Цэвээнравдан нь Эрдэнэбаатар хунтайжийн ач хүү буюу Сэнгэ хунтайжийн ууган хүү. Нэг үгээр бол Дөрвөн Ойрадын зонхилох овог, аймаг болох Цоросын харьяа язгууртан. Энэ утгаараа Цоросын хунтайжийн сэнтий, хожмын Зүүнгарын хааны сэнтийд суух бүрэн эрхтэй хүн. Түүнийг зургаан настай байхад 1670 оны орчимд эцэг Сэнгэ хунтайж нь алагдаж Сэнгийн дүү Цэвээнравдангийн авга ах Галдан нь Түвдээс ирж Цоросын хунтайжийн сэнтийд 1671 онд суув. Түрүүн өгүүлсэнчлэн Цэвээнравдан нь Эрдэнэбаатар xунтайжийн ач хүү тул хунтайжийн сэнтийд суух бүрэн эрхтэй. Үүнийг ч Галдан ч сайн мэддэг байж. Хэзээ нэгэн цагт өөрт нь гай болж мэднэ хэмээж Цэвээнравдангийн орд, өргөө рүү хүн явуулж түүнийг алуулах гэсэн боловч Цэвээнравдан өргөөндөө байсангүй. Харин түүний дүү Сономравдан алуурчны гарт амь үрэгдсэн юм. Энэ үйл явдал нь авга ах, дүү хоёрын эвлэрэшгүй тэмцлийг эхлүүлсэн ба үүний дараа Цэвээнравдан нь өөрийн эцэг болох Сэнгэ хунтайжид үнэнч байсан долоон албатын хамт Бор тал руу хөдөлж тэнд төвхнөсөн юм. Галдан Бошигт 1688 оны орчимд Халхад цэргээ оруулж үүнээс улбаалж Халх нь Манж Чин Улсад дагаар орохоо илэрхийлж байх үед Цэвээнравдан нь Зүүн Туркестаныг эрхшээж улмаар 1694 оны орчимд Галданг Халхад манаргаж явах үед өөрийн талыг баримтлагчдын хамт төрийн эргэлт xийж Зүүнгарын хаан болов. Мэдээж түүнийг хаан сууж байх үед нөхцөл байдал амар байсангүй. Халх Монгол нь Манж Чин улсад дагаар орсон Галдан нь Халхын нутагт байгаа мөн Чин улсын түрэмгий явуулах бодлого дээр нь нэмээд Оросын түрэлт гэх мэт. Дээр нь Галдангийн гадаад, дотоодод явуулсан олон дайны улмаас Зүүнгарын нийгэм, эдийн засгийн байдал ч амаргүй байв. Ийм үед Зүүнгарын хаан болсон тэрбээр улсынхаа нийгэм эдийн засгийг бэхжүүлж Манж Чин Улстай дайтах үедээ дайтаж, найрамдах үедээ найрамдаж эрх тэгш зиндаанд харьцаж мөн баруун талд Казаxын хант улсуудыг хазаарлан эрхшээж, Оросуудын түрэлтээс нутгаа хамгаалж, худалдаа арилжааг дэлгэрүүлэн зоос дэлдүүлж улмаар Их Цэрэндондовт 6000 цэрэг өгч илгээн Түвдийг хүртэл эрхшээсэн юм. Орос нь ч Манж нь ч Цэвээнравдангийн үед Зүүнгарын xаант улстай ил түрэмгий харьцахаас илүүтэйгээр элч зарлага солилцож байсан нь Зүүнгар нь тийм ч амар дийлдэх зөөлөн боорцог биш байсан нь нотлогддог. Цэвээнравданг өөд болоход түүний хүү Галданцэрэн нь эцгийгээ залгамжилсан ба Галданцэрэнгийн үед ч Зүүнгарын нийгэм, цэрэг, эдийн засаг нь тогтвортой байж 1731 онд Манжтай хил тогтоож Халхын нутагт цөмөрч Эрдэнэзуу хүртэл давшсан байдаг. Цэвээнравдан, Галданцэрэнгийн үеийг гадаадын түүхчид Монголын бага байлдан дагуулалтын үе гэдэг ба нүүдэлчдийн сүүлчийн хаант улсыг цэцэглэн хөгжүүлсэн Цэвээравдан нь 1727 онд өвчнөөр тэнгэрт хальжээ.