Улс төрийн задлан нэвтрүүлгийн ээлжит дугаараар Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-Урилга хүлээн авсан танд баярлалаа. 2024 оны УИХ–ын сонгуулийн ярианы гол сэдэв С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэг болж байх шиг байна. Таныг Хууль зүйн сайдаар ажилласан хоёр жил зургаан сарын хугацаанд энэ хэрэг ямар шатанд байсан бэ?
-Яг тухайн үед Хууль зүйн сайдад энэ хэргийн талаарх мэдээлэл хомс байсан. Яагаад гэвэл намайг томилогдохоос өмнө С.Зоригийн амь насыг бүрэлгэсэнтэй холбоотой хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагааны ажлын хэсэг болон тэр мөрдөлтийн үйл явцыг Хууль зүйн сайдын эрх мэдлээс татан авчихсан прокурор дээр төвлөрүүлчихсэн байсан. Тиймээс Хууль зүйн сайд бол энэ талаарх мэдээлэл хомс. Нөгөөтэйгөөр хэргийн мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд Засгийн газрын гишүүн оролцох эрх хэмжээ ховор, бага. Манайх тогтолцооны хувьд дэлхий нийтийн жишгээс гажууд тогтолцоотой. Бусад улс оронд гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг өөрөө Засгийн газрын буюу гүйцэтгэх эр мэдлийн үндсэн чиг үүрэг байдаг. Монгол Улсын Үндсэн хуульд ч гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг өөрөө Засгийн газрын буюу гүйцэтгэх эрх мэдлийн чиг үүрэг гэж бичсэн боловч тэр гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг дотроо 3, 4 юм байгаа. Хамгийн эхлээд мэдээжийн хэрэг борооны дараа цув гэдэг шиг гэмт хэрэг гарсны дараа орилолдож хашхиралдахаас илүүтэйгээр гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх бодлогууд нь илүү цэгцтэй зөв явах ёстой. Хоёрт, гэмт хэргийг таслан зогсоох. Нэгэнт гарч байгаа гэмт хэргийг өө энийг гараад дуустал нь гэж хүлээхээс илүүтэйгээр тэр гарч байгаа үйл явцыг мэдсэн л бол нэн даруй таслан зогсоох ёстой. Хохирогчийн эрхийг хамгаалах ёстой. Гэмт хэрэгтний үйлдлийг зогсоогоод зогсохгүй түүнийг аюулгүй байлгах ёстой. Гуравт, нэгэнт гэмт хэрэг гарсан, үйл явц болсон бол түүнийг мөрдөн шалгах, олж тогтоох, нөхцөл байдлыг тодорхойлох. Энэ нөхцөл байдлаа тодорхойлсон бол буцаагаад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон таслан зогсоох үйл ажиллагаа илүү идэвхтэй зөв зохион байгуулалт үр дүнтэй болгохын тулд ямар ажил хийх вэ гээд тэр зүйлээ харах ёстой. Дөрөв дэх хамгийн чухал чиг үүрэг юу вэ гэхээр үүнийг яллах, буруутгах, хуулийн хариуцлагыг нь ийм баймаар байна гэдэг саналыг шүүх рүү явуулах ёстой.
С.ЗОРИГ АГСНЫ ХЭРГИЙГ БУДЛИУЛДАГ ЗАЙМЧУУЛДАГ ГОЛ АЖЛЫГ Ц.НЯМДОРЖ ХИЙДЭГ БАЙСАН
–Тухайн үед Ерөнхий прокурор нь Д.Дорлигжав гуай байсан уу?
-Тухайн үед Ерөнхий прокурор нь Д.Дорлигжав байсан. Яг миний өмнө Хууль зүйн сайд нь Ц.Нямдорж байсан. Энэ хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах үйл ажиллагааны хамгийн их будлиулдаг займчуулдаг гол ажлыг хийдэг хүн нь энэ хүн гэдэг ойлголт хуулийнхан дотор тогтчихсон байсан.
–Ц.Нямдорж гуайг хэлж байна уу?
