УИХ-ын ээлжит сонгууль болоход ердөө хоёр сарын хугацаа үлдээд байна. Одоогийн байдлаар нэр дэвших хүсэлтэй иргэд, хэнийг амлан авч аль тойрогт нэр дэвшихээ олон нийтэд зарлаад буй.
Тухайлбал Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг нь амлаж, түүний нэр дэвшсэн тойрогт өрсөлдөнө гэдгээ хэлсэн. Н.Өнөрцэцэгийг гэм буруутай гэж шүүхээс эцэслэн тогтоогдоогүй байхад сэтгүүлчийн ажлаа хийх эрхийг нь хязгаарласан явдал нь хэвлэлийн эрх чөлөө, ардчилалд халдсан үйлдэл гэж мэргэжлийн байгууллагууд үзэж буй. Тиймээс сэтгүүлч Н.Өнөрцэцэг “Би Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг нь амлаж аваад өрсөлдмөөр байна. Тэр Боловсролын зээлийн сангаас авсан зээлийнхээ хүүг төлөөгүй. Үүнийг нь тодруулсны төлөө намайг цовдолсон. Би Б.Энхбаярыг төрд удаан байлгахгүй, тойрогт нь нэр дэвшинэ” хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.
Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд асан О.Батнайрамдал өчигдөр БЗС-гийн эргэн төлөлтийн асуудлаар Лу.Гантөмөрт гомдол гаргаж, прокурорт хүргүүлсэн. Улмаар 2013 оноос хойш зээлийн чөлөөлтийн асуудлыг сөхөж, Лу.Гантөмөрийг “буруутган” ёс зүйтэй байхыг шаардсан юм. Ингээд тэр, зээл авсан албан тушаалтнууд эргэн төлөлтийн 360 тэрбум төгрөгийг хүүтэй нь төлөхийг шаардаж, Лу.Гантөмөр хаана нэр дэвшинэ, би тэнд дэвшинэ гэж мэдэгдсэн.
Мөн ээлжит сонгуулийн трэнд, амлан авч нэр дэвших хэлбэрийг даган “Шилэн Цогоо” гэгдэх Б.Цогтгэрэл, АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогтыг амлаж, шударгаар өрсөлдөх тухайгаа хэллээ. Тэрээр, “С.Баярцогт ахтайгаа Сэлэнгэ аймгаас Төвийн бүсэд шударга сайхан өрсөлдөхийг хүсэж байна. Давлагааг үргэлжлүүлж, багаасаа их рүүгээ амалдаг эртний сайхан ёсыг дагана” гэсэн юм.