Бид энэ удаа С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт холбогдож, 20-25 жилийн хорих ял сонсон, таван жил найман сар хоригдоод “цагаатсан” Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат болон түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нартай ярилцлаа.
-Сайн байна уу? 2023 онд хүн амины хэрэг буруутгагдаж байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг цагаатгасан. Түүнээс хойш нэг жилийн хугацаанд юу болов?
С.Оюунцэцэг: Төрийн байгууллагын ажилтнуудын хууль бус үйл ажиллагаанаас болж хохирсон гэм хорын хохирлыг нэхэмжлэх нэхэмжлэлээ бичиж бэлдээд СБД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргаад байж байна. Шүүхээс тэмдэгтийн хураамж төл гэж нэг буцаасан. Хуулиар бол хилс хэргээр хоригдсон хүмүүс гэм хорын хохиролд улсын тэмдэгтийн хураамж төлөх ёсгүй.
Т.Хүрэлбат: Таван жил найман сар бол зүгээр хөндлөнгөөс харж байгаа хүний хувьд магадгүй богино хугацаа. Гэтэл энэ хугацаанд бид ямар зовлон үзэж туулав. Зүгээр орших уу эс орших уу гэдэг шиг л амьдарлаа. Энэ бол ганц Чимгээгийн биш бидний манай ээж, эмээ, өвөө, үр хүүхдийн буцааж болохгүй хугацаа. Төрсөн ах миний бие зургаан жилийн хугацаанд гэр оронгүй болтлоо л явлаа. Манай Чимгээ хоригдож байхад үр хүүхэд нь орхиод л явсан. Дээрээс нь сошиалаар ирж буй доромжлол, гүтгэлэг… Хамгийн гол аюул нь манай үр хүүхдүүд гадагшаа сургууль соёлд явах гэтэл “ Түүний ээж, эмээ нь Монголын том улс төрчийг алсан алуурчин” гэдэг кейс одоо ч интернэтэд байна. Гэх мэтчилэн энэ бүх хохирлыг бид туулна.
-Чимгээ гэдэг хүн алуурчин шүү гэдэг мэдээлэл мянган хүнд хүрсэн мөртөө, алуурчин биш юм байна аа гэх мэдээлэл арван хүнд хүрсэнд гомдолтой байгаа байх?
Т.Хүрэлбат: Яг тийм.
С.Оюунцэцэг: Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй. Хоёрдугаарт энэ хүн гэмт хэрэг үйлдсэн юм аа гэх нотлох барим хангалтгүй байсан. 61 хавтаст хэрэг доторх ямар ч баримт нотлоогүй. Миний үйлчлүүлэгч энэ гэмт хэргийг үйлдээгүй юм аа гэдгийг, тэр хэргийг 46 хоног уншсан хүний хувьд хаана ч хэлнэ.
Т.Хүрэлбат: Энэ бол Зориг гэдэг хүний аллагын хэргийг хаах гэсэн ганц үйлдэл. Энэ хэргийг зүгээр л нэг ядарсан иргэнд тохоод хаах гэсэн явдал.
-Хэрэгт буруутгаж, шалгаж эхэлснээс хойш олон жилийн хугацаа өнгөрчээ. Эргэн сануулбал тэр үед яг юу болов?
С.Оюунцэцэг: Эрүүдэн шүүсэн л байхгүй юу. 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр бариад л Төв аймгийн хонгилд, ямар ч цонхгүй, агаар орохгүй, дотроо 00-гүй нөцөлд зүгээр хувин тавиад л хорьсон. Гурван сар нэг ч удаа усанд ороогүй. Үсээ самнаагүй. Сарын тэмдэг нь ирж байгаа эмэгтэй хүнд нэг ариун цэврийн хэрэглэл өгөөгүй. Эрэгтэй хүний том углааш нүцгэн хөлд нь өмсүүлсэн. Тэр хүн арзайсан юм сууж байсан. Хоёрдугаарт эмэгтэй хүнийг сэтгэл зүйн дарамтад оруулахын тулд үүдэнд нь мэгшээд уйлж байгаа эмэгтэй хүний дуу сонсгодог. Үгүй бол уйлж байгаа хүүхдийн дуу сонсгодог. Энэ ямар арга барил байх уу. Миний үйлчлүүлэгчийн сэтгэл санаа гэмтсэн. Хямарсан байдлыг нь үнэлэхийн аргагүй. Хамгийн их гэмтэл авсан зүйл бол охиноо алдсан явдал. 29 настай охин шүү дээ. Тэр охин ээжийнхээ араас хэтэрхий их явж байсан юм. Хүн өөрийн эрх, хэмжээ хүрэхгүй бол далдын хүчинд итгэдэг шүү дээ. Сэлэнгэ аймгийн Ээж мод руу очиж ээжийгээ даатгах гэж яваад л осолд орсон. 3-4 үүлээ явж байхад ганцхан тэр хүн л өөд болсон. Бусдынх нь хамар ч шалбараагүй. Энэ явдлыг Чимгээ, “Манай хүүхдийг алчихсан” л гээд байдаг.