-Тийм. Яагаад гэвэл улс төрийн сэдэв болоод байгаа тэр үйл явцаас өмнө миний санаж байгаагаар 2004 оны сонгуулийн өмнө Ц.Нямдоржийн хэлсэн өөрийнх нь үг байдаг шүү дээ. АН-ыг намын даргагүй сонгуульд орохыг харна аа гэдэг ийм үгтэй. Тэр үгийг яагаад хэлсэн бэ гэхээр Францаас Дамирангийн Энхбат гэдэг хүнийг хулгайлах гэж зарим хүмүүс тэгж үзэж, Монгол Улс манай нутаг дэвсгэр дээр хууль сахиулах үйл ажиллагаа явуулж, манай улсын зөвшөөрөлгүйгээр хүн хулгайлж хил давуулж авч явлаа гэдэг нот бичиг болон үг яриа тэр үед гарсан. Тийм үйлдэл хийгээд Д.Энхбат гэж хүнийг авчраад С.Зоригийн гэмт хэргийг захиалсан хүн нь М.Энхсайхан. Гүйцэтгэсэн нь би. Эсвэл би үүний холбогч нь байсан юм аа гэж хэл гэдэг ийм зохиол бичээд энэ зохиолынхоо үр дүнд хүрэхийн тулд тэр хүнд эрүү шүүлт тулгаж амь насыг нь бодитойгоор бүрэлгэсэн. Ганц тэр хүнийг биш энэ үйл явцыг ил болгосон өмгөөлөгчийг Санжаасүрэн гуайг хэргийн нууц задалсан гээд шоронд хүртэл хийсэн үйл явц болсон. Энэ зохиолыг бичилцэж гол улс төрийн дэмжлэг үзүүлсэн хүн нь өөрөө тэр үеийн Хууль зүйн сайд байсан Нямдорж гэдэг хүн. Энэ хүн С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудал дээр байнга хувийн сэдэлтэй юм шиг оролцдог. Нэг бол ингэж зохиол бичиж хэн нэгэнд тохох гэж оролддог юм байна. Эсвэл мөрдөн шалгах үйл ажлын хэсгийг байнга задалж буталж зарим сэжүүрийн араас явахаас татаж хойшлуулдаг юм байна гэдэг.
–Хэргийг чиглүүлдэг гэв үү?
-Тийм. Хэргийг ийшээ явуулахгүй ийшээ явуулья гэдэг зорилтот чиглүүлгэтэй байнга ажилладаг юм байна гэдэг хэл ам, ойлголт хуулийнхны дунд маш түгээмэл байсан. Түүнээс болгоомжилсон байх. Яагаад гэвэл Дорлигжав, Ц.Нямдорж гэдэг хүн хоёулаа Увсынх. Нөгөө Увс хүн гэдэг шиг энэ аймгийн улс төрчдийн хувьд бол аль нам байхаас үл шалтгаалаад амь нэгтэй байдаг. Нөгөө талаасаа Дорлигжав гэдэг хүний Эрдэнэттэй холбоотой хэргийг хамгийн их цэвэрлэж тусалсан хүн нь энэ Ц.Нямдорж гэдэг хүн гэдэг яриа өгүүлэмжүүд маш их байдаг. Үүнээсээ шалтгаалаад Ерөнхий прокурор, Хууль зүйн сайд хоёр энэ хэргийн мөрдөлтийг утгагүй болгож магадгүй юм байна гэдэг болгоомжлолоос болоод татаад авчихсан юм болов уу гэж би хардаг.
–Хэн татаж авах уу?
-Бас л дахиад бодит кейс. Нэг хүн албан тушаалаа урвуулан ашигласан буюу албаны байдлаараа гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн байна. Нэг хүнийг цагдаагийн байгууллагаас халсан. Ийнхүү халахад тэр хүн С.Зоригийн хэргийн ажлын хэсэгт орсон ажилтан байсан. Тухайн үеийн Ерөнхийлөгч тэр үед дуудаад чи яагаад миний зөвшөөрөлгүй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдэгдэхгүйгээр энэ ажлын хэсэгт байсан албан хаагчийг халж байгаа юм бэ гэдэг зүйл ярихад анх удаа би “Аан нөгөө С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гээд байгаа хэргийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр татаж аваад Ерөнхийлөгчийн хамаарлын түвшинд авчирсан юм биш үү” гэдэг дүгнэлт хийж байсан.
–Тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан даа.
-Мэдээжийн хэрэг. Тэгээд яг ийм байдлаар татаж авсан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ийм байдлаар энэ хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагаа хянаж байгаа, баримжаалж чиглүүлж байгаа гэдэг ямар нэгэн албан ёсны бичиг баримттай би танилцаагүй. Гэхдээ тийм үйл явдал фактын дараа юу гэж харж байна вэ гэхээр энэ бол цагдаагийн эсвэл тагнуулын чиг үүргийн ажил гэхээсээ илүүтэйгээр арай өөр түвшинд татаад авчихсан юм байна. Тэнд бодогдсон хамгийн эхний эргэлзээтэй бодол нь ямар хууль зүйн үндэслэлээр гээд миний асуусан л асуулт шүү дээ. Ямар хууль зүйн үндэслэл, ямар хуулийн зүйл заалтаар яагаад тодорхой хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагааг улс төрчийн институц татаж аваад ямар нэгэн хяналт юм уу чиглэл, бодлогын хамаарал дотор байлгаж байгаа юм гэдэг эрүүл логикоор асууна шүү дээ.
