Хумсаа хугалж, хуруугаа махийлгаж олсон таван цаасаа эрх баригчдын тансаглалд ил цагаан дээрэмдүүлчхээд, ард урд хормойгоо нөхөж үл чадан, амь зууж тэвдсээр яваа монголчууд бидний амьдрал хөөрхийлөлтэй…
МАН-ын “дээрмийн бүлэг этгээдүүд” ард түмэн бидний мөнгөөр хөл толгойгоо олохгүй наргиж цэнгэж, сурч боловсорч, хулгайлсан хөрөнгөө үрж ядан тэнэгтэж байхуйн цаана мулгуу мангараараа тавлуулж, дээш өндийх завдалгүй гурван сая хүн оршсоор, зугтсаар, дүрвэсээр л байна.
Улсын төсөвт хуримтлагдсан мөнгийг өөрийн халааснаасаа ургаж буй аятай “дээрэмдсэн”, “тоносон” асуудлын нэг бол Боловсролын зээлийн сангийн өрийн асуудал мөн. Гадаад зээлийн эргэн төлөлтийг хийхэд санд 370 тэрбум төгрөг төвлөрнө. Энэ мөнгийг цалингаас цалингийн хооронд эсхүл орлого нь зарлагаасаа хэтэрдэггүй бизнес эрхлэгчид өөрийн зорилго, хүсэл тэмүүллээ худалдан байж татвар нэрийн доор төлдөг юм. Бид хахаж цацсан баяндаа, эсвэл үнэхээр л мулгуу тэнэгтээ улсын төсвийг бүрдүүлж, дээр гарсан хар хүмүүсийг тэжээдэггүй. Эх орондоо энх тунх, тав тухтай амьдрах боломжийг чин сэтгэлдээ тээн мөрөөдөж, итгэж төлсөөр ирлээ. Үүний хариуд ердөө л хохирогч болон орхигдоод байна.
Нэг. МАН-ЫН “УВАЙГҮЙ ДЭЭРЭМЧДИЙГ” ТАНИЛЦУУЛЪЯ
МАН-аас 27 хүн өөрийн танил тал, албан тушаал, эрх мэдлээ ашиглан татвар төлөгч та бидний мөнгөөр үр хүүхэд, ах дүү, хамаатан саднаа өртөг, төлбөр өндөр гаднын оронд сургаж ирчхээд, зээлээ төлөхгүй энэ хүртэл удлаа. Энд дурдагдах хэдэн зуун саяын төгрөгийг эрх баригчид та биднээс зээлчхээд өгөхгүй байгааг дахин сануулъя.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
Ц.Даваасүрэн уншигч та бидэнд 171.797 ам долларын өртэй. Үүнийг өнөөдрийн хашаар бодож үзвэл 580 сая төгрөг болно. Тэр өөрийн төрсөн охин Д.Долзодмааг сургахын тулд залуусын сурч боловсрох боломжийг хулгайлж, сэгсэрсэн. Энэ өрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй атал УИХ-д дахин сонгогдохоор шунаж тэмүүлсээр буй.
УИХ-ын гишүүн Ш.Чинзориг
Тэр өөрийн нэг биш хоёр хүүхдэдээ “биднээс” зээл авч, гадаадад сургаад амжсан. Ш.Дэлгэрмаа, Ш.Норовдэлгэр нар тус бүр 32 мянган ам доллар буюу 108 сая төгрөг зээлчхээд мөн л өнөөдрийг хүртэл өрөө төлөхгүй унжиж сууна. Өөрийн хүүхдэдээ сайн аав ч өрөөлийн хүүхдийг цөлмөгч С.Чинзориг бидэнд нийт 216 сая төгрөгийн өртэй шүү.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
Раднаасэд Сийлэн охиноо татвар төлөгчдийн мөнгөнөөс хумсалж гадаадад сургадаг мундаг аав. Тэр 165,804 ам долларын зээлийг сангаас авсан одоог хүртэл төлөөгүй байсаар… Өөрөөр хэлбэл тэр бидэнд 560 сая төгрөгийн өртэй.
УИХ-ын гишүүн Г.Ганболд
Г.Ганболд өөрийн охин Г.Уянгыг 59.262 ам доллароор гадаад сургасан. Энэ нь монгол төгрөгөөр 200 сая төгрөг. Зээлээ төлөөгүй.
