Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбат өчигдөр таалал төгсөж, сүсэгтэн олонд хүнд гарз тохиолоо.
Тэрээр,
- 200 орчим бурханы сонгомол шүтээн зургийн бүтээл,
- Бурханы сонгомол тиг болон зураасан зургийн бүтээл 80
- 30 гаруй шуумал, шавар бурхан, зээгт наамал, цутгамал сийлбэрийн бүтээл туурвижээ.
Үүний зэрэгцээ, урлах ухааны онол аргачлалын 70-аад эх зохиолыг Төвөд хэлнээс монгол хэлнээ орчуулж, “Их Монголын суварга онол хийгээд бүтээх ёс” \2005\, Бурханы шашны сүм, дуганы урлал, чимэглэлийг сэргээн амилуулах Монгол уламжлалт арга ухааны гарын авлага бичжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Очирваань шүтээнийг бүтээн залах тухай” зарлиг 2005 оны тавугаар сарын 31-нд гарч аймаг бүрээс уран хатгамалч, оёдолчдыг шалгаруулан 2007 оны арваннэгдүгээр сард цугларан, МУСГЗ бурханч лам Г.Пүрэвбатын удирдлага дор УГЗ Б.Цэрмаа оёх, наах, хатгах урлалыг гардан хийлгэж 21 аймаг, Өвөрмонгол, Буриад, Халимаг нийт 28 хүн их шүтээнийг хугацаанд нь амжилттай дуусгажээ.
Мөн Г.Пүрэвбат лам Мэгжид Жанрайсаг бурхныг шүншиглэх, IX Богдыг занданшуулах, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын шарилыг Төрийн ордноос зөөж оршуулах, Монгол Төрийн шүтээн Есөн хөлт цагаан тугийг амилуулах зэрэг ажилд гар бие оролцсон. Тэрээр нутагтаа Аглагийн хийдийг үүсгэн байгуулж, барьж босгосон нь өдгөө дотоод гадаадын жуулчид очих дуртай газар болжээ. Анх удаа Нидерландын Вант улсын хун тайж Клаусын нэрэмжит шагналыг Монголын үндэсний соёл болон шашны өвийг хадгалах, хамгаалах, хойч үедээ өвлүүлэх үйлст оруулсан хувь нэмрийг үнэлэн бурханч лам Г.Пүрэвбатад энэхүү нэр хүндтэй шагналыг гардуулсан байдаг. Түүнчлэн байгалийг урлах 500 гаруй, амьтныг урлах 800 гаруй уламжлалт эх загвар, сүм хийдийн шүтээн чимэглэх 400 гаруй загвар туурвижээ.
Бурханч лам Г.Пүрэвбатын олон жилийн судалгааны үр дүнг харуулах бурхан шашны урлахуйн ухааны цувралын долоо наймдугаар боть “Монголын уламжлалт урлаг дахь амьтдыг дүрслэн бүтээх суурь мэдэгдэхүүн” хэвлэгдэн гарсан нь олны хүлээлтийг даваад байв. Энэхүү боть ном нь Монголын уламжлалт шүтээн зургийг зурах аргачлал, түүгээр уламжлагдан ирсэн амьтдын дүрслэлийн онцлог, хэв маяг дээр тулгуурлан бүтээсэн бүтээл аж. Судалбар зургийн ажил, тиг хэмжээс, амьтдын өнгө зүсийг нэрлэсэн нэр, шашны ном болон домог ярианд дүрслэгдсэн амьтдын бичвэр оруулан тун сонирхолтой бичсэн аж. Ардын зан заншил уламжлал, танин мэдэхүйн олон талтай баялаг мэдээлэл багтсан уг номыг “Мөнхийн үсэг”-т хэвлүүлжээ. Энэ нь бурханч лам Г.Пүрэвбатын мал амьтны хувь хэмжээний шугамын онолыг судалсан судалгааны томоохон бүтээл аж.
Тэрээр
- 1965 онд Төв аймгийн Борнуур суманд төрсөн
- 1982-1985 онд Дүрслэх урлагийн дунд сургууль
- 1987-1990 Гандантэгчилэн хийдийн Шашны дээд сургуулийн урлахуйн анги
- 1990-1993 Энэтхэг улсын Дарамсала XIV Далай ламын ивээл дэх Төвдийн бурхан урлалын сургуулийн урлахуй ухааны ангид суралцаж Буддын урлахуй ухааны мэргэжил эзэмшжээ.