Шар усны үер, Хөрсний бохирдолтой холбоотой бага насны хүүхдийн дунд гэдэсний халдварт өвчин элбэг тохиолддог. Энэ халдварт өвчнөөс сэргийлэх энгийн аргууд гэвэл ердөө л гараа тогтмол гараа угаах юм. 2022 оны орчны эрүүл мэндийн тандалт судалгааны үр дүнд Улаанбаатар хотын 74 цэгийн хөрсний шинжилгээний дүнг үзэхэд нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан, Баянзүрх, Багахангай зэрэг дүүргүүдэд хөрсний нянгийн бохирдол их илэрсэн байна. Тэгвэл шар усны үерийн бохирдлоос хэрхэн сэргийлэх талаар НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээний албаны дарга Л.Нямсүрэн мэдээллээ.
Тэрээр, “Урин дулааны улиралтай холбоотой орчны бохирдол нэмэгдэх хандлагатай байдаг. Тухайлбал үүнд хөрсний бохирдол, шар усны үер, халиа тошин үүсэх эрсдэл нэмэгддэг. Үүнд нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь засгийн газрын 2017 оны 259-р тогтоолын дагуу орчны эрүүл мэндийн тандалт судалгаа хийх журмын дагуу өдөр тутамдаа тандалт судалгаа хийж байгаа. Тэгэхдээ орчны бохирдлын хүчин зүйл болон ундны ус, гадаргын усны чанарын өөрчлөлт, агаарын чанарын өөрчлөлт мөн хөрсний бохирдлын өөрчлөлтийг хүн амын өвчлөл нас баралттай холбон үнэлж байна.
Тухайлбал хөрсний бохирдолтой холбоотой өвчлөл үр дагаврыг тандахдаа тогтвортой хөгжлийн зорилтын 3.9.2-т заасны дагуу гэдэсний бүлгийн халдварт өвчнүүдийн тандаж үнэлдэг. Үүнд гэдэсний халдварт өвчин, суулгалт, цусан суулгалт, гепатит-а зэрэг өвчнийг холбон судалдаг. Манай нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2018 онд хийсэн судалгааны дүнгээр хөрсний бохирдол буюу хөрсний нянгийн тоо ихсэх тусам тухайн бүс нутагт ойролцоо амьдарч байгаа 5 хүртэлх насны хүүхдийн дунд суулгалт халдварын өвчин нэмэгдэж байгаа хамаарал гарсан байгаа. Тэгэхээр хөрсний бохирдол нэмэгдэх тусам хүн амын дунд суулгалт болон гепатит-а халдвар, гэдэсний халдварын өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг гэсэн үг.
Мөн халиа тошин шар усны үертэй холбоотой иргэд ААН анхаарах зүйлс байна. Үүнд: барилга хот байгуулалтын яам, байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд нарын хамтарсан 2015 оны бүсийн дэглэм байдаг. Энд усан сан бүхий газрын эрүүл ахуйн болон онцгой хамгаалалтын бүсийн дэглэм гэж байдаг. Тухайлбал голын эргээс ямар зайд айл өрх, ААН, төвлөрсөн орон сууцыг барих ёстой вэ гэхээр хөдөө хээр, орон нутагт 50 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүсийг тогтоож үүнээс цааш суурин газар барихыг зөвшөөрдөг. Харин төвлөрсөн хот, суурин газрын дунд байгаа гол мөрөн, усны эх үүсвэр дээрээс хамгийн багадаа 200 метрээс их зайд барилга байгууламж барихыг зөвшөөрдөг. Гэтэл сүүлийн үед манай хот төлөвлөлттэй холбоотойгоор сэлбэ голын эрэг дагуу айл өрх, албан газар орон сууц их хэмжээгээр барьж байна.
Энэ нь эргээд халиа тошин үүсэхэд илүү их хүндрэл эрсдэлийг нэмэгдүүлж байгаа нөхцөл байдлыг үүсгэдэг. Түүнчлэн хөрсний бохирдлын хувьд салбарын хяналтын газраас буюу хуучны мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн хэмжээнд 74 цэгт хөрсний судалгаа хийдэг. Үүнийг жил бүрийн 5 болон 10-р сард буюу хавар, намрын улиралд жилд 2 удаа хөрсний шинжилгээ хийдэг.
