Хоёр сарын хугацаанд эмнэлэг, эмнэлгийн үүд сахиж, өвчнөө оношлуулж чадаагүй бяцхан хүүгийн оношийг гаднын эмнэлэг 14 хоногийн дотор гаргажээ. Эрүүл мэндийн салбарын доройтсон байдлаас үүдэн, цаг хугацаа, эд хөрөнгөө барсан залуу гэр бүл хүүгээ аварч үлдэхийн тулд байр машин гээд 10 жилийн хөдөлмөрөө зарсан ч хагалгааны зардалд хүрэх хол зай бий. Бид Н.Түвшинбат хүүгийн нагац эгч Нямчулуунтай ярилцлаа. Тэрээр, бид эрүүл, аюулгүй амьд явах эрхээ эдэлж чадахгүй байгааг хэлж, хэн ч хорт хавдраар өвчилж болох учир хүүхэд багачуудыг ч эрт илрүүлгийн шинжилгээнд оруулах нь чухал гэдгийг анхааруулсан юм.
Энэ талаар ярихдаа, “Хавдар гэдэг өвчин хүнийг үнэхээр хүчин мөхөсдүүлдэг юм байна. 10 жилийн хөдөлмөр сарын дотор, зөвхөн нэг өвчний өмнө үрэн таран болж байна шүү дээ. Бас “улныхан” л “улныхан”-даа тусалдаг гэдгийг энэ хугацаанд харлаа…
Миний охин дүүгийн хүү Н.Түвшинбат одоо 13 настай. Ноднин есдүгээр сарын үед хүүгийн хөл өвдөөд гээд л өнгөрсөн юм. Нэг их анхаарсангүй. Эмнэлэгт үзүүлэхэд эхлээд зөөлөн эдийн гэмтэл байна гэсэн. Сүүлдээ хавдар дээр очиж үзүүлэхийг зөвлөсөн юм билээ. Ингээд ХСҮТ дээр очиход үзүүлэх цаг байгаагүй. Бараг хоёр сарын дараа л нэг цаг байсан. Хүүхдийн хавдар маш хурдан тархацтай. Учир нь хүүхэд өсөж байгаа шүү дээ. Гэтэл хавдрын эс яг хүүхдийн өсөлттэй адил хурдацтай явдаг. Цаг алдахгүй үзүүлэх ёстой байлаа. Нарийн оношилгоо, шинжилгээнд хамрагдах ч боломж байгаагүй. Хавдар тархсан эсэхийг үздэг тоног төхөөрөмж л гэхэд монголд хоёр л бий. Тэр хоёр нь эвдэрхий. Бусад яаралтай оношилгоо шинжилгээг бэлэн мөнгөөр л хийдэг нь маш хүндрэлтэй байсан. Бид нийгмийн даатгал төлдөг. 13 настай хүү минь өвдчихөөд байхад ЭМДС-гаас ямар ч хөнгөлөлт үзүүлдэггүй юм билээ.
Хүн ер нь боддог л юм билээ. Хавдар л биш байгаасай гээд. Хавдар болчихоор, хортой л биш байгаасай гэдэг. Хортой болчихоор ядаж тархаагүй байгаасай гэдэг. Монголд зөвхөн оношлуулах гээд хоёр сарын хугацаа алдсан. Бид Турк руу материал явуулсан байсан. Эмчлэх бүрэн боломжтой гэх сайн хариу сонссон ч 600-680 сая болно гэсэн. Хагалгааны өмнө хими эмчилгээ хийнэ. Хагалгааны дараа ч химийн эмчилгээ хийнэ. Нэг цэг хавдар үлдэхэд л дахидаг учраас дахин дахин химийн эмчилгээ хийдэг гэсэн.
Хэдий их мөнгө ч гэсэн болгоно, бүтээнэ гээд явсан. Ээж аав нь байр машинаа зарсан. Үнэд хүрэх бүх зүйлээ л зарсан. Манай аав ээж малчин. Мал хуйгаа зарсан. Ах дүү нар маань өгөх юмтай нь бүх зүйлээ өгсөн. Ингээд 100 гаруй сая төгрөг болоод, очоод л монголд хоёр сар оношлох гээд оношилж чадахгүй, тийшээ ийшээ гээд л гөлөг төөрүүлж байгаа юм шиг явуулсан асуудлыг шийдсэн юм. Монгол маань тийм болчихвол… Азаар миний дүүгийн хавдар тархаагүй байсан.
