90 гаруй жилийн түүхтэй Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, тууштай ажилласан эмч мэргэжилтнүүдээ хүүгүй, урьдчилгаагүй орон сууцаар хангахын дээр орон нутагт ажиллахаар ирсэн шинэ боловсон хүчнүүдийг байртай болгох боломжийг нээжээ. Үүнд зөвхөн эмнэлгийн ажилтнууд бус тууштай ажиллах нийт төрийн албан хаагчдыг хамруулах боломжтой юм. Энэхүү эмнэлэг одоогоор 300 гаруй ажилтантай ч хүний нөөцийн асуудал тулгамдаж буй. 30-39 насны эрч хүчтэй залуу баг бүрдүүлж амжсан эмнэлгийн байгууллагад хотоос гэр бүлээрээ суурьшихаар ирсэн боловсон хүчнүүд олон бий.
Тэд шилдэг боловсон хүчнээр дамжуулан орон нутаг болон олон улсын санхүүжилтийг авч орчин үеийн тоног төхөөрөмж бүхий хөгжлийг дэмжих, удирдлага зохион байгуулалтыг бэхжүүлэн, нотолгоонд тулгуурласан чанарын баталгааг хангах аргуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх замаар эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилго бүхий ажиллаж байна.
Түүнчлэн орон нутгийн, хөдөөгийн эмнэлэг гэхээр чадваргүй эмч мэргэжилтнүүдтэй мэт хүлээж авдаг олон нийтийн хандлагыг халж, залуу эмч нараа гадаадын эмнэлгүүдэд дадлагажуулан чадварлаг боловсон хүчин бэлдсээр уджээ. Энэ мэтчилэн сургалт, хөгжлийн асуудлыг эмнэлгийн удирдлага анхааралдаа авч цаашид ч дэлхийн шилдэг эмнэлгүүдтэй хамтран ажиллахаар гэрээлээд буй юм.
АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ХАВДРЫН МЭС ЗАСАЛ ХИЙДЭГ БОЛНО
Бид Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчилгээ үйлчилгээний дэвшил, хөгжлийн талаар Мэс заслын тасгийн эрхлэгч М.Бямбацогттой ярилцлаа. Тэрээр 2014 оноос энэхүү эмнэлэгт мэс заслын эмчээр ажиллаж байгаа. Түүний эхнэр мөн л нэгдсэн эмнэлэгт эмчээр ажилладаг аж. Сэлэнгэ аймагт төрж өссөн тэд ард олныхоо эрүүл мэндийн төлөө, эмнэлгийн чанар үйлчилгээг сайжруулах зорилго тээн ийнхүү ажилласаар байна.
Тэрээр ярихдаа, “Би өөрөө Сэлэнгэ аймагт төрсөн хүүхэд учраас анх суралцаж байхдаа аймагт хийдэггүй мэс заслыг орон нутагтаа нэвтүүлэхийг зорьсоор ирсэн. Төгсөж ирээд Сэлэнгэ аймгийн иргэд хот руу явах урсгалыг багасгах асуудалд анхаарлаа хандуулсан юм. Нэгдүгээр асуудал бол заавал хот руу явж үйлчилгээ авах нь иргэдэд эдийн засгийн төвөгтэй байдал үүсгэдэг. Зөвхөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаас гадна байр, хоол унд, хамт явах хүн гээд санхүүгийн асуудал тулгамдана. Энэ зардлыг багасгаж Сэлэнгэ аймагтаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаг иргэдийн тоог нэмэхийг зорьсон гэсэн үг. Ирээд энэ зорилгынхоо тодорхой хэсэгт хүрсэн гэж боддог. Эхний ээлжид бүдүүн шулуун гэдэсний мэс заслын тусламж үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн. Үүний дараагаас дурангийн мэс заслын төрөл чанарыг нэмэгдүүлж олон өвчтөнд ач тусыг нь хүргэхээр зорьсон юм. Үүнд зөвхөн цөсний хагалгаа биш, мухар олгой авах, ивэрхийн мэс заслууд багтана. Дээрээс нь эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслыг эмэгтэйчүүдийн эмч нартай хамтарч орон нутагтаа үе шаттайгаар нэвтрүүлж эхэлсэн. Мөн урологийн буюу бөөр, шээсний замын мэс заслын нэг эмчтэй байсан бол хоёр эмчтэй болсон. Энэ чиглэлийн тусламж үйлчилгээ сайжирч байгаа. Харин энэ жилээс бүдүүн гэдэс, ходоод болон элэгний хавдрын мэс засал хийж эхлүүлэхээр зорьж байна” гэв.
