Төслийн эхлэл нэвтрүүлгийг ЭНД дарж үзнэ үү
Эх орон гэх хоёрхон үгний цаана бидний амьдрал, утга учир, үнэ цэн агуулагдаж байдаг. Эрхлэх эх оронтой, өлгийдөж авах газар нутагтай байна гэдэг юугаар ч үнэлшгүй их хувь заяа юм. Олон жилийн түүхийг агуулж буй бидний эх орон мандах цагтаа мандсан. Гундах цагтаа гундсан. Мандах цагт нь өлгийдүүлж байсан эх орноо, гундах цагт нь залуус бид өлгийдөж явах учиртай юм.
Иймийн учраас өрөг.мн сайт “ЭХ ОРОНДОО ҮЛДЭНЭ” медиа төслийг эхлүүлж буйгаа дуулгахад таатай байна. Бид төслийн хүрээнд есөн ажил хэрэгжүүлнэ. “ЭХ ОРОНДОО ҮЛДЭНЭ” медиа төслийг нээж монголыг сонгож амьдрах болсон гадаад иргэдээс, бидний анзаарч хараагүй ямар боломжийг эндээс олж харсан, монгол орны талаар ямар сайн, сайхан бодол тээж явдаг талаарх яриаг хүргэж байна.
ТАРХИА АЖИЛЛУУЛЧИХВАЛ ГУРАВХАН САЯ ХҮН ДУНДААС ДЭЭШ ГАРАХАД АМАРХАН
Монголд 13 жил амьдарч буй Америк гаралтай Leo Pedro. Тэрбээр СУИС-ийн хоёрдугаар дамжааны оюутан юм. Leo Pedro Монголд амьдрахын давуу талыг, залуус амьдралынхаа эхлэлийг тавихад таатай газар гэж онцлоод дараах зүйлсийг хэллээ.
Энэ талаар Leo Pedro “Би өөрөө Монголд амьдрахыг сонгосон. Манай аав Америк хүн л дээ. Намайг Америкт ирээд сур. Их сургууль, бүх зүйлийг нь зохицуулъя гэсэн. Даанч Америк ямар орчинтойг би мэддэг юм. Муу талыг нь ярихад тэнд маш олон хүмүүс гэр оронгүй, гал түлээд л гудманд амьдардаг. Амьдрахад энд байгаа шиг амархан биш гэсэн үг. Зөвхөн Америк ч биш. Японд амьдаръя гээд бодох юм бол цэцэрлэг, дунд сургууль, их сургууль нь маш өндөр төлбөртэй. Би бараг дунд сургуулиасаа эхлээд хар ажил хийж, сургалтын төлбөрөө олох шаардлагатай болно. Хятадад очъё гэвэл нэг тэрбум хүн амаас өрсөлдөж, гарах маш хэцүү байх болно. Монгол гуравхан сая хүн амтай. Тархиа ажиллуулчихвал дээшээ гарах боломж маш их гэж үздэг.
Жаахан муухай сонсогдож магадгүй ч миний бодлоор монголчууд нэлээн залхуу. Үүнийг томчуудаас анзаарсан юм. Тэдэнд байгаа зорилго гэвэл нэг машинтай болох. Тэр нь нэг приус 20,30. Нэг байртай болох. Тэр нь бас л 2-3 өрөө байр. Нэг, хоёр хүүхэдтэй болоод сургуулийг нь болгоё гээд, үүн дээр зорилго нь төгсчхөж байгаа юм.
Хэдүүлээ Африкт төрсөн байсан бол яах юм. Өмсөх гутал, уух ус байхгүй. Тэд, гэртээ хэвтээд, аав ээжийгээ зараад, хүссэн үедээ хөргөгчөөсөө хоол идээд, огт ажил хийх шаардлагагүй залуусыг хараад үнэндээ л уйлна. Ямар жаргалтай амьдардаг хүмүүс вэ гэж. Үүнийг ойлгохгүй манай залуус илүү зүйл рүү шуналддаг. Монголд, гэртээ аав ээжийгээ зараад, гэрээ цэвэрлэхээсээ ч ядардаг хүмүүс Америк, Япон зэрэг хэцүү газар луу очвол зовно.
МОНГОЛ БОЛ ЭХЛЭЛ ТАВИХАД ХАМГИЙН БОЛОМЖТОЙ ОРОН
Хэцүү амьдрал, хэцүү орчин, хэцүү нийгэм чадварлаг, хүчтэй хүнийг төрүүлдэг. Хүчтэй хүн сайхан нийгэм, сайхан орчин, сайхан бүх зүйлийг бүтээдэг. Миний хувьд амьдрал гэдэг зүгээр л тоглоом. Бид бүгдээрээ тоглогч. Хамгийн сайн тоглож чаддаг нь дээшээ гараад ирдэг. Чаддаггүй нь доор үлддэг. Тиймээс залуус тархиа сайн ажиллуулаад, ухаантай болоод ном уншаад, эргэн тойрноо судлаад энэ тоглоомоор тоглоод сурчихвал зовох юм байхгүй. Монгол бол эхлэл тавихад боломжтой орон.
Залуучууд эх орны тухай сэтгэлгээтэй баймаар байна. Нэгэнт монгол хүн болж төрсөн. Хэрвээ монгол маш том улс байсан бол гадаад явахдаа би монгол хүн гээд бахархалтайгаар хэлнэ шүү дээ. Үүнийг бид өөрсдөө бүтээх боломжтой. Тэгэхээр бөөнөөрөө хамтдаа хичээгээд эх орноо хаяхгүй байж, дэлхий дээрх хамгийн сайхан газраа бүтээвэл тэр чинь л бидний сэтгэлийн жаргал болох юм.
