Манай улсын төвийн бүсийн нэгэн аймагт цагдаагийн газрын даргынх нь жолооч, гурван цагдаа нийлж 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн сард гарчээ. Бид охины алдар хүнд, аюулгүй байдлын үүднээс аймаг сумын нэр болон охинтой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дурдахгүй.
Манай сурвалжлах баг тухайн хэрэг гарсан аймаг руу явж ажиллаад ирлээ. Охины ар гэр, асран хамгаалагч нар мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Хэргийн тухайд, охин гэрээсээ дайжсан тул ар гэрийнх нь хүсэлтээр аймгийн цагдаагийн газар эрэн сурвалжилж эхэлжээ. Цагдаа нар ажил үүргийн шугамаар олж авсан мэдээлэлдээ үндэслэн охинтой холбоо тогтоосон байгаа юм. Тодруулан хэлбэл, цагдаа нарын нэг болох ахлагч цолтой залуу гэртээ охиныг авчраад бусдыгаа дуудсан байгаа юм. Ингээд Э, Э, Э, Б гэсэн дэслэгч, ахлах цолтнууд нийлж хэргийг үйлдсэн бөгөөд аймгийнх нь цагдаагийн газар дотооддоо хэргийг шалгаж, урьдчилсан байдлаар хүчирхийлсэн болохыг нь тогтоочхоод буй. Охинтой бичсэн чат, дуудлага гэх зэрэг олон нотлох баримтаар эл үйл явдал гэрчлэгдэж байгааг эх сурвалжууд хэлж байгаа юм.
Урьдчилсан байдлаар нотлогдсон тул Улаанбаатар хот дахь мөрдөн байцаах албаны дэргэдэх тусгай субъект рүү хэргийг шилжүүлсэн ба одоогоор тусгай субъект хэргийг шалгаж байгаа аж. Харин охиныг хүчирхийлсэн алба хаагчид одоог хүртэл ажлаа хийсэн байдалтай байна.
Бид эл хэргийн хүрээнд “Өсвөр насны хүүхдийн өөрийн үнэлэмж болон түгшүүр”-ийг харьцуулж, магистрын зэргээ хамгаалсан сэтгэл судлаач Ш.Хонгорзултай ярилцлаа.
-Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог тогтворгүй байдаг. Амархан уурладаг. Амархан гомддог. Сэтгэл хөдлөл өндөртэй байдаг. Сэтгэл хөдлөл өндрөөсөө болоод, алдаатай ямар нэгэн буруу шийдвэр гаргах магадлал өндөр болдог.
Тайван, аюулгүй байдлыг хүүхэд гэр бүлийнхнээсээ мэдрэх ёстой. Үе, үе гэрээсээ дайжаад байна гэдэг эцэг, эхийнх нь харилцаанд болон хүүхэдтэйгээ харилцах харилцаанд нь ямар нэгэн асуудал байх магадлалтай гэсэн үг л дээ. Хүүхэдтэйгээ нээлттэй ярилцдаггүй, сонсдоггүй, анхаардаггүй байх талтай ч юм уу.
-Өсвөр насны хүүхэдтэй аав, ээжүүд хүүхэдтэйгээ хэрхэн харилцах ёстой юм бэ?
-Эцэг эхчүүд хүүхдээ гурав хүртэл насанд нь үйлдэл бүр дээр нь анхаарч, туслаад, зөвлөөд явдаг хэрнээ одоо том болчихлоо, биеэ даачихна гээд анхаарал, хяналтаа сулруулчихдаг. Бага насанд нь анхаардаг шигээ өсвөр насанд нь дахин нэг анхаарал халамж тавьж, сонсож, ярилцах хэрэгтэй. Хүүхдээ шүүмжлэхгүйгээр сонсох, нээлттэй сайн яриулах нь чухал. Яг өөд, өөдөөсөө харж суугаад дуу хөгжим гэх мэт анхаарал сарниулах элдэв юмсгүйгээр орчин бүрдүүлж ярих нь чухал.
-Гэрээсээ дайжаад, зан ааш нь өөрчлөгдөөд байгаа хүүхдэдээ хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авч, хэрхэн харьцвал зөв бэ?
-Хүүхдээ хэнтэй, хэзээ, хаана найзалж, нөхөрлөж байна гэдгийг хөндлөнгөөс ажиглаж байх хэрэгтэй. Ихэнх эцэг эхчүүд хүүхдэдээ өөрийнхөө сэтгэл зүйн онцлог, сэтгэл зүйн байдлаараа “тэгэх ёстой”, “ингэх ёстой”, “битгий” гэж зөвлөөд байдаг. Хүүхдийнхээ төрөлх сэтгэл зүйн онцлогийг нь таньж мэдэх хэрэгтэй. Ингэхийн тулд мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, сэтгэл зүйн онцлогийн тодорхойлолт хийлгэх нь зохимжтой.
-Гэмт хэрэгт өртсөний дараа сэтгэл зүйн засал, эмчилгээ үйлчилгээ заавал хийлгэх ёстой юу, хийлгэхгүй удвал ямар сөрөг үр дагавартай вэ?
-Ялангуяа бэлгийн хүчирхийлэлд өртсөний дараа сэтгэл заслын тусгай эмчилгээ, зөвлөгөөнд заавал явах шаардлагатай. Сэтгэл заслын эмчилгээ авахгүй бол сэтгэлийн шарх үүснэ. Сэтгэлийн гэмтлээсээ болоод насанд хүрсэн хойноо магадгүй амиа хорлох, хүнтэй суусны дараа нөхөртэйгөө харилцах харилцаанд нь асуудал гарна. Энэ мэтээр харилцааны ямар нэгэн асуудал насан туршид нь дагана аа гэсэн үг. Хэрэг үйлдсэн цагдаа нарын тухайд ч сэтгэл зүйн асуудал байх магадлалтай гэж үзэж байна.
-Тэгэхээр хүүхдэдээ сайн анхаарч, ярилцахгүй бол гэмт хэрэгтэн, эсвэл гэмт хэргийн хохирогч болох магадлал өсдөг байх нь ээ?
– Тийм.