УИХ-ын гишүүн Х.Баделхан
Тэр өөрийн охид болох Галия, Арна нарыг 64.000 ам доллароор гадаадад сургасан. Монгол төгрөгөөр 216 сая төгрөг. Зээлээ төлөөгүй.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
Сурахад нас оройтохгүй гэдэг үнэн. Энэ үгийг бодит биелэл болгон дунд эргэм насны гишүүн М.Оюунчимэг ээжийнхээ боловсролд анхаараад амжсан байна. Анхаарахдаа олон зуун залуусын боломжийг “хулгайлж” авсан 22 мянган ам долларын өрөө төлөөгүй л байна.
Гадаад хэргийн дэд сайд асан Б.Мөнхжин
БЗС-гаас 16 мянган ам долларыг зээлсэн. Одоог хүртэл төлөөгүй.
Унгар улсад суух элчин сайд С.Баатаржав
БЗС-гаас найман мянган ам долларыг зээлсэн. Одоог хүртэл төлөөгүй.
ГХЯ-ны ТНБД асан Н.Анхбаяр
БЗС-гаас 32 мянган ам долларыг зээлсэн. Одоог хүртэл төлөөгүй.
Киргиз улс дахь элчингийн зөвлөх Г.Эрдэнэбат
БЗС-гаас 18.240 мянган ам долларыг зээлсэн. Одоог хүртэл төлөөгүй.
ХХААХҮЯ-ны ТНБД Т.Жамбалцэрэн
БЗС-гаас 32 мянган ам долларыг зээлсэн. Одоог хүртэл төлөөгүй.
УУХҮЯ-ны ТНБД асан Г.Нандинжаргал
БЗС-гаас 32 мянган ам долларыг зээлсэн. Одоог хүртэл төлөөгүй.
УУХҮЯ-ны ТНБД С.Магнайсүрэн
БЗС-гаас 32 мянган ам долларыг зээлсэн. Одоог хүртэл төлөөгүй.
ЭМЯ-ны ТНБД асан Ц.Эрдэмбилэг
БЗС-гаас 50 мянган ам долларыг зээлсэн. Одоог хүртэл төлөөгүй.
Нийслэлийн Засаг Даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг
БЗС-гаас 32 мянган ам долларыг зээлсэн. Одоог хүртэл төлөөгүй.
СЯ-ТНБД, БЭТ Ж.Ганбат
БЗС-гаас 32 мянган ам долларыг зээлсэн. Одоог хүртэл төлөөгүй.
ЗГХЭГ-ын дэд дарга Б.Баасандорж
Тэр өөрөө БЗС-гаас 32 мянган ам доллар, дүү Б.Батсүхдээ 32 мянган ам доллар, эхнэр Энх-Отгонд 32 мянган ам долларыг зээлж сургаад одоог хүртэл төлөөгүй байна.
УИХ-ын гишүүн асан, сэжигтэн Бадамжунай
5Ш ажиллагааны хүрээнд сүр дуулиантай баривчлагдаж ирсэн тэр өөрийн охин Оюунбилэгийг татвар төлөгчдийн мөнгөөр сургаад амжжээ. БЗС-гаас 32 мянган ам долларыг зээлсэн. Одоог хүртэл төлөөгүй.
Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг
БЗС-гаас зургаан мянган ам долларыг зээлсэн. Одоог хүртэл төлөөгүй.
Соёлын яамны дэд сайд М.Батбаяр
БЗС-гаас 32 мянган ам долларыг зээлсэн. Одоог хүртэл төлөөгүй.
Эрчим хүчний дэд сайд Н.Тавинбэх
Өөрийн охин Аминаад БЗС-гаас 192.181 ам долларын зээл авчхаад одоог хүртэл төлөөгүй байна.
БХБЯ-ны дэд сайд Э.Золбоо
БЗС-гаас 16 мянган ам долларыг зээлсэн. Одоог хүртэл төлөөгүй.
