Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар төрөөс 48 тэрбум төгрөг нэхэмжлээд буй. Тэдний нэхэмжлэлийг яагаад татвар төлөгчид төлөх ёстой вэ гэх асуулт олон нийт дунд бий. Бид энэ асуудлаар ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонготой ярилцлаа.
Нэхэмжилж байгаа 48 тэрбум төгрөг яг бодитой дүн юм уу? Хурц, Эрдэнэбат тэргүүтэй хүмүүс тэрхүү нэхэмжлэлийг төлөх ёстой гэж иргэд үзэж байна. Яагаад бид төлөх ёстой юм бэ?
-Иргэн Т.Чимгээгийн зүгээс Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар өөрөө мэдээлэл өгсөн. Улмаар 48 тэрбум төгрөгийг нэхэмжилж байгаа гэсэн тоо гарсан юм. Гэхдээ нэхэмжилж байгаа үнийн дүнгийн асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Энэ бол Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэгдэх ёстой асуудал. Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйл дээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх нь зөрчигдсөн иргэдийн хохирлыг барагдуулахтай холбоотой тусгайлсан бүлэг байдаг. Үүнд холбогдох хохирлыг төр барагдуулна гэж заасан. Яагаад гэвэл Монгол Улсын Үндсэн хуулиар төр иргэнийхээ зөрчигдсөн эрхийг сэргээх, хамгаалах дээр иргэнийхээ өмнө хүлээсэн үүрэгтэй. Харин тэр хууль дээр буруутай этгээдээс нь төр нэхэмжлэл гаргах, хохирлоо барагдуулах асуудал байдаг.
-Тэгэхээр ямар ч байсан нэхэмжилж байгаа 48 тэрбум төгрөгийг нь шууд гаргаж өгнө гэж байхгүй, шүүх шийдвэрлэнэ гэсэн үг үү?
-Үүнийг шүүх шийднэ. Хуулиараа бас тодорхой эд хөрөнгийн хохирлыг барагдуулах нэр хүнд, сэтгэцэд учирсан хохирол, эрүүл мэндийн хохирол барагдуулах тодорхой заалт байгаа.
-Энэ хүмүүс өөрсдийгөө хэлмэгдсэн гэж үзэж байгаа учраас таван жилийн сэтгэл санаа, амьдрал, бие махбодын хохирлоо 48 тэрбум төгрөгөөр үнэлж байна. Гэтэл зарим хүмүүс ялангуяа цахим орчинд эрүүдэн шүүлт гэж үзэхгүй, наадах чинь шоронгийн дэг, бусад хамт хоригдож байгаа хүмүүсийн ярга байсан учраас эрүүдэн шүүлт гэж үзэхгүй гэж хэлээд байна. Тэгэхээр юуг яг эрүүдэн шүүлт гэж үзэх юм?
Эрүүдэн шүүх бол олон улсын эрх зүйд хориглосон асуудал. Хүний эрхийн маш ноцтой зөрчил гэж үздэг. Эрүүдэн шүүнэ гэдэг нь хэрэг тулгах, хэрэг хүлээлгэх зорилгоор бие махбодын болон сэтгэл санааны дарамт шахалт үзүүлэх асуудал . Хүнлэг бус, хэрцгий байдлаар хандах, нэр төрийг нь гутаан доромжлох гээд тухайн үйлдэл нь янз бүрийн байдлаар илэрч болно. Гэхдээ ямар ч байсан хэнийг ч, Монгол Улсын аль ч иргэнийг хэрэг хүлээлгэх зорилгоор бие махбод болон сэтгэл санааны дарамт учруулах ёсгүй. Ялангуяа Эрүүгийн хуулийн эрүүдэн шүүх зүйл ангиар холбогдох хүмүүс нь ял авсан асуудал байгаа. Шүүхээс холбогдох Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын хүмүүст ял ноогдуулсан. Тэгэхээр шүүх эрүүдэн шүүсэн нь бодитой байна гэдэг шийдвэрийг гаргасан байх гэж бодож байна.
ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН НЬ НОТЛОГДООД ШҮҮХЭЭС ЯЛ АВСАН ХҮН УИХ–Д НЭР ДЭВШИНЭ
Эхлээд тэр хүмүүсийн нэхэмжилж байгаа мөнгийг төр олгочхоод, дараа нь буруутай этгээдүүдээс авах боломжтой гэж үү. Гэтэл одоо буруутай этгээд гэж тооцогдоод байгаа Б.Хурц гэдэг хүн Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сан, ЖДҮДС-гаас олон тэрбум төгрөг зээлчихээд одоог хүртэл төлөөгүй. Төр сангийн мөнгөө авч чадахгүй байж улс төрд орох гээд явж байгаа тэр хүнээс нэхэмжлэл авах боломж бий юу?
Нөхөн төлбөрийн асуудал, буруутай этгээдээс төр нэхэмжилж төлбөр гаргах асуудал холбогдох хуулийн дагуу шийдэгдэх ёстой. Нөгөө талаас харамсалтай зүйл нь мэдээж эрүү шүүлтийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоод шүүхээс ял авсан хүн УИХ-д нэр дэвшинэ. Хууль тогтоох байгууллагад ажиллана гээд явж байгаа нь манай улсын өнөөдрийн байгаа эмгэнэлтэй байдал гэж хэлж болно. Ялангуяа АН-аас нэр дэвшүүлэх гэж байгаа гэдэг мэдээ гарсан байсан. Мэдээж бидний хувьд ардчиллын гол үнэт зүйл бол хүний эрх, эрх чөлөө, шударга ёс. Хүний эрхийг зөрчсөн олон улсын гэрээ конвенцын ноцтой зөрчил үүссэн энэ хэрэгт буруутгагдсан хүн УИХ-д нэр дэвшинэ гээд явж байгаа нь манай хууль тогтоомжийг, хууль дээдлэх ёсыг уландаа гишгэж байгаа хэрэг гэж бодож байна.
Тэр хүн ял шийтгэгдсэн байгаа. Ял шийтгэгдэж байсан хүн УИХ–д нэр дэвших боломжтой юм уу?
УИХ-ын Сонгуулийн тухай хуульд авлига албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгэгдсэн бол нэр дэвшихийг хориглосон байгаа. Эрүү шүүлт буюу энэ гэмт хэргийн субьект үйлдэх боломжтой этгээд нь эрх мэдэлтэй албан тушаалтан л байгаа. Мэдээж энэ тайлбарыг Улсын Дээд шүүх холбогдох байгууллагаас хийх байх. УИХ-ын Сонгуулийн тухай хуульд ч гэсэн бид ял шийтгэл шүүхээс авсан бол нэр дэвшихийг хориглох ойлгомжтой зохицуулалт өмнө нь байсан. Энэ зохицуулалт одоо цар хүрээ нь явцуу болчихсон.
Тэгэхээр хүн алсан нь тогтоогдсон ч гэсэн авлига албан тушаалын хэрэг биш л учраас нэр дэвших боломжтой юм уу?
Одоо байгаа хуулиар бол боломжтой болчхоод байгаа. Нөгөө талаас харамсалтай зүйл нь АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч, АН олонх байсан Засгийн газрын үед ийм асуудал болсон нь хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг АН-ын эмзэг асуудал болов уу гэж би боддог.
Хоёр долоо хоногийн өмнө Засгийн газрын хурал дээр ажлын хэсэг байгуулагдлаа гэдэг мэдээлэл өгсөн. Засгийн газар ажлын хэсэг байгуулж байж энэ хоёр хүнд нөхөн төлбөр өгөх хэмжээнд байгаа юм уу?
Нөхөн төлбөрийн асуудал угаасаа зайлшгүй яригдах ёстой. Энэ ч зорилгоор Т.Чимгээгийн зүгээс Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл удаа дараа гаргасан байдаг. Хэд хэдэн удаа нэхэмжлэл гаргасан нь хэрэг үүсэхгүй дандаа буцаагдсан байгаа. Буцаагдсантай холбогдуулаад бидний хувьд анхаарах ёстой зүйл байгаа.
ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ХАМГААЛАХ НЬ ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ
Техник талаасаа дандаа болохгүй байна гэсэн тайлбар хэлээд буцаагаад байна гэсэн үг үү?