Өөртөө хайртай л байхгүй бол нэгэнт өвдөөд тийм асуудал болчихвол хөөрхийлөхөөс өөр яаж ч чадахгүй юм билээ. 600 сая төгрөгийг 500-600 мянган төгрөгтэй харьцуулшгүй шүү дээ. Жаахан цаг, жаахан мөнгө гаргаад өөрийнхөө төлөө эрт илрүүлэх шинжилгээнд ороорой. Хүнсний эрүүл ахуйг хүн болгон ярьдаг. Өвөл нь маш их утаан дунд, зун нь шээс баас бохиртойгоо холилдоод л. Яаж ч эрүүл байх вэ дээ гэж бодож байна. Энэ гений өөрчлөлттэй бүтээгдэхүүн гэнэ ээ гээд хүн болгон ярьж, мэддэг. Үүнийг урдаас оруулж ирээд савладаг юм гэнэ ээ гээд л. Тэгсэн хэрнэ түүнийг авч идээд үр хүүхдэдээ өгөөд байгаа юм. Зөвхөн өнөө маргаашаа л өнгөрөөнө. Тэгээд л монголд эмчилгээ хийхгүй, эм тариа олдохгүй, очер дугаараа хүлээгээд дөрөвдүгээр үедээ орчихсон хүн ч надтай холбогдсон.
Дүү минь өсвөр насны хүүхэд болохоор эхлээд миний зургийг битгий тавь. Би хандивын аян зарламааргүй байна. Би монголд очоод эргээд сургуульдаа сурна шүү дээ гээд байсан юм. Тэгээд л болгоё гээд ээж аав хоёр нь бүх л зүйлээ зарсан.
Миний дүүд уулзаагүй газар үлдээгүй ээ. Монголын хүүхдийн төлөө сан, фонд. Дүүргээс гарсан гишүүн Засаг дарга гээд бүгдтэй нь уулзсан. Нэгээс нь ч наашаа гэх хариу өгөөгүй. Тийм төсөв байдаггүй шүү дээ л гэсэн. Би нэг зүйлийг гайхсан. Хүүхдийн төлөө сан гэж байдаг. Түүнд жил бүр хэдэн тэрбумаар төсөвлөгддөг хандив тусламж ирдэг. Тэнд өвчтэй хүүхдэд 100 төгрөгийн ч төсөв байдаггүй юм билээ. 13 хан настай өсвөр насны хүү шүү дээ. Монголын л нэг ирээдүй.
Манай дүү их сэргэлэн. Хүн явуулж ёжилдог хүүхэд байдаг шүү дээ. Бие нь гайгүй бол залгаад, тэнд очъё, тийм хоол идье, тийшээ зугаалъя гэдэг. Ер нь залгахаар нь айна шүү дээ. Эгч ээ би монгол явахаар болчихлоо гэхээр нь тоглож байгаа юм болов уу гэж бодоод, Яагаад гэсэн чинь, Хагалгааны төлбөр маш өндөр гарчихсан. Би зүгээр монголдоо очъё гэж байгаа юм.
Бид хэд бүх сайтаас л гуйж байна. Тэгэхэд урдаас 2-3 сайт хэлсэн. Эгч ээ бид хүнд тусалсан. Цуглуулж өгсөн. Гэтэл тэр хүн хавдартай биш, зориулалтын бусаар ашигласан гэж. Үндсэндээ залилан хийсэн байгаа юм. Бусдадаа л саад болоод л.
Би сүүлийн үед тувтан утас ухаж байна. Тэгэхэд эрх баригчийн хүүхэд тэнд 500 сая долларын үнэтэй хаус авчээ гээд л ярина. Тэр мөнгө байх газраа байсан бол, Монгол Улсын эдийн засгийн эргэлтэд орсон бол олон хүүхдийн амьдралыг аварна даа. Хүүхдийн хавдрын эмнэлэгтэй болоосой гэж өөрийн эрхгүй бодож байна” гэв.