Нэвтрүүлгийг бүрэн эхээр ЭНД дарж үзнэ үү
Улстөрийн задлан нэвтрүүлгийн энэ долоо хоногийн дугаар хэдхэн хоногийн өмнө Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын лайв хийн мэдээлэл өгч байсан цэг дээрээс хүрч байна. Х.Нямбаатар даргын зогсож, “Энэ байшинг нураачхаад газрыг нь дуудлага худалдаанд оруулна. Дуудлага худалдааны эхлэх үнэ 400 сая төгрөг” гэдэг сүртэй, магадгүй хүмүүст таалагдах гоё мэдэгдэл хийсэн.
Нураана гээд байгаа байшин нь хэн ч харсан юу юугүй нурах гэж байгаа хуучны хэцүүхэн байшин харагдаж байна. Гэхдээ энэ дотор юу байгаа вэ гэхээр Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн эмийн үйлдвэр байгаа юм.Өнөөдөр энэ барилга дотор 10 гаруй хүн ажилладаг, 200 гаруй нэр төрлийн ургамал, түүхий эдээр тан, эм бэлтгэдэг. Ийнхүү эмийн үйлдвэрийн барилгыг нураах гэж байна. Үүнийг дагаад Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн “Богд-Уул” сувиллыг эмийн үйлдвэртэй нь нураагаад газрыг нь зарна гэв.
Энэ тухай элэгний өвчтэй эмийн үйлдвэрийн эм, танг уудаг сувилал, эмнэлгээр нь хэвтэн үйлчлүүлдэг зуу зуун хүн манай редакцад хандсан юм.
СХД-ийн 8 хорооны иргэн Ө.Амгалантогтох: Би В, С вирустэй болоод одоо элэгний хатуурлын оноштой. Элэгний өвчлөлтэй хүний АЛАТ, АСАТ дандаа өндөр гардаг. 20 гаран жил энэ эмнэлэг, сувилал, эмтэй холбоотой явж байгаа. Би өдий болтол гэр бүл, үр хүүхэдтэйгээ элэг бүтэн хажууд нь байна гэдэг чинь энэ эмнэлэг, Ж.Хатанбаатар эмчийн баг хамт олны ач тус гэж би бодож байгаа. Х.Нямбаатар даргын мэдээлэл хийснийг сонссон. Энд ирсэн өдөр Х.Нямбаатар дарга 25 суваг телевизээр мэдээлэл хийсэн. Энд олон хүмүүс сууж үздэг. Тэгээд би танай “Өрөг”-т хандсан. Пейж рүү чинь бичээд утасны дугаараа явуулаарай гээд би явуулсан. Элэгний өвчлөл одоо ямар байгаа билээ. Би хавдрын хяналттад байдаг хүн. ХСҮТ дээр очиж үзээгүй хүн бол мэдэхгүй байх. Х.Нямбаатар даргыг би очиж үзээсэй гэж бодоод байгаа. Тэнд чинь хөл гишгэх зайгүй. Тэр их хавдартай, элэгний өвчлөлтэй хүмүүсийн ачааг үүрэлцэж, 30 гаран жил явж байгаа ганц эмнэлэг чинь энэ эмнэлэг, энэ сувилал, энэ эм. Хүн болгон энд ирээд залбирч явж байдгийг би зөндөө харж байсан. Маш муу хүмүүс ирээд л амь амьдралтайгаа залгаад л. Цогцоороо үйлчилгээ үзүүлдэг ийм газарт арай дэндүү харгис хандаж болохгүй гэж би бодож байна. Би харгис гэж хэлдэг нь хүний амь настай холбоотой болохоор хэлж байгаа юм. Одоо I хорооллын тэр эмнэлгийг энэ эмийнх нь үйлдвэр, сувилалтай нь яагаад үлдээж болохгүй байгаа юм бэ. Яагаад ард түмний төлөө шударгаар ирээд үзээд хараад яагаад энийг байлгаж болохгүй байгаа юм. Энэ ямар хор хохирол учруулчхаад байгаа юм.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн, малчин Ч.Туяа: Би энэ эмнэлэгт 1998 оноос хойш эмчлүүлж байгаа. Би элэгний цирроз гэдэг өвчтэй хүн байсан. Энэ сайхан эмнэлэг, хамт олны тусаар би эдгэсэн. Гэхдээ жил болгон эмнэлэгтээ ирж шинжилгээгээ хийлгэн эмчийн хяналтад явдаг хүн. Хүмүүсийн ярианаас мэдээлэл аваад их цочирдсон. Хэвтэж байгаа хүмүүстэйгээ ярилцсан. Ингээд ярилцахаар хүн болгон л түгшиж байна. Энэ чинь ганцхан өндөр настнууд хэвтдэг эмнэлэг биш. Зөндөө залуучууд ч байна. Миний эмчлүүлсэн 20 гаран жилийн хугацаанд хэдэн мянган хүн эрүүл болоод гарсан. Энэ эмнэлэг улсдаа ганцхан байдаг. Маш олон хүнд үр өгөөжөө өгч, амьдрал хайрласан эмнэлэг. Энэ эмнэлэгт анхан болон дунд шатны хүмүүс эмчлүүлээд эдгээд гардаг. Мянга мянган хүн эдгээд гарсны нэг нь би байгаа юм.
