Эмийн бүртгэл дэх ашиг сонирхлын зөрчил болон хяналт шалгалтаар илэрсэн асуудлын талаар шинжээч дүгнэлтээ танилцуулав.
Асуудалд гэрчээр Монос-Улаанбаатар компанийн захирал Л.Алтанцогт оролцлоо.
Шинжээчийн дүгнэлт: Л.Алтанцогт нь Хүний эмийн зөвлөлийн гишүүнээр 2018-2020 онд ажиллахдаа өөрийн нэгдмэл сонирхолтой компанитай холбоотой шийдвэр гаргах ажиллагаанд оролцсон байж болзошгүй.
Хүний эмийн зөвлөлийн хурлын тэмдэглэлүүд хуудас дутуу байсан. Байгаа материал дээр дүн шинжилгээ хийж ажиллахад, тэрээр ажиллаж байх хугацаандаа Л.Хүрэлбаатарын Монос фарм компанийн шийдвэр гаргах ажиллагаанд оролцсон гэх зөрчил гаргасан. Ингэхдээ нийт 161 эм бэлдмэлийн хугацааг сунгаж ажилласан. Улмаар энэ үйлдлийг хуулийн байгууллагаар шалгуулах санал гаргав.
Л.Алтанцогт: Хүний эмийн зөвлөлд би томилогдсон. ЭМЯ-аас над руу залгаад, томилогдсон байна. Хуралдаа ирнэ үү гэсэн. 15 хүн томилогдоход, энд салбар салбарын төлөөллүүд байдаг. Миний хувьд эм зүйч мэргэжилтэй. Эм зүйн салбарыг төлөөлөөд томилогдсон гэж ойлгож явдаг. Энэ хугацаанд би ямар ч хурал таслаагүй оролцсон. Тэгэхэд ашиг сонирхлын зөрчлийн хуудсыг бөглүүлдэг. Хурал дээр хэлэлцэх асуудлыг хурал болох өдөр өгдөг. Өөрөөр хэлбэл хуудсаа бөглөж байх үедээ хэлэлцэх асуудлаа мэддэггүй. Үүнийг бөглөсний дараа Монос фармтай холбоотой асуудлыг хэлэлцвэл санал өгөхгүй гээд хойш суудаг. Би санал өгч байгаагүй.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Шинжээчээс асууя. Хүний эмийн зөвлөлд гишүүн болсноо ч мэддэггүй, хасагдсанаа ч мэдэхгүй нөхцөл байдалтай байдаг юм байна. Гэрчийн ярьсан зүйлийн эсрэг баримт бий юу?
Шинжээч: Хурлын тэмдэглэл дээр Л.Алтанцогт гишүүн эмийн хугацаа сунгалттай холбоотой асуудал дээр оролцсон нь тусгагдсан. Тийм учраас хуулийн байгууллагаар шалгуулах саналтай байна.