“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрээр, “Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрыг 2020 оны 12 дугаар сард байгуулсан. Бидний хөндөх гол сэдэв бол эмийн чанарын асуудал.
Манай шинжээчид санамсаргүй түүврийн аргаар эмийн сангуудаар явж ижил нэр төрлийн эмийг авч харьцуулан байгаа лабораторидоо шинжилсэн. Хэдийгээр зөрүү гараагүй ч чанарын асуудал яригдсан. Иргэд ч чанаргүй эмээс хордлого өгөх, нөлөөлөхгүй байна гэх шалтгаанаар цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн байдаг. Нийтдээ эмийн асуудлаас үүдэн 175 хэрэг шалгагдаж байгаа. Хугацаа нь дууссан эм бэлдмэлүүдийг ЭМЯ, Нийслэлийн эрүүл мэндийн газруудаар дамжуулан өрхийн эмнэлгүүдэд ихээр шахсан байна.
Бид ингэж л эмдээ хяналт тавьж байгаа. Чанаргүй, хугацаа нь дууссан эмүүдээ өрхийн эмнэлгүүдэд шахдаг. Өрхийн эмнэлгээр асаргаа халамж шаардлагатай ахмад настнууд л үйлчлүүлдэг. Бид тэр хүмүүст ийм л сэтгэлээр хандаж байна.
Бид иргэддээ үнэ төлбөргүй хөнгөлөлттэй эм өгье гээд л санхүү төсвийг нь тавиад байдаг. Лабораториудаа шинэчлээч ээ гээд мөнгийг нь тавиад байдаг. Хийсэн ажил байхгүй юм. Энэ тухай ЭМЯ-аас тайлбар авмаар байна” гэв.