125 хүний гарын үсэг цуглуулсан. Бүгд л энэ үйлдлийг буруу гээд. Хэрвээ энэ эмнэлэг, эмийн үйлдвэр, сувиллыг байхгүй болгочих юм бол бид хаана хандах юм бэ. Бусад эмнэлэгт хөдөөний би дугаар авъя гэхээр сар гарангын дараа эмчид үзүүлэхээр авдаг. Эднийх бол тэгдэггүй. 7 хоног хүлээгээд л эмнэлэгтээ үзүүлээд, 7 хоногийн дараа хэвтэн эмчлүүлдэг. Ямар ч чирэгдэлгүйгээр хүмүүсийг эмчилдэг. Би 4-өөс дээш жил хэвтээд эмчлүүлээд үр дүнг нь үзсэн хүмүүсээс сэтгэгдлийг нь авсан.
Эрхэм Х.Нямбаатар даргаа, би дал гарсан хүн. Аливаа ажлыг хийхдээ юуны ч духанд хүрэлгүйгээр гаднаас нь дүгнэж болохгүй. Энэ одоо нурах гэж байгаа энийг тэгнэ гэж болохгүй ээ. Дотор нь ороод эмийн үйлдвэрийг хар. Энэ эмийн үйлдвэр монголын анхдагч эмийн үйлдвэр. Би хаяа эд нарт туслах журмаар эмийн ургамал түүж өгдөг л байсан. Эд нар хөдөө гадаа, хүйтэнд явна бүх ургамлаа авчраад хатаагаад гараараа нүдээд эмээ хийдэг байсан. Эмээ боловсруулаад тусгай савтай, капсултай болоод одоо эмүүд үрлээрээ болоод хаяг шошго нь бүүр сайхан болсон. Жишээ нь Агар8 гэдэг чинь өглөө 08:00 цагт ууна, тийм өвчинд ууна гээд хүн болгон ойлгогдохоор сайхан болж байхад үүнийг буулгана гээд л. Дотор нь ямар үйл ажиллагаа явж байна, ямар хүмүүс ажиллаж байна, энэ эмийн үйлдвэр ямар үр дүнд хүрч байна гэдгийг үзэхгүйгээр ингэж болохгүй.
Энэ олон мянган хүнд амьдралд бэлэглэдэг энэ газар Нийслэлийн Засаг даргын харьяа гэсэн хаяг нь одоо болтол байж байгаа. 30 гаран жил ажиллаж байгаа энэ эмнэлгийг нэг хүний эзэмшил юм шиг ард түмэндээ ойлгуулж байгаад үнэхээр гомдож байна.
Эмчлүүлэгч П.Туул: Манай улсад элэг судлалын эмнэлэг улсдаа ганцхан байдаг. Элэг муутай хүмүүс энд ирж аврагддаг. Дүүргийн эмнэлгүүд чинь биднийг хүлээж авдаггүй. Та нар явж байна эрүүл байна, бид хэвтрийн хүмүүсийг авдаг гээд. Аргагүйн эрхээр бид энэ Элэг судлалын клиникт ирээд бүх шинжилгээгээ нэг дороос авна. Хөл гар муутай, хөгшин настай хүмүүс чинь энд ирж 7 хоног эмчлүүлээд европ эмчилгээ ч хийдэг, уламжлалт эмчилгээ танг ч уучихдаг ийм эмнэлэг монголд ерөөсөө байхгүй, ганц энэ л эмнэлэг.
Эмчлүүлэгч н.Гомбодорж: Энэ эмнэлгээр бараг 10-аад жил үйлчлүүлж байна. Энэ эмнэлэг байхгүй болбол хаана хандах юм мэдэхгүй шүү дээ.
Эмчлүүлэгч Х.Цэндмаа: Энэ эмнэлгийн надад таалагдаж байгаа зүйл нь тан болон европ эмчилгээ хоёр хавсран хийдэг. Эмч нар маань ч гэсэн найрсаг хүлээн авдаг. Би В вирус оношлогдоод 2014 онд хүүхдээ гарахаас өмнө дахин бататгаж БНСУ руу явж шинжилгээ өгөхөд архаг үрэвсэлтэй байна, эм уухаар байна гэж хэлж байсан. Тухайн үед эмүүд дөнгөж гаран туршигдаж байсан болохоор уугаагүй. Ерөнхийдөө тан таардаг байсан учраас тангаа сайн уусан. Энэ эмнэлэг эмчилгээ үйлчилгээ сайтай байсан болохоор хэдийгээр би элэгний хатуурал цирроз гэсэн оноштой хүүхэд гаргах боломжгүй гэж байсан ч хоёр, гурван хүүхэдтэй болсондоо маш их баярладаг.
Эмчлүүлэгч Ц.Альмаа: Элэгний хатуурал циррозтой хүмүүсийг эмчлээд шууд сувилалдаа хэвтүүлдэг ийм л гоё эмнэлгийг хаана гээд байгаа Х.Нямбаатарыг болиоч ээ гэж хэлмээр байна. Сонгууль болохоор л ийм заваан шоу хийгээ байх юм. Болиоч ээ л гэж хэлмээр байна.
Эмчлүүлэгч Д.Эрдэнэчимэг: Энэ хэвээр нь үлдээж өгөөч гэж л өндөрлөгүүдээсээ гуйж байна даа.