Дэлхий нийтээрээ жил бүрийн 3 дугаар сарын 22-нд “Усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. үний гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм.
Анх 1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлсэн байна. Улмаар 1993 оны 3 сарын 22-ны өдрийг анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглажээ. Эдүгээ Монгол улсын хэмжээнд 5000 гаруй хүн ард түмэндээ цэвэр ус түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах үйлчилгээ эрхэлдэг.
Тэдгээр хүмүүс Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрөл эзэмшигч 146 аж ахуйн нэгж, байгууллагад харьяалагдаж ажиллаж байна. Тэд газрын гүнээс усыг олборлох, ариутгах, түгээх үйлчилгээг эрхэлж, 24 цагийн турш бэлэн байлгадаг билээ. Түүнчлэн хэрэглээнээс гарсан ахуйн болон үйлдвэрлэлийн бохир усыг татан зайлуулж, цэвэрлэн байгальд нийлүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Мөн гэр хорооллын буюу алслагдмал суурьшилтай иргэдэд ч эрүүл ахуйн шаардлага хангасан усыг зөөврөөр түгээж байна.