Монголд боловсролтой сонгогчид цөөн гэж ярих хүн олон бий. Ихэнх нь саналаа хэдэн төгрөгөөр хэнд худалдах вэ гээд сууж байдаг дүр зураг эрх биш өөрчлөгдсөн гэж найдаж байна.
Өнгөрсөн сонгуулийн үеэр Д.Тогтохсүрэн тойрогтоо мөнгө, “Оргил”-ын Ж.Ганбаатар чихэр, Н.Учрал боов тарааж, А.Адъяасүрэн хивс бэлэглэсэн нь өглөгч, өгөөмөр зангийн илрэл огт биш. Гэвч тэдний авлигыг, хишиг гэж андууран өвдөг сөхрөөд авах хүн ч багагүй. Ийм сонгогчдод бидний ирээдүйг шийдэх эрхийг энэ удаа олгомооргүй байна. 2020 онд Нийслэлийн Иргэдийн хурлын сонгуульд МАН-аас нэр дэвшигч Ж.Батбаясгалан тэргүүтэй хүмүүс БГД-т мөнгө тарааж байгаад баригдсан бичлэг цахим сүлжээнд цацагдаж байв. Тэд эрхээ хасуулах нь битгий хэл эрх ямба эдэлж, Хангарьдын хойморт заларсаар дөрвөн жилийг ардаа үдлээ. Хэн попорно, тэр “томорно”. Монголд мөнгө тараасан нь ялж, бодлого ярьсан нь ялагддаг жишиг тогтсоны гороор бид өвчин, стресс, ядууралд боолгуулан амь зууж байгаа.
Өөрчлөлт шинэчлэл бол оролцоо юм. Өөрийнхөө амьдралын төлөө хуруугаа хөдлөхгүйгээр сайн, сайхан ирээдүйн тухай мөрөөдөөд ч хэрэггүй.
1992 оны шинэ Үндсэн хууль батлагдсан цагаас хойш Монголд парламентын сонгууль найман удаа, Ерөнхийлөгчийн сонгууль мөн найман удаа, ИТХ-ын сонгууль долоон удаа болжээ. Гэтэл сонгогчдын 1992 оны ирцийг 2020 оныхтой харьцуулахад 21.96 хувиар буурсан гэх үзүүлэлт байна. Үндсэндээ, сонгуульд оролцох залуусын идэвх оролцоо бага, ялангуяа 20-24 насныхан хамгийн бага ирцтэй оролцдог нь судалгаагаар тогтоогдсон. 2021 оны байдлаар Монгол Улсад сонгуулийн насны хоёр сая 40 мянган иргэн бүртгэгдсэний 44 хувь нь 18-34 насны залуучууд. Өөрөөр хэлбэл, сонгуульд залуусын эзлэх хувь өдөр байна.
Гэтэл сонгуульд 18-35 насны залуучуудын гурван хүн тутмын нэг нь саналаа өгдөггүй бол эсрэгээрээ 55-аас дээш насны сонгогчдын ирц 80-95 хувьтай гардаг. Ахмад настнуудын оролцоо тогтмол өндөр байдаг нь өнгөрсөн найман удаагийн сонгуулийн үр дүнд нөлөөлж ирсэн. Ээж, аав, эмээ, өвөөгийнхөө тэтгэврээр амьдардаг “шимэгч” залуус ахмадуудын сонгосон “алдаатай” нийгэмд амьдрахаас аргагүй.
Хоёрхон сарын дараа болох УИХ-ын ээлжит сонгууль бол уншигч та бүхний идэвхтэй оролцох ёстой, ирээдүйгээ өөрийн гараар зурах том БОЛОМЖ.