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД АМЬДРАХ 120 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИХ САНААЧИЛГА ГАРГАЖЭЭ
М.Бямбацогт эмчид Буриад, Турк улсын эмнэлгээс ажиллах боломж олдож байсан ч зам харилцаа, дэд бүтэц хөгжсөн төрөлх нутагтаа ажиллах замыг тэр сонгосон юм. Орон нутагтаа өөрийн авьяас, чадвар, сэтгэлээ гаргаж ажиллахаар зориг шулуудсан залуу гэр бүл ямар шалтгааны улмаас хотын эсвэл гадаадын том эмнэлэг бараадалгүй энд суурьших болов?
М.Бямбацогт эмчийг бага байхад түүний аав авто ослоор өөд болж, хоёр жилийн өмнө охин нь осолдон хүнд бэртэл авчээ. Эдгээр хүнд үеүдэд орон нутаг дахь эмнэлгийн хүн хүчний асуудал, тоног төхөөрөмжийн дутагдлаас үүдэн өвчтөнүүд хугацаа алдаж буйд эмзэглэн ийн зориг шулуудсан аж. Хөдөөгийн иргэд ч мөн эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай, чанартай авах ёстой. Урдаа тавьсан том зорилгоо биелүүлэхийн тулд байр сууцнаас эхлээд хувийн асуудлаа шийдэх шаардлага үүсэх нь зүйн асуудал. Ирсэн цагаасаа хойш түрээсийн байранд амьдарч байсан тэр өөртэй нь ижил залуу эмч, төрийн албан хаагчид энэ зовлонг туулж буйг анзааран залуу эмч нар, эмнэлгийн удирдлагуудтай хамтран аймгийн захиргаанд орон сууц барих санал гаргасан байна. Улмаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газраас саналыг дэмжиж ОНХС-гийн төсвөөр төлөвлөсөн ажил биелэлээ олоод амжжээ.
Энэ талаар М.Бямбацогт эмч ярихдаа, “Тухайн үед зөвхөн эмч гэхээс илүү орон нутгийн төрийн байгууллагад ажиллаж буй залуусын байрны асуудлыг орон нутгийн удирдлагууд шийдье гээд эхний байдлаар, эргэн төлөх нөхцөлтэй, урьдчилгаагүй, зээлийн хүүгүй 120 айлын төрийн албан хаагчдын байр барих шийдвэр гарсан. Би өөрөө одоо тэр байрандаа амьдардаг. Бидний хүүгүй, урьдчилгаагүй төлж байгаа мөнгө нь эргэн сандаа төвлөрөөд, төвлөрсөн мөнгөөрөө дараагийн төрийн албан хаагчдад байр барих циклээр ажиллаж байна. Сайн эмч байхын тулд хамгийн гол нь хүн байх явдал. Хоёрдугаарт эзэмшсэн мэргэжилдээ үнэнч, өөрийгөө өдөр тутамдаа сайжруулдаг, хөгжүүлэхийг зорьдог л байх ёстой” гэсэн юм.
