Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын “13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн” viber чат ил боллоо. Энэ талаар өчигдөр ЦЕГ-аас мэдээлж баримт дэлгэсэн юм. Мэдээллийн үеэр олон нийтэд харуулсан тэдний Viber чат олны бухимдлыг төрүүлж, талцуулаад байна.
Тус чатад Ц.Элбэгдорж, П.Цагаан руу “Цагалбарын дансанд байгаа 13 саяыг хөдөлгөх хэрэг гарлаа. Гаргаж авах асуудалдаа хянуур хандаарай. Их хэмжээний мөнгө гаргаж байгаа болохоор асуудал үүсгэж магадгүй. Сонгуульд ашиглах учир цэвэрхэн хиймээр байна” гэжээ.
ЦЕГ: Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж нь 2019 оны есдүгээр сарын 19-нд арилжааны банканд долларын хугацаатай хадгаламж болон цахим банкны үйлчилгээ авах гэрээ байгуулсан байдаг. Хугацаатай хадгаламжийн бүртгэлд Ц.Элбэгдорж нь дээрх гэрээнүүдийг байгуулахдаа “Ачит ихт” компанийн хувьцаа эзэмшигч гэж бүртгэгдсэн байна. Түүнчлэн цахим банкны үйлчилгээ авах гэрээ байгуулахдаа мөн “Ачит ихт” компанийн хувьцаа эзэмшигч гэж бүртгүүлсэн байна. Дээрх мэдээлэлд гарын үсэг зурж баталгаажуулсан нь хэрэгт авсан баримтад байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
Харин үүний дараагаар Ц.Элбэгдорж Х хуудаснаа, “Оюун-Эрдэнэ хууль бус үйлдэл хийсээр. Хаанаас, хэн, юуны учир шахаад байгаа юм бол? Даалгаврыг биелүүлж буйгаа харуулахын тулд улсаа ингэж хөлдөө чирэх хэрэг байна уу! 1. АТГ шалгаж алдаа гаргасан талаас тодорхойлолт, мэдүүлэг авч эцэслэн шийдсэн. Хэрэгсэхгүй болсон. 2. Хайран хуулийн байгууллагын нэр хүнд. Хүүхдүүд ийм юм хийж явуулжээ” гэсэн юм.
Тэдний бичсэн мессеж эвлүүлэг мөн эсэхэд олон нийт эргэлзэж, талцсаар байгаа ч цагдаагийн байгууллага худал мэдээлэл тараахгүй гэсэн олон нийтийн хандлага давамгайлж буй. Энэ талаар ЭЦА-наас тайлбар өгөхдөө: Хоорондоо харилцсан мессежтэй холбоотой асуудал бол энэ сарын 12-ны өдөр Ачит Ихт ХХК болон, хамаарал бүхий иргэдийн оройн байранд нэгжлэг хийж, шалгалтын ажиллагаа явуулахад илэрсэн баримт. Үүнийг П.Цагаан өөрөө гаргаж өгөөгүй гэсэн юм.