Дөрөвдүгээр сарын 8-нд албан үүргээ гүйцэтгэж явсан гал сөнөөгч Д.Жанчив амиа алдаж, бидэнд дахин нэг том гарз тохиолоо. 2024 он гарснаас хойш хагас жилийн хугацаа өнгөрөөгүй байхад дөрвөн алба хаагч амиа алдсанд олон нийт бухимдаж байна. Талийгаачийн ар гэр аврагчийг 2023 оноос хойш тэтгэвэрт гарах хүсэлтээ өгсөн боловч хүлээж аваагүй. Тэтгэвэрт нь гаргасан бол таван хүүхэд өнчирч үлдэхгүй байсан гэж хэвлэлийн бага хурлын үеэр гомдолтой байгаагаа илэрхийлсэн нь бий. Бид асуудалтай холбогдуулан ОБЕГ-аас тодрууллаа.
Энэ талаар ОБЕГ-ын урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн Б.Энхмаа: Тухайн алба хаагч албан ёсоор нэг ч удаа хүсэлт өгөөгүй. Ажлынхан, найз нөхөд, гэр бүлийнхэндээ, тэтгэвэртээ гарна. Гэхдээ энэ жил Онцгой байдал нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ой тохиож байгаа учраас ойгоо өнгөрөөд тэтгэвэртээ гарна даа гэсэн бодолтой явж байсан юм билээ.
Эрэгтэй алба хаагч 19 жил, эмэгтэй алба хаагч 15 жил ажиллаад тэтгэвэрт гарах эрх үүсдэг. Тухайн алба хаагч 20 жил энэ албанд ажилласан байгаа. Ямар шалтгааны улмаас амь эрсэдсэн байх уу. Гал ямар учраас гарсан талаар албан дүгнэлт гараагүй. Галын дүгнэлтийг цагдаагийн байгууллага хариуцан гаргадаг. Манайд одоогоор дүгнэлт нь ирээгүй байна гэв.
Харин гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Э.Энх-Амгалан: 2023 онд 150 мянга орчим зөрчлийг илрүүлээд тал хувийг нь залруулсан. Бусад зөрчил дээр захиргааны хэм хэмжээний акт хүргүүлж байгаа. Ихэвчлэн илэрч буй зөрчил бол, иргэд ААН байгууллагууд хайхрамжгүй хандаж байна. Хуучныхаа арга барилаас салахгүй байна. Жишээ нь цахилгааны утсыг буруу ашиглаж байна. Угсралт ашиглалтын дүрмийн дагуу угсрахгүй байна. Хуучин цахилгааны утсаа сольж шинэчлэхгүй байна. Тэр нь нар салхинд гандаж муудах, хэврэг болсон зөрчил их илэрч байна. Мөн хоёр өөр голчтой цахилгааны утсыг холбож ажиллаж байна. Дээрээс нь ил галтай маш болгоомжгүй харьцаж байна. Иргэд ААН-үүд өөрсдөө гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг сонсохгүй байна. үйл ажиллагаандаа ашиглахгүй байна гэсэн юм.
Яг одоо Шатсан “Миний дэлгүүр” дээр цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулж байна. Бид асуудалтай холбогдуулан НОБГ-аас мөн тодруулга авахыг хүссэн боловч эцэслэн шийдэгдээгүй учраас талбар өгөх боломжгүй гэлээ.
Дөрвөн сарын хугацаанд дөрвөн аврагч нас эцэслэн, олон арван хүүхэд өнчирч үлдсэн асуудлын талаар олон нийт байр сууриа илэрхийлэв.
Иргэд:
- Ер нь дээд удирдлагуудад асуудал байна. Ард түмнийхээ төлөө зүтгэж, олон аврагч золиосонд явлаа. Хэцүү шүү дээ. Хэн амиа алдахыг хүсэх вэ. Нөхцөл байдлыг сайжруулж байж л ажиллана.
- Ар, араасаа дараалсан энэ олон үхэл энэ салбарт яг юу дутагдалтай байгааг сануулсаар л байна. Дахиад хэдэн аврагчийн амь эрстсэний дараа ойлгох улс вэ.
- Хэдийгээр аврагчид гамшиг ослоос ард иргэдээ аврах тангараг өргөсөн ч амиараа төлөх ёсгүй. Харамсалтай нь, аюулгүй ажиллагааны бэлтгэл сургуулилалтад тогтмол хамрагддаг эсэх нь тодорхойгүй, тусгай техник хэрэгсэл муутай аврагчдаа “аз нь” мэдэг гээд аюул гамшиг руу явуулдаг нь эцсийн дүндээ амиа алдах эрсдэл рүү түлхэж байна уу гэлтэй.
Дэлгэрэнгүй ЭНД дарж үзнэ үү