“Сайн байна уу” хөрөг нэвтрүүлгийн шинэ дугаарт Зариг.мн сайтыг үүсгэн байгуулагч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг оролцлоо. Сүүлийн хагас жил шахмын хугацаанд амаргүй урт өдрүүдийг туулж буй түүнтэй бид цаашид хэрхэх төлөвлөгөөтэй байгаа талаар ярилцсан юм.
ХҮН ЭРХ ЧӨЛӨӨГҮЙ БОЛ ХЭН Ч БИШ
-Сүүлийн саруудад таны хувьд өөртэйгөө нүүр тулах, дотоод хүнээ сонсох нь элбэг байсан байх. Өдрийг хэрхэн өнгөрөөж байна.
-Гэрээ цэвэрлээд, хүүхдүүдээ асраад гэж худлаа хэлэхгүй ээ. Амар биш байна. Дүүгийнхээ төрсөн өдрөөр баригдаад явсан. Дөрвөн сар хүнд байдалтай байлаа. Яах аа мэдэхгүй, заримдаа маш их гомдож харуусаж, тэсэрмээр дэлбэрмээр болтлоо бухимдаж байна. Зарим үед нь ухаарч байна. Дэгэн догонтой л байна даа. Эрх чөлөө гэдэг ус агаар, ууж идэх гээд бүхнээс илүүг ойлголоо. Хүн эрх чөлөөгүй бол хэн ч биш.
ШУДАРГА БУС НИЙГМИЙГ ТООЦООЛЖ ЧАДААГҮЙДЭЭ ХАРАМССАН
-Азаар хүний бодлыг хорьж болохгүй юм. Та юу бодож байна?
-Юун дээр алдчихав аа гэж их бодлоо. Тийм гэмт хэрэг хийгээд, тийм хохирол учруулаад энэ дээр алджээ гэж бодохоос илүү орчин цагаа мэдрээгүй, ямар нийгэмд амьдраад байгаагаа, хууль хяналтын байгууллага нь ямар болсныг, улс төрчид ямар болсныг, сэтгүүл зүй ямар байран дээр байгаа, энэ бүгдийг тооцоолж бодож чадаагүйдээ маш их харамссан.
Өнөрцэцэг гэж хэн бэ гэдгээс шалгалтын ажиллагаа эхэлсэн. Хүнээр бол бүх хувцсыг нь тайлж байгаад шалгалаа. Ноцтой гойд зүйл байхгүй гэдгийг би ээж аав, нутаг, уул ус гээд бүх нэр төрөөрөө андгайлж 200 хувь баталгаатай хэлж чадна. Би ямар нэг гэмт хэрэг хийсэн бол өнөөдөр ингэж суухгүй. Хорих ангид өнгөрөөсөн энэ урт өдрүүдийн ард түмэн олон минь надтай хамт байсан нь сайхан.
-Сая өнгөрсөн асуудлыг хүмүүс янз бүрээр л ярьж байна. Гэвч Өнөрцэцэг гэж хүн яг хэн юм бэ?
-Өдий зэрэгтэй ингээд явж байгаа нь миний ээж аавын л гавьяа гэж боддог. Ээж аав маань алт эрдэнэс өгч, хүний хүүхдүүдтэй адил сургалтын төлбөрийг маань бэлдэж өгөөгүй ээ. 120 литрийн савтай айраг өгөөд л явуулдаг байса. Хувцсаа бэлд гээд л. Тэгээд л би хот руу айргаа оруулж ирээд усны тэргэн дээр түрж “айраг аваарай” гээд л зардаг. Айргаа зарж дуусаад хувцсаа аваад явдаг байлаа. Жаахнаас нь эхлээд л бүх зүйл дээр биеийг нь даалгачихсан. Ажлын гараан дээр гарч ирээд би ажлаа ч цэвэрлэдэг байсан. Өглөө ажилдаа ирэхдээ хоёр талдаа аарц бариад автобусанд явдаг. Ажлынхандаа нэг аяга аарц 2000 төгрөгөөр өгөөд л. Эсрэг талын ажлын газар луу орж 2000 төгрөгөөр өгөөд л. Бүх зүйлийг л бүтээж ирсэн.
ЁС ЗҮЙН АЛДААГАА ҮГҮЙСГЭХГҮЙ
-Таныг буруугүй байхад хорьсон хэрэг үү?