–Уучлаарай, би дахиад тодотгоод асууя. С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг шалгаж байсан ажлын хэсэг дотор хүн ажлаасаа чөлөөлөгдсөн юм байна. Тэр хүнийг яагаад чи ажлаас нь чөлөөлчихөв гэж Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч таныг дуудаж уулзахдаа хэлсэн юм бэ? Зөв үү?
-Яах вэ, тиймэрхүү үйл явц болж байгаа юм.
–Аливаа гэмт хэрэг Хууль зүйн сайдад хамаагүй. Хөндлөнгөөс хэн нэгэн нөлөөлөх боломжгүйгээр аливаа хэргийн процесс явж байх ёстой. Гэтэл яагаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, тэр дундаа Ерөнхийлөгч энэ хэргийг хамаарч байсан юм бол?
-Мэдэхгүй. Би бол ямар нэгэн баримт, хууль зүйн үндэслэлтэй тэр цаасыг үзээгүй учраас яагаад гэдэг энэ хоосон асуулттай цуг үлдэж байгаа юм. Тухайн үед зүгээр улс төрийн нөхцөл байдлыг нь болон ерөнхий хандлагыг нь харахаар Дорлигжав, Ц.Нямдорж гэдэг хоёр хүнээс энэ хэргийг хол байлгах гэсэн оролдлого нь энэ зүйл рүү явуулсан юм болов уу гэж би хувьдаа харж байсан.
С.ЗОРИГ АГСНЫ ХЭРЭГ УЛС ТӨРИЙН ОНОО АВДАГ СЭДЭВ БОЛГООД ХУВИРЧИХСАН
–Хэргийг тухайн үеийн орлогч прокурор Эрдэнэбат хариуцаад хэрэгт хяналт тавиад явж байсан. Эрдэнэбат прокурорын хувьд прокуророор ажиллаж байсан ямар нэгэн туршлагагүй, шууд орлогч прокурор болоод энэ хэрэг дээр ажилласан шалтгаан нөхцөлийг та юу гэж харж байсан бол?
-Ер нь бол хуульчийн ажил, прокурор бол нийтийн ашиг сонирхлыг төлөөлж яллах үйл ажиллагаа явуулж байгаа л мэргэжилтэн шүү дээ. Прокурорын үндсэн ажил процесс буюу хэрэг мөрдөн шалгах үйл ажиллагааг хуулийн зарчмуудын дагуу хуульд заасан арга хэлбэрээр явуулахад нүдээрээ хараад мэргэжлийн арга зүйгээрээ туслах зориулалттай тийм л мэргэжилтэн. Нөгөөтэйгөөр өөрийнхөө нэрээр, өөрийнхөө эрх мэдлээр шүүх рүү авч орж, гэмт бурууг нотлох үүрэгтэй албан тушаалтан. Тиймээс энэ бол мөрдөгчтэй адилхан Шерлок Холмс гэж ярьдаг шиг хэрэг илрүүлэлтийн баримтыг нэхдэг тийм мэргэжилтэн ерөөсөө биш. Энэ бол цэвэр хуулийн ажил. Энэ цэвэр хуулийн ажлыг тусгай дагнасан хүн хийх ёстой гэдэг биш. Үүнийг хуульч л хийх ёстой. Тэр хүн өмгөөлөгч, шүүгч, прокурор байна уу ялгаагүй энэ өрөө хуулийг нэг мөр Үндсэн хуулийн агуулга дотор хэрэглэх тухай яриа. С.