Ж.Питер Морроугийн нэрэмжит Хаан банкны олимпиад 11 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж, өнгөрсөн Баасан гарагт шилдгүүдээ тодрууллаа.
Банк, санхүүгийн чиглэлээр 3, 4-р курст суралцаж буй оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус олимпиад уламжлал ёсоор багийн болон ганцаарчилсан 2 ангилалд болж, төрийн болон хувийн хэвшлийн 7 их, дээд сургуулийн 13 багийн 60 гаруй оюутан оюун ухаанаа сорин өрсөлдсөн юм.
Энэ жилийн хувьд олимпиад банкны менежмент, зээлийн шинжилгээ, өгөгдлийн шинжилгээ, банкны нягтлан бодох бүртгэлийн цогц бодлого, эрсдэлийн менежмент, банкны тухай хуулийн сэдвийн хүрээнд явагдсанаас ганцаарчилсан төрөлд тэргүүн байрт СЭЗИС-ийн “Hocus Pocus” багийн гишүүн М.Номин-эрдэнэ, дэд байрт СЭЗИС-ийн “Diamond” багийн гишүүн Н.Мөнхмандах, гуравдугаар байрт МУИС-ийн “Assetify” багийн гишүүн Г.Оюунбилэг нар шалгарлаа.
Мөн ганцаарчилсан төрөлд хамгийн өндөр оноо авсан 3-р дамжааны оюутанд олгодог “Онцлох оюутан” шагналыг СЭЗИС-ийн 3-р дамжааны оюутан Н.Мөнхмандах авлаа.
Харин багийн төрөлд СЭЗИС-ийн “Diamond” баг тэргүүн байрт шалгарч шилжин явах цом, өргөмжлөл, 3 сая төгрөгийн эзэд болсон бол МУИС-ийн “Assetify” баг дэд байрт шалгарч мөн цом, өргөмжлөл, 2 сая төгрөгийн эзэд боллоо.