Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, өндөр уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний цас эрчимтэй хайлж, хөрсний ус, булаг гаран, халиа тошин үүсэн, айл өрх, гудамж талбай усанд автах, шар усны үер буух эрсдэл өндөр байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүйгээс шар усны үерээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний талаар тодрууллаа.
–Шар усны үерийн нөхцөл байдал ямар түвшинд байна вэ. Хэрхэн урьдчилан сэргийлж, хариу арга хэмжээ авч байна вэ?
-Нийт нутгаар ойрын 30 жилийн хугацаанд ороогүй их хэмжээний хур тунадас орсон. Энэ нь шар усны үерийг эрсдэлийг 2-3 дахин нэмэгдүүлж байгаа. Улаанбаатар хотын хувьд шар усны нэн аюултай түвшинд байна гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Шар усны үерээс урьдчилан сэргийлэх хүрээнд холбогдох байгууллагуудаас шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Тодруулбал, их хэмжээгээр хуримтлагдсан цасыг аюулгүй, урсацтай газар зөөн шилжүүлэх, суваг шуудуу татах зэрэг ажлыг хийж буй. Мөн өчигдөр орсон их хэмжээний цас шар усны үерийн эрсдэлийг нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл, өглөө орсон цас үдээс хойш хайлж, өчигдрийн байдлаар 24 удаагийн дуудлага, мэдээлэл ирж, холбогдох байгууллагуудын албан хаагчид ус соруулан, суваг шуудуу татаж, шаардлагатай айл өрхийг нүүлгэн, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
–Шар усны сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг иргэдэд хэрхэн хүргэж байгаа вэ?
-Улаанбаатар хотод халиа тошин үүссэн 33 байршил бий. Тухайлбал, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх, Налайх дүүрэг эрсдэл өндөртэй бүсэд орж байгаа юм. Түүнчлэн үерийн өндөр эрсдэлтэй бүсэд байгаа 1900 орчим айл өрхийн 500 орчим нь зөвшөөрөлгүй буусан айл өрхүүд. Холбогдох байгууллагуудаас айл тус бүрд очин нүүлгэх тухай мэдэгдлийг хүргэхийн зэрэгцээ хүн олноор суурьшдаг байршлуудад хөдөлгөөнт дуут дохио ажиллуулж, цахим хуудсуудад урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээ, хариу арга хэмжээ авах заавар зөвлөгөөг бичлэг болон зураг хэлбэрээр түгээж буй. Мөн Онцгой байдлын ерөнхий газраас шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
–Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхүүдэд нүүх байршил зааж өгч байгаа юу?
-Нийслэлийн Онцгой байдлын газраас “Шар усны үерээс урьдчилан сэргийлж, урьтаж хамгаалъя” уриан дор “Нэг хот, нэг гэр бүл” аяныг эхлүүлсэн. Энэ хүрээнд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тухайн айл өрхүүдэд нүүх боломжтой байршлууд зааж өгсөн. Харамсалтай нь иргэд сайн дураараа нүүх сонирхолгүй байдаг. Энэ нь шар усны үерт автах эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа юм. Үерийн эрсдэлтэй, зөвшөөрөлгүй газарт суурьшиж буй ихэнх иргэд хөдөө орон нутгаас шилжиж ирсэн. Нэгэнт худалдаад авчихсан газраасаа нүүх сонирхолгүй байх нь аргагүй ч эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөө эрсдэлд оруулахгүй байх үүднээс мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийг даган хамтарч ажиллах нь чухал. Мөн иргэд гэрийнхээ ойр орчмын үер орж ирж болзошгүй газарт суваг шуудуу татах, шуудай элсээр хамгаалалт хийх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж буй мэдээллийг цаг алдалгүй авч, сонор сэрэмжтэй байх зэргээр үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.
Эx Сурвалж: НЗДТГ