Зоригийн амь насаа алдсантай холбоотой хэргийн мөрдөн шалгах үйл явцыг концевцийн хувьд өнгөрсөн хорин хэдэн жилийн хугацаанд нэг алдаатай мөрдлөгийн чиглэл байсан. Тэр чиглэл нь юу байсан гэхээр энэ хэргийг ямар хүн үйлдэв. Үйл баримт хэн рүү чиглэж байна. Үйл баримтыг сэргээгээд баримтжуулах гэж оролдох юм бол сэжиг таамаг хаашаа явах уу гэж харахаасаа илүүтэйгээр үүнийг хэн захиалсан байж болох уу, захиалагч нь хэн байж болх уу, энэ улс төрийн зорилготой байх ёстой. Улс төрийн зорилготой байх ёстой учраас хэн рүү энэ нь очих уу гэнгүүт энэ нь улс төрийн өрсөлдөгч нарын нэгнээ намнадаг, улс төрийн оноо авдаг сэдэв болгоод хувирчихсан. Гэмт хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаа хэзээ ч давж улс төрийн бодлогоор эсвэл захиалагч нь хэн бэ гэдэг наад талын нэг, хоёрдугаар алхмаа хийгээгүй байж гурав, дөрөв дэх алхам руугаа үсэрч очдог логиктой үйлдэл ерөөсөө биш. Хэргийг илрүүлье л гэж байгаа бол хамгийн түрүүнд ийм үйл явдал болсон байна. Энэ үйл явдал хэнтэй холбоотой, энэ үйлдлийг хэн хийв. Энэ хүн хийсэн байна. Энэ хүн ямар сэдлээр хийв. Ардаа захиалгатай байсан байна. Тэгвэл захиалагч нь хэн бэ гэдэг энэ дэс дарааллаар явдаг. Олсны үзүүрээ аваад түүнээс цаашаа мөрдөх ёстой байтал олсны нөгөө үзүүр тэнд байгаа байх гэж таамаглаад ийш тийшээ үсчээд байдан ажил ерөөсөө биш шүү дээ.
–Яг таны хэлсэн систем С.Зориг агсныг хөнөөсөн гэх хэрэгт сэжиглэгдэж ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар дээр болсон мэт сая харагдаж байна л даа. Хорьж байгаад хорьсных нь дараа гүйцэтгэх ажиллагаа явуулаад хорьсон байхдаа тэр хүмүүсийг эрүүдэн шүүх ял тулгах ийм процессууд явагдсан нь хэдэн жилийн дараа нотлогдлоо шүү дээ.
-Яах вэ, улс төрийн зорилготойгоор засаж олон нийтэд ил болгосон нь л энэ. Үүнээс аймшигтай эрүү шүүлтийн тухай мэдээ, баримтууд ХЭҮК-ийн жил болгон УИХ-д өргөн барьдаг тэр тайланд байгаа.
ЭРҮҮ ШҮҮЛТЭД ӨРТӨХДӨӨ УУРЫН ЗУУХАНД ДОЛОО ХОНОГ ГАВЛАГДСАН ХҮНИЙ ТУХАЙ БАРИМТ БАЙНА
–Эрүүдэн шүүхгүй байх энэ тогтолцоог яагаад байлгаад байгаа юм бэ?
-Одоо би яг наадахыг чинь ярих гэж байна. Эхлээд фактыг нь яриадхая. Жишээ нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа гээд хоёр иргэнтэй холбоотой асуудал 2015 онд болсон байна. Гэтэл 2012, 2013 онд УИХ-д ХЭҮК-оос өргөн барьсан хүний эрхийн дүгнэлтүүд дотор юу байна гэхээр хүнийг цагдаагийн мөрдөн шалгаж байгаа байгууллагын цонхоор шалгаж байгаа хүнээ хөлөөс нь бариад толгойгоор нь дүүжилсэн тухай баримт байна. Саяны үйл явдлаас хамаагүй аймшигтай үйлдэл тэнд байгаа биз. Тэнд эрүү шүүлтэд өртөөд нүд нь сохорсон хүний тухай баримт байна. Тэнд эрүү шүүлтэд өртөхдөө уурын зууханд долоо хоног гавлагдсан хүний тухай баримт байна. Гэтэл энэ баримтуудыг зүгээр байдаг юм шиг уншаад өөрсдөдөө хэрэгтэй баримтыг болохоор байж боломжгүй юм шиг сэвж байгаа энэ нөхцөл байдлыг бид бодитойгоор харах ёстой.