Т.Хүрэлбат: Би ч гэсэн осолд оруулсан гэж боддог.
С.Оюунцэцэг: Тэгэхэд тагнуулаас охин дээр нь тусгай ажиллагаа явагдаж байсан.
Т.Хүрэлбат: Байнга дарамталдаг байсан.
С.Оюунцэцэг: Энэ хэрэг ил болсон учраас би хэлж байна шүү дээ. Охин дээр нь ч, нөхөр дээр нь ч тусгай ажиллагаа явуулж байсан. Тэр охины өөд болсон явдал үнэхээр эргэлзээ бүхий байдаг юм. Охиныг оршуулж байсан өдөр н.Бархасбадь гэж мөрдөн байцаах албаны дарга над руу ярьж байгаа юм. Өнөөдөр танай хүнээс байцаалт авна. Би гарч 00 орчхоод ирье гээд иртэл, Чимгээ маш их уйлаад байж байсан. Яасан бэ. Юу болчхов оо гэхэд, намайг н.Бархасбадь байцаагч басаж байна аа. “Нүгэл чинь нүдээрээ гарч байна шүү дээ Чимгээ! Нүгэл нүдээрээ гарна гэж энэ” гээд инээгээд байна шүү дээ. Би өнөөдөр хүүхдээ алдлаа. Хорвоо надад хатуу байна аа гээд уйлж байсан. н.Бямбажав гээд одоо өмгөөлөгч болсон залуу бий. Тэр залууд, “Та нар ядаж намайг охинтой минь салах ёс хийлгэчихвэл яасан юм бэ гэхэд, “Очих юм уу чи одоо. Овоолгоотой шороог нь харах юм уу” гэж басаж байсан юм. “ Чи оч л доо одоо. Овоолгоотой шороо нь л байгаа шүү дээ” гэж… Энэ хуулийн ажилтны хэлэх үг мөн үү. Хүний хэлэх үг мөн үү.
Амгаланбаатар өмнө нь дандаа хүн амины хэрэг хүлээдэг байсан. 2-3 хэрэг хүлээж байсан. Шүүх хурал дээр би асуусан юм. “Амгаланбаатар аа. Чамаас би юм асууя хүү минь. Чиний ярьсан зүйлийн 90 гаруй хувь дандаа худлаа байна. Чиний хэлсэн гэрч нар бүгдээрээ үхчихсэн байна. Яагаад чи ингэж худлаа яриад байдаг юм бэ” гэхээр, “Аргагүй шүү дээ. Би муу хүн. Би цаазын ял авч байгаад 20 гаруй жилийн ял авсан хүн. Нар салхинд явмаар байна. Цаг хугацаа хожмоор байна. Би тэгж л цаг хугацаа хождог” гэж. Энэ үгийг ганц биш гурван удаа хэлсэн.
-Хэрэгт гүтгэгдсэн Содномдоржоогийн биеийн байдал хэр байна вэ?
С.Оюунцэцэг: Энэ явдлын гороор Содномдаржаа гэх залуу өвчтэй болсон. Одоо бараг хэвтэрт орох хэмжээнд байна. Эмчилгээ гээд л яваад байгаа. Үүнийг би энд хэлмээр байна.
Т.Хүрэлбат: Ийм муухай худал зүйл болсон гэдгийг манай өмгөөлөгч ярьчихлаа. Мөрдөн байцаалт гэж нэртэй яргалал, тамлал байсан. Энэ зовлон дундуур бид зургаан жил явсан. Энэ бүгдийг хэвэнд нь оруулахын тулд бид нэхэмжлэл гаргасан. Бидний одоогийн хамгийн гол асуудал энэ.