Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сан байгуулах тухай хуулийн төслийн агуулга бүхэлдээ зөв хэдий ч, том төслүүдийг хөдөлгөх, эдийн засгийн эргэлтэд оруулахад саад болох зарим заалтууд тусгагдсан байгааг эдийн засагчид хэлж байна.
Стратегийн ордын эзэмшлийг нээлттэй болговол гаднын компани, хөрөнгө оруулагчид стратегийн гэх тодотголтой гол ордуудад хувь эзэмших үүд хаалгыг нээж өгөх эрсдэл бий болно. Улмаар уул уурхайн салбарт орж ирсэн их хэмжээний мөнгөн урсгалыг захиран зарцуулах төрийн хяналт суларч, улс төрийн амлалт, үр ашиггүй төслүүдэд зарцуулагдах магадлалтай гэж салбарын хувийн хэвшлүүд сануулж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ
- Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжихэд стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд заавал нээлттэй хувьцаат компанитай байх,
- хувьцааныхаа 20-оос дээш хувийг аль нэг этгээд дангаар болон хамаарал бүхий этгээдийн хамтаар эзэмшихгүй байх,
- өв залгамжлал болон бэлэглэлээр шилжүүлсний орлогод 30 хувиар татвар ногдуулах зэрэг эрхзүйн орчин зайлшгүй шаардлагатай гэж үзэж буй.
Гэхдээ бодит байдалд их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг уул уурхайн салбарт нэг хувьцаа эзэмшигч стратегийн ордын 20 хувьд хөрөнгө оруулж, эрсдэл хүлээхэд бэрх. Тухайлбал, аливаа ашигт малтмалын ордын нөөцийг тогтоох хайгуулаас эхлэн ТЭЗҮ боловсруулах, дэд бүтцийг бий болгох, зах зээлд өөрийн байр суурийг эзлэх зэрэг ажил нь маш их цаг хугацаа, хөрөнгө оруулалт шаарддаг. Мөн зах зээлийн байдал, эрдэс бүтээгдэхүүний үнийн уналт зэргээс хамааран ашиггүй ажиллах, хөрөнгө оруулалт үр ашиггүй болох зэрэг нь уул уурхайн салбарын онцлог.
Хууль энэ хэвээр батлагдвал том төсөл олон хувьцаа эзэмшигчтэй болсноор шийдвэр гаргах процесс удаашрах, оновчтой, зөв шийдэл боловсруулах, нэгдсэн зөвшилцөлд хүрэх боломж буурах эрсдэлтэй юм.
Түүнчлэн стратегийн орд газруудын хэрэгжилт удааширч, санхүүжилт татахад хүндрэл учран, төсөл гацах нөхцөл бүрдэх магадлалтай.
Нөгөөтэйгүүр баялгийн санг өндөр чадамжтай менежментийн баг удирдах шаардлагатай. Энэ сангаас төсвийн цоорхойг нөхөж, хөрөнгө оруулалт хийдэггүй. Олон улсын жишгээр бол зөвхөн ард иргэдийн эрх ашгийг хамгаалах, амьдралын нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор эрүүл мэнд, боловсрол, тэтгэвэр тэтгэмж, эмзэг бүлгийн асуудлыг шийдэхэд зарцуулдаг.
Баялгийн санг хэрхэн яаж бүрдүүлж, ард иргэдэд тэгш хуваарилах вэ?
Үндэсний хөрөнгө оруулалттай 100 хувь компаниуд өөрсдөө эрсдэлээ үүрч, ашигт малтмалын гол төслүүдийг хэрэгжүүлэх нь ажлын байр бий болгох, дотоодын худалдан авалтыг дэмжих, орон нутгийн хөгжлийг түргэсгэх зэргээр Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм. Мөн төр татвар хураамж хэлбэрээр тухайн төслийн өгөөжийг бодитоор хүртэх боломжийг бүрдүүлнэ.