Энэ хүнийг эрүүдэн шүүсэн хүмүүс хэн бэ гээд нэр улс, албан тушаал, ямар байгууллагын хүмүүс вэ гээд гараад ирсэн. Энэ хүмүүсийг шоронд хийх ёстой. Эрүү шүүлт Монгол Улсад гэмт хэрэг. Монгол Улсын Үндсэн хуульд эрүү шүүлтээс ангид байх гээд иргэний үндсэн эрх байна гэсэн чинь энэ хүмүүс гэмт хэргийн субьект биш. Яасан гэхээр зөвхөн цагдаагийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүний зодсон эрүүдсэн бол гэмт хэрэг мөн. Эрүүгийн төлөөлөгч, тагнуулын албан хаагч АТГ-ын байцаагч энэ хүмүүс энэ үйлдлийг хийсэн бол болно. Прокурор, шүүгч үүнийг хийсэн бол гэмт хэрэг биш ийм хуультай. Нөгөө цээжээ дэлдээд энэ Т.Чимгээ, Б.Содномдаржаа гэдэг хүмүүсийг ямар аймаар эрүүдэв ээ гээд сүүлчийнхээ цамцыг ураад байгаа Ц.Нямдорж гэдэг хүний өөрийнх нь бичсэн хууль ийм. Энэ хуулиа өөрчилдөггүй. Санаачилга гаргадаггүй, энэ хуулийнхаа тухай юу ч ярьдаггүй. Бид ардчилсан нийгэмд шилжсэн. Өөрийгөө ардчиллын алтан хараацай гэж үзэж байгаа юм бол ийм угшсан коммунист арга барилаар хэрэг илрүүлэх үйл явцыг дэмжиж болохгүй шүү дээ.
–Уучлаарай та Ц.Элбэгдорж гуайд хэлсэн үү?
-Мэдээжийн хэрэг. Тухайн үед тийм л хүн байсан.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СУУДАЛ БОЛ ЧӨТГӨРИЙН СУУДАЛ
–Яагаад Ерөнхийлөгч байн байн л Хууль зүйн сайдыг дуудаад ажлыг нь заагаад ажилд нь оролцоод байдаг байсан юм бэ?
-Ер нь манай Ерөнхийлөгчийн суудал бол чөтгөрийн суудал шүү дээ. Багабанди ч ийм байсан. Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж ч ийм байсан. Х.Баттулга ч ийм байсан. Х.Баттулгын үед хэдэн хүн шоронд оров бүгд мэдэж байгаа. Өнөөдөр У.Хүрэлсүх ч ийм болж байгаа. Энэ өөрөө чөтгөрийн суудал. Яагаад би чөтгөрийн суудал гэж хэлж байна гэхээр тэнд очсон хүмүүс өөрсдийгөө тойрон хүрээлсэн хийсвэр бөмбөлөг дотор орчихдог. Өөрийгөө мөрдөстэй хүн болгоны дарга гэж боддог. Уг нь Үндсэн хуулиар зөвхөн батлан хамгаалах үйл ажиллагаатай холбоотой. Хэрвээ дайны байдал үүсвэл армийн Ерөнхий командлагч гэж байгаа болохоос биш хууль сахиулдюаг гэмт хэрэгтэй тэмцдэг байгууллагад падлий байхгүй хүн шүү дээ. Гэтэл нөгөө хууль сахиулдаг тэр байгууллагад генерал цол өгдөг. Мөрдөстэй учраас би мэдэж байна гэдэг ардчиллын гажуудал чинь тэр хүмүүсийг юу болгож хувиргасан гэхээр “Аан би чинь тушаалаар ажилладаг доороо бүтэн армитай хүн чинь хэнд ч юу ч хийж болох юм байна” гэдэг. Хоёрт, шүүгч, Ерөнхий прокурорыг томилдог энэ эрх мэдэл нь “Аан би гэмт хэрэгтнүүдийн хувь заяаг шийдэх хэмжээний том хаалганы эзэн байна шүү дээ” гэж боддог. Тэр үедээ Н.Энхбаярын анхны зохиосон зохиол байсан АТГ-ыг Ерөнхийлөгчид хамааруулсан. Тэгэхээр шүүдэг, ялладаг, мөрддөг гурван байгууллагын гурвууланг нь нэг хүн томилох хэмжэний эрх мэдэлтэй болно гэдэг чинь нөгөө хонгил чинь үүсэж байгаа байхгүй юу. Тэгж ойлгодог байсан. Тиймээс ганц Ц.Элбэгдорж дээр ч биш.
–Хэргийн хувь заяаг тэгэхээр үе үеийн Ерөнхийлөгч нар мэддэг, зохицуулах ийм системтэй л байгаад байгаа юм байна шүү дээ?
-Тийм. Одоо ч гэсэн байгаа.
Яаж өөрчлөх юм бэ?
Ер нь бол нэг ийм зарчим байдаг. Улс төрд 30 жил ноёлж байна.