2023 оны байдлаар Монгол улсын хэмжээнд тэмбүүгийн халдвар 4206, заг хүйтний халдвар 3579, ДОХ-ын халдвар 23 шинээр бүртгэгдсэн байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн БЗДХ-ын тандалт судалгааны албаны их эмч Б.Пүрэвпагва ийнхүү ярилаа.
Монгол улсад бэлгийн замаар дамждаг, бүртгэж мэдээлдэг арав гаруй төрлийн өвчин байдаг. Үүнээс зонхилон тохиолдох нь заг хүйтэн,трихомониаз, тэмбүү, ХДХВ гэсэн өвчнүүдийг бүртгэж мэдээлдэг. 2023 оны 12 сарын байдлаар нийт халдварт өвчний дундаас бэлгийн замаар дамжих халдвар дангаараа 25 хувийг эзэлсэн. Энэ нь 2022 оны мөн үеэс 4 орчим хувиар буурсан. Бодит тоогоор 10 мянга гаруй өвчин бүртгэж мэдээлсэн. Энэ 10 мянга гаруй өвчнөөс 40 орчим хувь нь тэмбүүгийн халдвар, 35 хувийг заг хүйтний халдвар, 23 хувийг нь трихомониазын халдварууд тус тус эзэлж байна. ХДХВ нь 2023 оны 12-р сарын сүүлийн байдлаар өссөн тоогоор 369 тохиолдол бүртгэгдсэн.
Бэлгийн замаар дамжих халдварт вакцин гэж байхгүй. Хувь хүн өөрөөс нь шалтгаална. Урьдчилан сэргийлэх асуудал нь хувь хүний хариуцлагатай холбоотой байдаг. Халдвар авсан хүмүүсээс бэлгийн идэвхтэй амьдралын насныхан гэж ярьдаг, 18-25 насны залуучууд дийлэнх хувийг нь эзэлдэг.
Энэ халдварын тухайд бол нас, боловсрол гэх мэт зүйлс нөлөөлөхгүй. Ямар ч хүн энэ халдварыг авч болно. Гэхдээ энэ халдвараас сэргийлэхдээ ДЭМБ-аас зөвлөдөг зөвлөмж байдаг. Тэр бол ТҮБ-ийн зарчим. Энэ нь эхний ээлжид ТЭВЧЭЭРЭЙ. Энийг хэнд зориулж хэлдэг вэ гэхээр өсвөр үеийнхэнд. Хоёрдугаарт ҮНЭНЧ байгаарай гэдэг зөвлөмжийг хүргэдэг. Үүнийг бэлгийн идэвхтэй амьдралтай гэр бүлтэй хосуудад. Хамгийн сүүлийнх нь БЭЛГЭВЧ. Энэ нь бэлгэвчийг зөв тогтмол хэрэглэх хэрэгтэй гэсэн үг. Хамгийн сүүлд нь хар тамхи, мансууруулах бодис гэсэн тусдаа зөвлөмж орж ирдэг. Эдгээрээс аль болох хол байгаарай гэж зөвлөдөг.