Тийм. Нөхөн төлбөрийн асуудал мэдээж Монгол Улсын өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиараа шүүх байгууллага шийдэх ёстой. Бидний зүгээс шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй. Түрүүн та бас дурдлаа л даа. Засгийн газарт өөр хийх ажил байхгүй юм уу гээд. Гэхдээ иргэдийнхээ зөрчсөн эрхийг хамгаалах нөгөө талаасаа хүний эрх, эрх чөлөөг хамгаалах нь Засгийн газрын үндсэн чиг үүрэг . Энэ чиг үүргээрээ ХЗДХ-ийн яамнаас ажлын хэсгийг ахлуулах шийдвэрийг гаргасан болов уу.
Үүнийг эрүүдэн шүүлт гэж үзнэ гэж хаана юун дээр бичсэн байдаг вэ?
НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц гэж бий. Эрүүдэн шүүх гэж хэн нэг хүн буюу гурав дахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах, тухайн хүн буюу гурав дахь этгээдийн үйлдсэн, сэрдэгдсэн гэмт хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх аливаа байдлаар алагчлах зорилгоор төрийн албан тушаалтан албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил далд зөвшөөрлөөр гурав дахь этгээдийн бие махбод, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлнэ гээд заалт байгаа. Үүнийг үгүйсгэнэ гэдгийг би ойлгохгүй байгаа. Ялангуяа олон нийтэд бичлэг цацагдсан. Тэнд байгаа зүйлийг эрүү шүүлт гэж үзэхгүй юм бол юуг бид эрүү шүүлт гэж бодоод амьдрах уу. Цаашдаа бид хэрвээ Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт тохиолдсон явдлыг энэ бол зүгээр л байдаг юм шүү дээ гээд бодоод явах нь Монгол Улсын аль ч иргэний эрхийг зөрчиж болох юм байна гэдэг үр дагавар ойлголтыг өгөхөөр.
ШҮҮХЭЭР ОЛГОДОГ НӨХӨН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТИЙМ Ч ӨНДӨР БАЙДАГГҮЙ
Төр энэ мэтчилэн иргэнээ хэлмэгдүүлчихсэн, эрүүдэн шүүлтэд орсон хүмүүстээ нөхөн олговор өгдөг юм уу? Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт л засаг ингэж онцгой үйлчилгээ үзүүлээд байна уу гэдгийг асуух гээд байна?
Тодорхой хэмжээнд эрх нь зөрчигдсөн яг хуульд заасан үндэслэлээр нөхөн төлбөр авах асуудлууд шүүхээр шийдэгдэж байсан тохиолдол олон байгаа. Миний мэдэхийн би хуульч хүний хувьд ийм ноцтой хүний эрхийн зөрчил тийм ч олон байгаагүй. Өмнө нь шүүхээр шийдэгдэж байсан хэргүүдийг аваад үзэхээр олгож байгаа нөхөн төлбөрийн хэмжээ тийм ч өндөр байдаггүй. Тухайлбал, хүн амины хэрэгт сэжигтэн болоод хоёр сар гаруй цагдан хоригдоод жил орчим шалгагдсан иргэний хувьд нөхөн төлбөр авах нэхэмжлэл гаргаад шүүхээс 7 сая гаруй төгрөгийг нөхөн төлбөр гэж олгож байсан. Гэхдээ мэдээж өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиуд өмнө нь гарсан шүүхийн шийдвэрүүдийг аваад үзэхээр яг шүүхээс 48 тэрбум төгрөгийг нөхөн төлбөр гэж олгох магадлал маш бага байх гэж үзэж байна. Энэ бол миний хуульч хүний хувьд хэлж байгаа байр суурь. Олон улсад ялангуяа эрүүдэн шүүх шүүлтийн хохирогч болсон иргэд иргэний журмаар нөхөн төлбөр авах зохицуулалтууд, тодорхой шүүхээр шийдэгдсэн жишээнүүд байдаг. АНУ Флорида мужид Эль Сальвадор улсын иргэд тухайн улсын Батлан хамгаалах яаманд ажиллаж байсан нэр бүхий хүмүүсийн эсрэг АНУ-д нэхэмжлэл гаргаад 50 гаруй сая ам.долларын нөхөн төлбөрийг АНУ шүүх шийдвэрлэсэн байдаг. Тэгэхээр олон улсын хүний эрхийн гэрээ конвенцыг зөрчсөн тохиолдолд тодорхой хэмжээгээр нөхөн төлбөр олгох эрхийг сэргээхтэй холбоотой асуудлуудыг тухайн улс хуулиараа яаж зохицуулж байна гэдгээс хамаараад нэхэмжлэл гаргах боломж нь зөвхөн Монгол Улсаар хязгаарлагддаггүй.
Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүснээс болоод олон улс дахь Монгол Улсын нэр хүнд болоод статус өөрчлөгдсөн зүйл байгаа юу?
Яг тодорхой жишээ миний мэдэж байгаагаар бол АНУ-ын төрийн департмент хууль сахиулах чиглэлээр тодорхой хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хамрагдаж чадахгүй байгаа. Яагаад гэхээр яг энэ эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдуулаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа байгууллагад энэ асуудлаар хар жагсаалтад орсон гэж ойлгож болно.
ХЭРЭГ ХҮЛЭЭЛГЭХ ЗОРИЛГООР ХҮНЛЭГ БУС ХЭРЦГИЙГЭЭР ХАРЬЦАХ НЭР ТӨРИЙГ НЬ ГУТААН ДОРОМЖЛОХ
Таны хувьд Унгарт болон АНУ–д хуулиар бакалавр, магистр хамгаалаад олон жил сурч, ажиллаж байсан хүн. Олон улсын жишиг нь эрүүдэн шүүлтийн нөхөн төлбөр дээр яг ямар байдаг юм бэ? Манайд гарсан хэрэг ч гэсэн олон улсад ноцтойд тооцогдох уу?
Ноцтойд тооцогдоно. Ер нь ялангуяа хэрэг хүлээлгэх зорилгоор хүнлэг бус хэрцгийгээр харьцах нэр төрийг нь гутаан доромжлох гээд үйлдэл нь маш олон төрөл байж болно. Тухайлбал, олон цагаар унтуулахгүй байх чинь өөрөө хүнийг тарчлаан зовоож байгаа хэрэг хүлээлгэх зорилгоор. Эсвэл сэтгэл санааны хувьд янз бүрийн шахалт дарамт үзүүлэх. Нөгөө талаас яагаад НҮБ-аас эрүүдэн шүүхийг хориглосон бие даасан хүний эрхийн конвенц бий болоод энэ конвенцод НҮБ-ын гишүүн улс болгон элсэн орсон байна гэдэг чинь өөрөө олон улсын хэмжээнд ч гэсэн их ноцтой асуудал гэж авч үздэг. Нөхөн төлбөртэй холбогдуулаад энэ конвенцоор нөхөн төлбөр заавал олгох ёстой гэдэг асуудал орсон байгаа. 14 дүгээр зүйлд оролцогч улс өөрийн эрх зүйн тогтолцоогоор эрүүдэн шүүгдсэн этгээд хохирлоо арилгуулах шударга хангалттай нөхөн төлбөр авах эрх, түүний дотор эрүүл мэндийг бүрэн сэргээгдэх шаардлагатай төлбөр гаргуулах эрхийг хүлээн зөвшөөрнө гээд. Бусад улсуудад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль огт зөрчихгүй явж байгаа улсууд байна гэж хэлж болохгүй. Гэхдээ эрүүдэн шүүх асуудал бол ялангуяа ардчилсан улсуудад байдаггүй л асуудал. Байсан ч гэсэн маш ноцтой хүний эрхийн зөрчилд тооцогддог. Хилсээр ял аваад цагаатгасан, хэрэг нь хэрэгсэхгүй болчихсон иргэдийн нөхөн төлбөрийн асуудлыг жишиг байдлаар бусад улсуудад нэлээд их зохицуулсан байдаг. Тухайлбал, АНУ-д хилсээр ял шийтгэл аваад хоригдсон жил тутам дор хаяж 50 мянган ам.долларын нөхөн төлбөр олгох гээд тухайн муж улсаас хамаараад энэ хэмжээ янз бүр байдаг. Гэхдээ эрх нь зөрчигдөөд байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын худ эрүүдэн шүүснээс гадна үндэслэлгүйгээр хоригдсон асуудал яригдаж байгаа. Сүүлд шүүхээс шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас өмнө нь ял ноогдуулсан шүүхийн шийдвэр хүчингүй болсон. Тэгэхээр бас таван жил гаруй эрх чөлөөгөө хасуулсан нэмэх нь эрүүдэн шүүлтийн хохирогч болсон болохоор давхар асуудлууд, хүний эрхийн томоохон зөрчлүүд байна гэж ойлгож болно.