Ач холбогдол бүхий ашигт малтмалыг олборлох, боловсруулах үйл ажиллагааг дотоодын хувийн хэвшлийн компани нь гүйцэтгэдэг олон улсын жишиг бий. Улмаар баялгийн санд бүрдсэн хөрөнгийг улс төрчид, эрх мэдэлтнүүдийн нөлөөллөөс ангид байлгах зорилгоор Баялгийн сангаар дамжуулан гадаад зах зэх зээлд хөрөнгө оруулах нь зүйтэй гэж үздэг. Өөрөөр хэлбэл, хамгийн ашигтай гэж үзсэн Засгийн газрын үнэт цаас, бонд, олон улсын хөрөнгийн зах зээлийн гол индексүүдэд хөрөнгө оруулдаг.
Үүн шиг ил тод, шилэн хяналтын тогтолцоотой Үндэсний баялгийн санг амжилттай хэрэгжүүлж чадвал баялгийн олборлолтоос бий болсон хөрөнгөөр иргэдийн аж амьдралыг сайжруулж, эдийн засгийн хүндрэлийг эрсдэл багатайгаар даван туулах боломжтой болно гэсэн үг юм.
Дэлхийн хамгийн том олон улсын сангуудын нэг болох Норвегийн тэтгэмжийн сан буюу үндэсний баялгийн санг 1990 онд Засгийн газрын санаачилга дор үүсгэн байгуулж байжээ. Гол зорилго нь хэзээ нэгэн цагт шавхагдаж үгүй болох байгалийн баялгаас олох ашгийг цаашид ирээдүйн иргэддээ удаан хугацаанд хүртээмжтэй байлгахад оршдог байна. Өөрөөр хэлбэл байгалийн баялгаас олох ашгийг ЖДҮС гэх мэт цөөн тооны зорилтот бүлэгт зориулсан сангаар дамжуулан тэнцвэргүй хуваарилах бус иргэн бүрт тэгш оногдох баялгийг урт хугацааны турш өгөөжтэй байлгах нь Норвегийн сангийн гол ажил аж.
Харин саяхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэгэн ярилцлагын үеэр ЖДҮС гэх мэт олон үр ашиггүй жижиг санг нэгтгэж Норвегийн баялгийн сан шиг томоохон санг бий болгоно ярьсан юм. Үүнтэй зэрэгцэн Норвегийн сан гэж чухам юу вэ. Хэрхэн ажилладаг вэ гэх асуулт ард түмний дунд гарсан билээ. Норвегийн сангийн тухай тодорхой хэмжээний ойлголт өгөх мэдээллийг хүргэж байна.
Норвегийн сангийн эзэд ба удирдлагын тогтолцоо
Хуульд заасны дагуу Норвегийн баялгийн сан нь Норвегийн ард түмний 100 хувийн өмч юм. Сангийн үйл ажиллагааг “Norges Bank Investment Management (NBIM)” гэх байгууллага Сангийн яамны нэрийн өмнөөс удирддаг байна. Хуульд заасны дагуу жил бүрийн үйл ажиллагааны зардал болон орлогыг нээлттэй байлгах ёстой.
Үйл ажиллагааны стратеги, хөтөлбөрийг “NBIM”, Сангийн яам болон парламентын хамтарсан хэлэлцүүлгээр тодорхойлдог аж. Үйл ажиллагааны тайланг “NBIM” нь Сангийн яаманд тайлагнадаг бөгөөд тус яам нь парламентад танилцуулах зарчмаар хяналтын механизм нь ажилладаг байна. Ингэхдээ улс төр болон ямар нэгэн бизнесийн бүлэглэлээс хараат бус байх нь хамгийн чухал аж. Энэ нь ч бодит байдал дээр биеллээ олсон бөгөөд Норвеги улс нь авлигын индексээр хамгийн бага авлигатай орны нэгд тооцогддог юм.