Өрөө төлсөн ба чөлөөлөгдсөн томчууд…
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр
Тэр БЗС-гаас 32 мянган ам доллар буюу 108 сая төгрөг зээлж сурсан. 2023 онд өрөө төлж тэглэсэн нь сайн хэрэг. Сонгуулийн үнэрийг авсан даа юу, сангийн асуудал шуугиан тарьсандаа юу. Ямар ч байсан төлөх шаардлага үүсээгүй бол биднээс авах зээлээ хав дарах байсан гэж шүүмжлэх олны үг ортой.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан
Л.Энх-Амгалан сайд өөрийн эхнэр, дүүгээ гадаадад сургажээ. Дүү Л.Ганбаатарт 33.500 ам долларын зээл авч өгсөн бол эхнэр М.Сэрмядагт 32.000 ам долларын зээл авч гадаад сургасан гэх. Тэд 2023 онд зээлээ төлж тэглүүлсэн. БЗС-гийн асуудал ил болж, шуугиан тарьсны дараа байдал бишдэж буйг анзаарсандаа зээлээ төлсөн ч байж магад. Сайд нь өөрөө эргэн тойрныхондоо зээл аваад өгчихсөн болохоор эргэн төлөлтийн асуудлыг хэн анхааралдаа авч тэмцэх вэ. Өнөөдөр тэр боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг хэлдэг ярьдаг гол орой нь. Цэцэрлэг сургуулийн хүртээмж, боловсролын чанар, хүртээмж гээд хөгжлийн суурь болохуйц чухал асуудлаа шийдэж ядан донсолж байж чанаргүй зээлдэгчдийнхээ өрийг төлүүлж чадахгүй байсаар… Дээрмийн олзноос өөрөө хүртсэн болохоор аргагүй биз…
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг
Тэр өөрөө БЗС-гаас 32.500 ам долларын зээл авч гадаадад сураад зогсохгүй өөрийн төрсөн эгчдээ ч боломж олгожээ. Түүнийг эгчийг Б.Оюунчимэг гэдэг. 16 мянган ам долларын зээл авсан. Монгол төгрөгөөр тооцвол 164 сая төгрөг болж байна. эргэн төлөлтөө хийж, 2023 онд тэглүүлжээ.
Таван толгой төмөр зам ХК-ийн захирал асан Н.Удаанжаргал
Тэр 32 мянган ам долларын зээлээр гадаадад боловсрол эзэмшсэн ч зэлээс чөлөөлөгджээ.
Аман дээрээ монголын хөгжил, бодлого, ард түмний амьдралыг сайжруулах тухай жил дамнан ярьдаг эдгээр улс төрчид татвар төлөгч та бидний халааснаас хулгайлсан мөнгөний нэг хэсгийг дээр дурдлаа. Эдгээр МАН-ын дээрмийн бүлэг нийтээрээ нэр дэвших хүсэлтэй буй нь тодорхой. Сонгох, шаардах эрх таны гарт…
Хоёр. ТЭРБУМААР ТООЛОГДОХ МӨНГӨНИЙ ДЭЭРЭМЧИД ТАНСАГЛАЛДАА ЖИВЖ, БОРЧУУДЫН ХҮҮХЭД САНХҮҮГИЙН ШОРОНД ХОРИГДСООР…
Нэгдүгээр хэсэгт БЗС-гийн гадаад өр зээлийн чанаргүй асуудлын талаар ярьсан бол энэ удаа дотоод зээлдэгчдийн өрийн асуудлыг дурдъя. Дотоод зээлийн эргэн төлөлтийг барагдуулбал санд 70 гаруй тэрбум төгрөг төвлөрнө.
Гадаад ч бай, дотоод ч бай зээлийн эргэн төлөлтөө хариуцлагатай хийх ёстой. Гэвч энд нэг шударга бус зүйл байна. Үүнийг тайлбарлахын тулд иргэн О-ийн кейсийг уншигч танд танилцуулъя.
Иргэн О 2020 онд БЗС-гаас нэг семистрийн буюу хоёр сая төгрөгийн зээл авчээ. Төгссөнөөс хойш эхний таван сардаа зээлээ төлөөд 3-4 сар зээлийн эргэн төлөлтөө хийлгүй хариуцлага алдсан. Ингээд О ажиллаад хэдийн зургаан сар өнгөрсөн байсан учир сангийн өрөө төлөхөөр арилжааны банкнаас зээл авах хүсэлт гаргасан юм. Гэсэн ч зээлийн ангилал чанаргүй буюу, саарал жагсаалтад орсон учраас зээлээ төлж чадахгүйд хүрсэн байна. Улмаар сүүлд зээл төлснөөс зургаан сарын дараа, БЗС-гаас утас цохиж шүүхэд дуудна шүү гэх мэдэгдэл өгсөн. Иргэн О одоог хүртэл зээлээ төлөөгүй. Сарын нэг сая таван зуун мянган төгрөгийн цалингаараа амь зуух хэрэгцээгээ хангаад таардаг аж.