Монгол хүн танд би ийм зөвлөгөө өгөх санаа зовмоор байгаа биз дээ. “Монгол маш гоё. Энд амьдаръя аа” гэж намайг та нар намайг уриалах ёстой. Та нарыг би биш. Тийм болохоор бүгдээрээ хамтдаа хичээцгээе.
Харин Levent Kaya Туркаас гаралтай. Монголд насан туршдаа амьдрах хүсэлтэй тухайгаа бидэнд хэлж, монголын хэл соёлыг биширдэг талаар онцолсон юм. Мөн тэрбээр эх орноосоо зугтаах хүсэлтэй залуусыг хараад харамсдаг гэж ярилаа.
ТАЙВАН АМГАЛАН АМЬДРАХЫГ ХҮСДЭГ УЧРААС НАСАН ТУРШДАА МОНГОЛД АМЬДАРНА
Тэрбээр, “Ийш тийш олон газраар аялж, олон оронд амьдарч. Монголд ирэхийг би өөрөө сонгосон. Монгол нутаг миний бодлоор дэлхийн хамгийн сайхан нутгийн нэг. Би найзынхаа англи хэлний сургалтын төвд англи хэлний хичээл зааж байсан юм. Тэр ангид есдүгээр ангийн нэг сурагч сууж байлаа. Тэр залуу, “монгол нутагт хүний сонирхлыг татах юу ч байхгүй. Би монголд дургүй. Би эндээс явмаар байна” гэж хэлээд, надаас монголд ямар зорилгоор ирснийг асууж байсан. Би түүнд, монголд ирэхийг өөрөө сонгосноо, монгол надад маш их сонирхолтой байсныг, би үхтлээ монголд амьдармаар байгаагаа хэлэхэд тэр гайхсан. Би Станбул хотод 12 жил амьдарсан л даа. Дандаа шуугиантай. Ийш тийш хөдөлгөөн ихтэй. Энэ бүхнээс би залхсан. Тэгээд би ядраад, тайван амгалан амьдрахыг хүссэн хэрэг.
Орчин үе бол рекламын ертөнцийн үе. Дэлхийн хүн ихтэй. Хөдөлгөөн ихтэй. Магадгүй тэр талаараа хөгжил ихтэй орнууд сурталчилгаагаа сайн хийгээд, ялангуяа залуусын сонирхлыг татаж байгаа. Сурталчилгаанд автахаас өмнө юмсын цөмийг ойлгохыг санал миний хувьд залууст санал болгоно” гэж ярилаа.
Түүнчлэн Англи хэлний багш Danish бидэнтэй сэтгэгдлээ хуваалцсан юм. Түүний аав Пакистан, ээж Монгол. Тэрбээр ээж байгаа газар эх орон бий гэж онцлоод, эх орныхоо төлөө хамтдаа хичээхийг залууст уриаллаа.
ЭЭЖ БАЙГАА ГАЗАР ЭХ ОРОН БИЙ. БИ МОНГОЛЫГ “ХАЯХГҮЙ”
Энэ талаар ярихдаа, “Би нэлээн олон орноор аялаад ирсэн. Пакистантай харьцуулбал манай эмэгтэйчүүд өөрийнхөө хүчтэй гэдгийг харуулах давуу тал олон. Пакистанчууд Исламын шашинтай улс учраас эмэгтэйчүүдийн тал дээр хязгаарлагдмал байдаг. Залуусын хувьд бид өөрсдийгөө илэрхийлэх чадвар ч илүү их байдаг гэж хардаг.
Хүүхдүүд монголоос л явчихвал болно гэж бодоод байдаг. Гэхдээ дараа нь эх орон руугаа буцах юм сан гэж бодох үе байдаг л юм. Өөр улстай харьцуулахад эх орноосоо зугтаая гэдэг залуустай орон байдаггүй л байх. Хамгийн гол бид өөрсдөө улсаа өөрчлөх ёстой шүү дээ. Зугтаах биш. Бид ээжийгээ муухай байна гээд хаяад явдаггүй. Гэр маань муухай байна гээд өөр айлд амьдардаггүй биз дээ. Яг үүнтэй адилхан биднээс өөр эх орноо авч явах хүн байхгүй. Одоо гадуур найзуудтайгаа явахад зүгээр хогоо гадагшаа хаячихдаг. Би найзууддаа хэлдэг юм. “Зүгээр хогийн саванд хаячхаач дээ” гээд. “Яах юм угаасаа хүн болгон хаяж байна” гэдэг. Хүн болгон хаяж байгаа үгүй нь ямар ч хамаагүй. Дэлхийгээс хармаар байгаа өөрчлөлтөө өөрөөсөө эхлэх хэрэгтэй л гэж боддог. Бүгдээрээ л гадагшаа явж амьдармаар байна гээд байдаг. Тэнд амьдрахад бид монголд байдаг шиг халуун дулаан уур амьсгалыг хүлээж авч чадахгүй.
Миний хувьд Канад Руу явах хүсэлтэй байгаа. Гэхдээ Монгол руу буцаад ирнэ. Яагаад гэвэл миний гэр бүл энд байгаа. Тэгээд бас ээж байгаа газрыг эх орон гэдэг учраас бид буцаад монголдоо ирэх ёстой. Бид улсаа хөгжүүлэх ёстой. Утаа, түгжрэл, нийгмийн бухимдал зэрэг асуудал эх орноо хаях шалтгаан байх ёсгүй” гэсэн юм.