Харин манай улсын тэргүүлэгч хоёр намын байр суурь аль аль нь Норвегийн жишгийн дагуу ижил төрлийн санг бий болгох нь алсдаа асар их үр өгөөжтэй гэдэг дээр нэгддэг билээ. Гэхдээ өнөөгийн нөхцөл байдал болон Монгол Улсын авлигын индексийг харахад аливаа улс төрийн бүлэглэл болон хувийн бизнесээс хол байлгах механизмыг бүрдүүлнэ гэхэд эргэлзээтэй гэж цөөн хүн шүүмжилж байсан.
Норвегийн баялгийн сангийн хөрөнгийн эх үүсвэр
Норвеги улс газрын тос, байгалийн хийн нөөц ихтэй орон юм. Гэхдээ Норвегийн баялгийн сан шууд утгаараа байгалийн баялгаас санхүүждэггүй аж. Хамгийн энгийнээр тайлбарлавал байгалийн баялгаас олсон ашгаар хувийн компани, үл хөдлөх хөрөнгө болон олон улсын зээлийн бондуудыг санхүүжүүлдэг байна. Хуульд заасан хэмжээний дагуу санхүүжилтээс олсон орлогыг дахин баялгийн санг санхүүжүүлэх ажилд зориулдаг байна. Өөрийгөө ахин санхүүжүүлэх энэ механизм нь тус сангийн тогтвортой үйл ажиллагаа болон тогтмол орлого нэмэгдэх үндсэн шалтгаан нь юм.
Норвегийн сан нь “Microsoft”, “Apple”, “Samsung” зэрэг дэлхийн тэргүүлэх компаниудад хөрөнгө оруулалт хийсэн байна. Нийт дэлхийн 72 оронд үйл ажиллагаагаа явуулдаг 9146 компанид хөрөнгө оруулалт хийсэн тухай тайлан гарч байжээ. Энэ нь дэлхийн хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй нийт компаниудын 1.4 хувийг эзэлж байгаа юм. 2019 оны байдлаар уг сангийн нийт хөрөнгө нь нэг их наяд ам.долларт хүрч дэлхийн нийт эдийн засгийн 1.3 хувийг бүрдүүлэх болжээ. Өнөөдрийн байдлаар нэг иргэнд оногдор ногдол ашиг нь 177 мянган ам.долларт хүрчээ.
Хүний нөөц ба эрсдэлийн менежмент
Баялгийн сан буюу “NBIM”-ийг хамгийн шилдэг эдийн засагчид, стратегичид болон эрдэмтдээс бүрдсэн менежментийн баг удирддаг байна. NBIM-д ажиллах нь улстөрчдөөс илүү нэр хүндтэй бөгөөд өндөр цалинтай юм. Ажил горилогчдод олон улсын хамгийн өндөр стандартыг тавьдаг бөгөөд “NBIM”-д ажиллана гэдэг нь нэг ёсны нэр төрийн хэрэг аж. Тухайн ямар ч зах зээлийг бүрэн төгс судалж баялгийн сангийн мөнгийг боломжит хамгийн бага эрсдэлээр хамгийн өндөр орлого олохуйц салбарт хөрөнгө оруулах нь тэдний гол ажил юм. Тиймээс Норвегийн баялгийн сангийн үнэлгээ нь хөрөнгө оруулсан компаниудын ирээдүйн зах зээлийн үнэлгээгээр хэмжигдэж байна гэсэн үг юм.
Ард түмэндээ баялгийг тараасан туршлага ба зарчим
Монгол Улсын хувьд тодорхой хэдэн асуудлуудыг шийдвэрлэсний дараа үүнтэй ижил баялгийн санг бий болгож болох юм. Гэхдээ улстөрчид маш сайн судалгааны үндсэн дээр Монголын онцлогт тохирсон, гол нь ирээдүй хойчид урт хугацааны турш үр өгөөжтэй зүйлийг бий болгох нь чухал юм. Мөн үүний хажуугаар Норвеги улсын жишгээр ард түмний санхүүгийн мэдлэгийг тэлэх нь зайлшгүй шаардлагатай билээ.