Сая бүх зүйлээ шалгуулсан гэсэн шүү дээ. Тэгэхдээ би өөрөөрөө бахархсан. Магадгүй ёс зүйн хувьд дэгэн догон бий. Би үүнийг хаана ч хэлнэ. Арван хуруу тэгш хүн байдаггүй байх. Үүнийг би өмгөөлөхгүй. Заримдаа үнэхээр санаандгүй алдчихдаг. Заримдаа шатаад алдчихдаг. Заримдаа эр бяртай яваа юм болохоор, хүн бүр Өнөрөө чи мундаг шүү гэж байгаа юм болохоор үүнд цадаж алдаа гаргадаг. Олон зүйл бий. Мэдээж ёс зүйн асуудлаа 100 хувь өөгүй өндөг шиг гэхгүй.
Хоригдох шалтгаануудын маш том үндэслэл болсон. Цэргийн албанд хүний эрхийн зөрчил байгааг, ардын хүүхдүүдийн асуудлыг хөндсөн тэр хэлэлцүүлэг бол нийгмийг донсолгосон. Тэрний цохилт над дээр их томоор ирсэн нь энэ. Миний хувь заяа , миний эрх чөлөө, миний бүх зүйлд том цохилт авчирсан ч гэсэн би тэр үед өөрөөрөө бахархсан. Одоо ч бахархал нь бий.
Би бүр хувийн амьдрал байхгүй юм шиг амьдарсан байгаа юм. Ажил дээрээ үр дүнд хүрчихээр бяр нь амтагдана гэдэг шиг чадчихлаа гээд өөртөө урам өгөөд явж байдаг. Ялангуяа зовж зүдэрсэн хүүдийн харц өөрчлөгдөх үед Өнөрцэцэгээ би чамаар бахархаж байна гэж хэлдэг.
УЛС ТӨРИЙН НАМУУДААС САНАЛ ТАВЬЖ БАЙГАА
-Цаашид та хэрхэх вэ? Нам жим амьдрах уу, илүү асах уу?
Хүмүүс янз янзаар хэлж байна. Улс төрийн намууд санал тавьж байна. Чи одоо нэр дэвш гэх мэтээр.
Ойр тойрны хүмүүс одоо сэтгүүлчээр ажиллаад яах юм. Дахиад даргын болохгүй бүтэхгүйг илчлэхээр, асуудал хөндөхөөр 30 гишүүн чиний дайсан болно. Дахиад БЗС-гийн асуудлыг хөндөхөөр 40 гишүүн чиний дайсан болно. Одоо чи ажиллаад яах юм бэ гэдэг. Миний унаган зан бол маш хөдөлмөрч. Юуг л бол юуг л хийнэ. Яаж л бол яаж л хийнэ. Зогсохгүй. Би хүүхдээ тэжээх тал дээр хэнээс ч илүү хөдөлмөрлөнө. Хаана ч миний орон зай байгаа.
Одоо амиа бодох уу, эсвэл энэ бүхнийг туулаад мэдэрсэн хүний хувьд тэмцэх үү гэдгээ бодож л байна. Би нэг мөрөөдөлтэй байсан юм. Тэр бол өмгөөлөгч болох. Өмгөөлөгч бол миний хийх ёстой ажил юм байна гэж бодоод байгаа.
-Ингэхэд Зариг.мн сайтын долоон жилийн ойн баярын мэнд хүргэе. Та хамт олондоо их хайртай байх. Энэ талаар яриач?
-Хамт олноо бодохоор их хэцүү байдаг юм. Сүүлийн саруудад хамт олноо үнэхээр зовоочихлоо. Нэг нь ч ажлаасаа гараагүй. Яг миний үр хүүхэд шиг байсан. Зарим нь гадуурхагдаад л. Эрхлэгч нь гэмт хэрэг хийсэн юм шиг. Асар их сэтгэл зүйн дарамтад манай хамт олон байсан. Би өөрөө ганцаараа зовсон гэхээс илүү хүмүүсийг зовоосондоо харамсаад байдаг. Тэр хүмүүс сайхан амьдрах ёстой. Эзэн ганцаараа сайхан амьдрах биш. Тийм хүсэл тэмүүллээр би хамт олноо хайралдаг. Хамт олондоо баярлалаа. Эрхлэгчийгээ уучлаарай. Бүгдээрээ ийм л хувь тавилантай байсан юм байлгүй. Мэдээж өнөөдөр бүгд гунигтай байгаа ч маргааш инээх өдөр ирнэ. Тэрэнд итгээрэй гэж хэлмээр байна. Мөн бидэнд итгэдэг монголын иргэд олон нийт бий. Та бүхэндээ Зариг.мн сайтын долоон жилийн ойн баярын мэнд хүргэе.