“МАНАН мафийг устгаж чадах ганц хүн нь Л.Оюун-Эрдэнэ сайд” гэж бичсэн ОУХМ сагсчин Т.Санчирын пост цахим сүлжээнд олон нийтийн бухимдлыг төрүүлээд байна. Иргэдийн дийлэнх нь түүний энэхүү үйлдлийг үгүйсгэж буруутган, найман жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ юуг ч өөрчилж чадаагүй. Дамдин аваргын ач хүү “Данхан толгойтын тролл” болчхов уу гэх мэтээр шүүмжилж буй юм.
Сагсчин Т.Санчир нийтлэхдээ, “Ах нарыг би олон жил итгэж найдаж хүлээж ханалаа. Нэгийг нь солиод нөгөөг нь гаргаад 30 жил өнгөрчээ. Энэ хугацаанд юу ч өөрчлөгдсөнгүй. Тэдэнд өөрчлөх сэтгэл түй ч алга. Нам харгалзахгүй хувааж, идэж ууж, цөлмөх л хүсэл тэдэнд бий. Ээлжилж идэж ууж бие биедээ шаардлага тавьж чадахааргүй болтлоо “төмсөгдүүлжээ”. МАНАН байгаа цагт нэг ч авлигач шоронд орохгүй хуулийн хариуцлага хүлээхгүйг бид хангалттай харж байна. Одоо больё. 30 жил юу ч хийгээгүй ах нар одоо хангалттай. Гурван жилд засах гэж хичээж байгаа залуу хүнд би энэ жил итгэж үзнэ ээ. МАНАН мафиг устгаж чадах ганц хүн нь Л.Оюун- Эрдэнэ болон түүний Засгийн Газар. Яагаад гэвэл тэр залуу хүн хэн нэгний халаасанд ороогүй хүн учраас би Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг дэмжиж байна” гэжээ.
Жил бүрийн сонгуулиар аль ч улсад олны танил хүмүүс энэ байдлаар иргэдийн анхааралд өртдөг. Тэд хувь хүний жинхэнэ үзэл бодлоо илэрхийлсэн бай, үгүй ч бай шүүмжлэлтэй нүүр тулдаг нь нийтлэг дүр зураг юм.