Юу нь шударга бус гэж?
Томчууд болон тэдний хүүхдүүд хэдэн зуун саяар нь зээл авч боловсрол эзэмшчихээд огтхон ч хариуцлага хүлээдэггүй. Тэр битгий хэл “зээлээ төлөхгүй, албагүй, зээл биш, тэтгэлэг байсан” гэх мэт үгсээр сэтгүүлчдийн амыг таглаж, “намайг гүтгэлээ” гэж гоншигносоор цагдаагийн шүүхийн байгууллагад ханддаг нь нийтлэг дүр зураг болсон байна. Дотоодын зээлдэгчдээ санхүүгийн шоронд хорьдог шигээ, томчуудын хүүхдүүдэд ч арга хэмжээ авдаг байх нь шударга явдал мөн.
Гурав. БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГ ЦӨЛМӨГСДИЙН ТАЛААР ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ О.СИЙЛЭГМАА ЮУ ЯРИВ
БЗС нь 2016 онд нэрээ өөрчилсөн. 1993 онд анх Сургалтын төрийн сан нэрээр байгуулагдсан юм. Анхны зорилго нь л шалгуур хангаж элссэн, санхүүгийн боломжгүй суралцагчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулагдсан байдаг. Гадаадад зээлээр сургаж буй явдал сүүлд олон нийтийн анхаарлыг татаж эхэллээ. Энэ нь 1997 оноос хэрэгжиж эхэлсэн. 1997-2020 он хүртэл нийт 2370 сурагчийг гадаадад зээлээр сургах ажил хийсэн гэсэн үг. Үүнийг хоёр хэсэгт хуваагаад ойлгочихвол арай цэгцтэй.
Нэгдүгээрт, 1997-2020 онуудад магистр, докторын зэргээр өндөр хөгжилтэй орны гэж нэрлэгддэг сургуулиудад 1947 суралцагч, 2010-2020 онд дэлхийн шилдэг их сургуульд бакалаврын хөтөлбөрөөр 421 суралцагч суралцсан. Ялгаатай хөтөлбөрүүд ч гэсэн нийтлэг зүйл нь хоёулаа зээл.
Зээлээр гадаадад суралцагчдын 80 хувь нь зөрчилтэй
Боловсролын зээлийн сангийн үйл явцыг гуравхан хэсэгт хувааж болно. Нэгдүгээрт сонгон шалгаруулалт , хоёрдугаарт суралцах явц, гуравдугаарт эргэн төлөлтийн асуудал буюу төгсөлтийн дараах үйл явц. Гэтэл гадаадад суралцагчдыг материалыг харахаар 80-аас дээш хувийн зөрчилтэй байна. Өөрөөр хэлбэл Засгийн Газраас тогтоосон мэргэжлээр сургаагүй. Ялангуяа зээлээр суралцах шалгуурыг нь хангаагүй. Сурч байгаа сургууль нь ч дэлхийн шилдэг сургуулиудад багтаагүй байдаг. Энэ асуудал 2016 оноос хойш нэлээн гаарсан юм билээ. Зөвхөн дэлхийн шилдэг их дээд сургууль гэж нэрлэгдэж байгаа сургуульд сурч байгаа хүүхдүүдийн судалгааг аваад үзэхээр мэргэжил болон сургуулийнх нь зөрчил 93 хувьтай байна. Засгийн газар, УИХ-аас яах гэж Боловсролын зээлийн сан дээр дүрэм журам байгуулдгийг нь би гайхаад байна. Мөрдөх гэж баталдаггүй юм шиг байгаа юм. Үе үеийн сайд дарга нараас би асуумаар санагддаг. Энэ дүрэм журмаа та бүхэн уншиж судалдаг уу гэж.