Уг хөрсний шинжилгээний дүн болон НЭМҮТ-ийн хийсэн судалгааны дүнгээс харах юм бол Улаанбаатар хотод 400 мянга орчим айл өрх байдгаас 200 мянга орчим нь гэр хороололд амьдардаг. Эдгээр 200 мянга орчим айл өрхийн хөрсний бохирдлын судалгаа хийж үзэхэд нийт авсан дээжийн 88 хувь нь нянгийн бохирдолтой гэдэг үр дүн гарсан. Ойролцоогоор 10 айл тутмын 9 нь хөрс нь бохирдолтой байгаа гэсэн үр дүн гарсан. Энэ хөрсний бохирдлын гол эх үүсвэр гэр хороололд юу байна вэ гэхээр нүхэн жорлонгийн асуудал. Нүхэн жорлонгоо стандартын дагуу сайжруулсан нүхэн жорлонгоор солих юм бол эргээд тэр газар орчим, хашаа гудамж талбай орчимд нь хөрсний бохирдол багасах боломжтой болно. Нөгөө талаас айл өрхүүд ил задгай хог хаягдлаа гуу жалганд замбараагүй хог хаягдлаа хаях. Мөн үнсээ, угаадсаа гудамжинд ил задгай хаях,асгадаг энэ нөхцөл байдалд хөрсний бохирдол нь илүү нэмэгддэг. Урин дулаан болж байгаа энэ үед нийтийн эзэмшлийн гудамж талбайдаа угаадсаа ил задгай асгахгүй байх, хогоо ил хаяхгүй байх дээр иргэд анхаарах хэрэгтэй. Хэрэв гуу жалга орчимд нь зохиомол хогийн цэг байвал тэнд нян үржих таатай нөхцөл бүрддэг. Аль болох хур хог үүсгэхгүй байх үер ус болоход хог нь усанд урсах эрсдэлтэй учир ил задгай хог хаяхгүй байх дээр анхаарвал зүйтэй.
Хөрсний бохирдолтой холбоотой бага насны хүүхдийн дунд гэдэсний халдварт өвчин элбэг тохиолддог. Энэ халдварт өвчнөөс сэргийлэх энгийн аргууд гэвэл ердөө л гараа тогтмол гараа угаах. Бохирдсон гадаргууд хүрсэн тохиолдолд гараа 20 секундийн турш бүлээн усаар савандаж маш сайн хөөсрүүлж угааж хэвших хэрэгтэй. Мөн гэр хорооллын айл өрхүүд нүхэн жорлонд орохдоо гэрт өмсдөг улавч шаахайгаа гадаа өмсөхгүй байх. Гадаа нүхэн жорлонд орохдоо тусдаа өөр гутал өмсдөг байх. Энэ зэргийн эрүүл ахуйн энгийн дадалд хэвшсэнээр эрсдэлээс сэргийлэх боломжтой юм. Улаанбаатар хотын хөрсний бохирдлын түвшнийг авч үзэхэд монгол улсын стандарт байдаг. Энэ нь хот суурин газрын хөрсний эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлт норм гэсэн MMS3297 2019 гэсэн стандарт. Уг стандартад заасны дагуу хөрсний бохирдлыг бохирдлын зэргээр нь Бага бохирдолтой, дунд бохирдолтой, их бохирдолтой, цэвэр гэсэн 4 түвшинд ангилж авч үздэг. 2022 оны орчны эрүүл мэндийн тандалт судалгааны үр дүнд Улаанбаатар хотын 74 цэгийн хөрсний шинжилгээний дүнг үзэхэд нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан, Баянзүрх, Багахангай зэрэг дүүргүүдэд хөрсний нянгийн бохирдол их илэрсэн. Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүд гэр хороолол ихтэй учир хөрсний нянгийн бохирдол их илэрсэн байгаа. Байршлаар авч үзвэл Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, толгойт 5 шар орчимд хөрсний нянгийн бохирдол хамгийн их илэрсэн байгаа. Энэ нь юу хэлж байна вэ гэхээр хүний хөл хөдөлгөөн их байдаг, нөгөө талаасаа гудамж талбайд ил задгай бие засах, томоохон худалдаа зах үйлчилгээний төвүүдийн ойролцоох хөрсний бохирдол их байгааг харуулж байна” гэв.