АМЖИЛТАД ХҮРЭХЭД ГЭР БҮЛИЙН ЭНТЭЙ ХАЛУУН ДУЛААН УУР АМЬСГАЛТАЙ ХАМТ ОЛОН ЧУХАЛ
Эмнэлгийн шижигнэсэн залуу хамт олон энэ мэтчилэн ажлуудыг хийж, дараагийн боловсон хүчнүүдийг Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллахыг урьж байна. Энэ талаар Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн эмч Т.Бүрэнжаргал ярихдаа, “Хотод л гоё, шинэ соргог зүйл байдаг. Хотод бүх зүйл илүү чөлөөтэй байдаг гэж залуус бодох нь бий. Мянга сонсохоор нэг үз гэдэг шүү дээ. Тэгэхээр оюутан залуус манай эмнэлэгт ирээд үзээч ээ. Ядаж дадлагаа ирээд хийгээч ээ. Энд ямар сайхан нөхцөл, боломж байдгийг хараасай гэж бодож байгаа. Ажилдаа ирэхэд халуун дулаан уур амьсгалаар хүлээж авах хамт олон гэдэг маш чухал. Амжилтын үндэс бол хоёр дахь гэр болсон ажил шүү дээ. Сайхан орчин бүрдээд ирэхээр хүний гаргах амжилт их байдаг. Манай Сэлэнгийн хамт олон намайг оюутан байх цагаас өлгийдөж авсан. Хоёрдугаар курсээс эхлээд их эмч болоод төгсөн төгстлөө зунжин ажилладаг байсан. Хүний чин хүсэл гэдэг өөр шүү дээ. Төгсөөд ирэхэд хэзээний түр сургалтад яваад ирж байгаа эмч мэт халуун дотноор намайг хүлээж авсан. Ажил бол миний хоёр дахь гэр. Үргэлж эрүүл, тайван байх нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Манай аймгийн хувьд зам харилцаа сайтай, дэд бүтэц сайн хөгжсөн гээд давуу тал олон бий” гэв.
ХҮНИЙ НӨӨЦИЙН АСУУДЛААС ҮҮДЭЖ ТЭТГЭВЭРТЭЭ ГАРСАН АРАВ ГАРУЙ АХМАД ЭМЧ АЖИЛЛАЖ БАЙНА
Энэхүү эмнэлэг тэтгэвэртээ гарсан ч зөвлөх эмчээр ажиллаж буй алтан гартнууд 10 гаруй бий. Тэдний нэг болох Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч Ш.Долгормаа дараах зүйлийг хэлэв.
Тэрээр, “Тэтгэвэртээ гарсан ч гэсэн би эзэмшсэн мэргэжлийнхээ ачаар эргэж Сэлэнгэ аймгийнхаа иргэдийн эрүүл мэндийн төлөө ажиллах үүрэг хүлээгээд, ажиллаад явж байна. Энд ажиллах нэг шалтгаан бол аль ч аймагт байдаг байх гэж бодож байна. Хүний нөөцийн дутагдалтай холбоотой асуудал. Залуу боловсон хүчин энд бүрэн ирж чадахгүй байна. 1979 онд би анх төгсөөд ирж байхад 69 машинаар дуудлагад явдаг байсан. Ойрын дуудлагад Лада гэх Оросын машинаар явдаг байлаа. Гэтэл одоо бүхий л тоног төхөөрөмжөөр тоноглогдсон машинаар эмчлүүлэгчдэдээ үйлчилдэг болсон байна. Сүүлийн үеийн аппаратууд бүгд ирлээ. Гэсэн ч эмчийн дутагдал байна. Дахиад олон эмч бидэн дээр ирээсэй гэж хүсэж байна” гэлээ.
АРД ТҮМНИЙХЭЭ ЭРҮҮЛ МЭНДИЙН МАНААНД ЗОГСОХ ГЭЖ ТӨРСӨН ЮМ БАЙЛГҮЙ…
Бид мөн Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт түргэний жолоочоор 30 жил ажилласан Ш.Төмөрбаттай ярилцсан юм. Ард олныхоо эрүүл мэндийн манаанд зогсох гэж л төрсөн юм байлгүй гэж ярих тэр түргэний шинэ машинтай болсондоо туйлын их баяртай байгаагаа хэлсэн юм. Бороотой, цастай, шуургатай гээд дуудлагаа хойшлуулчих боломжгүй тэдэнд тоноглогдсон сайн хүлэг нь дотнын найзаас өөрцгүй. Эмчийнхээ баруун гар нь болж шалавхан ажилласаар ирсэн тэр анх ажилд ороход нөхцөл байдал хүнд байсныг хуучилж, эмнэлгийн үйлчилгээ алхам алхмаар сайжирч байгаад туйлын сэтгэл хангалуун байх болжээ.
СОЛОНГОСТ ХОЁР САЯ ТӨГРӨГӨӨР ОРДОГ БАЙСАН ЭМЧИЛГЭЭГ ОРОН НУТАГТАА ҮНЭГҮЙ ХИЙЛГЭХ БОЛОМЖ БҮРДСЭН
Эмнэлгийн чанар үйлчилгээ сайжирч буйг шударгаар хэлэх хүн бол мэдээж үйлчлүүлж буй нутгийн ард иргэд. Бид Сэлэнгэ аймгийн гуравдугаар багийн иргэнээс эмнэлгийн үйлчилгээний талаар тодруулсан юм.
