндэсний өв соёл гэдэг ямар ч үед нэгдүгээрт байх ёстой. Хуучны кинонууд бол яг амьдралын багш. Үүнийг бид хөрвүүлээд хойч үе, одоогийн залуучуудад хүргэх нь хамгийн чухал ажил гэж ойлгосон. Тэгэхээр бүгдээрээ үнэт зүйлээ дотроо тээж, хадгалаарай гэж хэлмээр байна” гэв.