Шашны эд зүйл зардаг дөрвөн хүн, нэг лам бүлэглэн соёлын өв хулгайлдаг байжээ. Тэд 14 аймаг, 27 сумаас 37 удаагийн үйлдлээр судар, бурхан, танка, цан, хонх, дамар, мөнгөн бишгүүр, очир, дун зэрэг эд зүйлсийг бүлэглэн хулгайлсан. Тэдний хулгай 2019 оноос эхэлсэн байна.
Тодруулбал цагдаагийн байгууллагын нэгдсэн тоо бүртгэлтийн санд 2020 оноос хойш,
- Архангай аймгийн Жаргалант, Өлзийт, Цахир, Өндөр-Улаан,
- Булган аймгийн Булган, Дашинчилэн,
- Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Баянбулаг, Хүрээмарал,
- Говь-Алтай аймгийн Тонхил,
- Дархан-Уул аймгийн Шарынгол,
- Дорнод аймгийн Чойбалсан,
- Дундговь аймгийн Адаацаг, Гурвансайхан, Эрдэнэдалай, Дэлгэрцогт,
- Завхан аймгийн Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Отгон, Идэр,
- Өвөрхангай аймгийн Хархорин,
- Өмнөговь аймгийн Номгон,
- Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Эрдэнэцагаан, Онгон,
- Ховд аймгийн Булган, Дарви, Мянгад, Мөнххайрхан,
- Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сум зэрэг 14 аймгийн 27 суманд байрлах гандан, хийдүүдээс түүх соёлын дурсгалт эд зүйлс, шашны эд зүйлс хулгайлсан аж.
Хулгайд алдсан эд зүйлд,
- судар 658,
- бурхан гуулин болон танка 124,
- цан 48,
- хонх, дамар 16,
- мөнгөн бишгүүр 4,
- очир 8,
- хонх 7,
- дун 8 ширхэг байв.
Дээрх хулгайлах гэмт хэргүүдийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг байгуулжээ.
Соёлын өв хулгайлсан нь эхний байдлаар тогтоогдсон иргэн Б нарын бүлэг этгээдүүдийг Дундговь, Орхон аймгийн цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагч нартай хамтран энэ сарын 3-нд Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын нутаг дэвсгэрээс баривчилж Дундговь аймагт цагдан хориод буй.
Тэдний сүүлийн гурван жилийн хугацаанд үйлдсэн нийт 32 гэмт хэргийг тогтоожээ. Улмаар 44 ширхэг бурхан шашны эд өлгийн зүйл хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.