Тэрээр, “Би 20 жилийн өмнө сахрын өвчин туссан. Бөөр ажиллахгүй болоод диализын аппаратад ордог болсон юм. Монгол Улс гэхгүйгээр гадаадын орон руу их явдаг байсан. Одоо харин манай улсын эмнэлгийн салбар мундаг болсон байгааг анзаарч байна. Хөдөө орон нутагт ч сайжирч байгаа. Би Сэлэнгийн хүүхэд. Улаанбаатар хотод очихоор диализын аппарат их боловч, хүн ам ихтэй. Солонгос Улсад мөн диализын аппаратад их ордог байсан. Гадаадын иргэн гэдэг утгаараа нэг оролт нь нэг сая 500 мянгаас хоёр сая төгрөгийн асар их өртөгтэй. Тэгэхэд манай хөдөө орон нутагт, тэр тусмаа Сэлэнгэ аймагт энэ аппарат үнэгүй. Манай залуус их мундаг болсон байна. Өөрөөр хэлбэл бид гаднын орныг зорьж үрдэг байсан мөнгө, цаг хугацаагаа хэмнэн орон нутагтаа эмчлүүлэх боломж бүрдсэн туйлын их баярладаг. Мөн Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн шинжилгээний хариу хотын эмнэлгүүдтэй яг таарч байна. Хотын хариу гадаадын том эмнэлгүүдийн хариутай яг таардаг. Энэ бол асар том дэвшил юм аа. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн хамт олонд Сэлэнгийн иргэдийн өмнөөс талархал илэрхийлье” гэв.
ДЭЛХИЙН ШИЛДЭГ ЭМЧ НАРЫН ЭНТЭЙ БОЛОВСОН ХҮЧИН БЭЛДЭХЭЭР ЗОРЬЖ БАЙНА
Жил ирэх тусам өсөн дэвжиж, үйлчилгээгээ сайжруулж буй эмнэлгийн алсын хараа юунд чиглэж буй тухай Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Цэрэнтогтохтой ярилцсан юм.
Тэрээр, “Бид эмч мэргэжилтнүүдээ цаашид сургах асуудлыг голчлон анхаарч байгаа. Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд БНСУ-ын Хана эмнэлэг, Тайван улсын Тай-Пэй хотын эмнэлэг, Япон улсын Шизүока мужийн эмнэлгүүдэд 13 эмч мэргэжилтнүүдийг сургасан байна. Цаашид ОХУ, Туркийн эмнэлгүүдтэй хамтын ажиллагааны хүрээнд багаар нь сургах ажлыг төлөвлөөд эхний гэрээнүүдээ хийсэн байгаа. Мөн жил бүр амжилттай ажиллаж байгаа зургаан эмч мэргэжилтнийг аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар магистрын сургалтад үнэ төлбөргүй сургаж байгаа. Энэ мэтчилэн сургалтын ажлуудад анхаарч байна. Мөн Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг менежмэнтийн давуу байдлаараа ямар ч халдварт халдварт бус өвчлөлийн үеийг эрсдэл багатайгаар даван туулж чаддаг. Үүний жишээ бол Ковид 19 халдварын үе. Өөрөөр хэлбэл манай аймаг тухайн үед цар тахлыг хамгийн эрсдэл багатайгаар давж чадсан.
Миний хувьд гэр бүлийн хамт Сэлэнгэ аймгийг Улаанбаатараас зорин ирсэн. Одоо 11 дэх жилдээ гэр бүлээрээ эмнэлэгт ажиллаж байна. Эхнэр маань эх барих эмэгтэйчүүдийн эмч. Энд биднийг бүх талаас нь дэмжих хамт олон байна. Тоног төхөөрөмжийн хангалт ч сайжирсан. Эрүүл аюулгүй орчинд амьдарч байна. Гэх мэтчилэн маш том давуу талтай учраас Сэлэнгэ аймгийг сонгож ирсэн байгаа. Бидэнтэй гар нийлж ажиллах залуу боловсон хүчин та бүхнийг урьж байна” хэмээн ярилаа.