Манай улс харьцангүй цөөн хүн амтай улс. Үүнээсээ гадна кино театрын үзэгчдийн үзэлтийн дээд хэмжээ 200 мянга дотор л эргэлддэг. Хэдий олон кино театрын салбар нээгдэж байгаа ч дээрх тоо төдийлөн өөрчлөгдөхгүй байгаа нь саяхны судалгаагаар харагдана. Ийм учраас кино театруудад олны анхаарал татсан томоохон студиудын blockbuster кино гаргахгүй бол ашиг орлого олж чадахгүй өндөр эрсдэл учрах магадлал өндөр байдаг. Ашиг орлого олох сонирхолтой тэдгээр кинонууд үзэхэд зугаатай, хийц сайтай ч зохиолын чанар, өгүүлэх гэсэн санаа зэрэг нь кино сонирхогчдын хувьд чамлалттай байх нь элбэг. Олон улсын томоохон кино наадмуудад амжилттай оролцсон, сонирхолтой төрөл жанрын киног манай улсад UBIFF, GIFF наадмуудаар цөөн хоног гаргадаг нь тун сайн хэрэг ч мөн л олон үзэгчид хүрж чаддаггүй. Харин сүүлийн жилүүдэд кино театрууд цөөн тоогоор ч болов тэдгээр онцгой бүтээлүүдийг гаргах болсоны нэг нь Io Capitano (2023) гэх бүрэн хэмжээний киног гаргасан явдал юм.
80 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадмаар өнгөрсөн оны 9-р сард анх нээлтээ хийж найруулагч, гол дүрийн ажил өндөр сайшаагдаж мөнгөн арслан хүртсэнээсээ хойш олны анхаарлын төвд орсон бөгөөд олон шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ хүртсэн юм. Тус бүтээл нь Итали, Бельги, Франц гурван улсын хамтын бүтээл бөгөөд Италийн кино найруулагч Matteo Garrone голлох үүргийг гүйцэтгэн ажиллажээ. Tale of Tales (2015), Dogman (2018) зэрэг киногоор нь уншигч, үзэгч та бүхэн эчнээ мэдэх байх.
Киноны ерөнхий санаа нь Европ руу чиглэсэн цагаачдын Африк дахь хэцүү хүнд аялалыг үзүүлжээ. Зураг авалтыг Сенегал, Марокко, Итали гэсэн гурван улс дамнан хийж. Сенегалын томоохон хотуудын нэг болох Дакарт амьдардаг Seydou, Moussa нэртэй өсвөр насны хоёр үеэл хөвгүүн Европод ямар нэг аргаар очиж хөгжмийн од болохоор зорино. Аав ээждээ хэлэлгүй нууцаар 6 сар ажиллаж мөнгө хураасны эцэст хүмүүсийн анхааруулга, эсэргүүцлийг үл тоон гэрээсээ оргоцгооно. Тэдний аялал төсөөлж байснаас нь хүнд байлаа. Үхэж ч магадгүй хэцүү байсан юм.
Кино шимтэн үздэг сэтгүүлч миний хувьд ядуу буурай орны өөрийн гэсэн үзэмж, байдлыг тун үнэмшилтэйгээр, баримтат кино шиг хэрхэн үзүүлдэг юм бол гэсэн бодол төрдөг юм. Жишээ болгон нэрлэвэл Slumdog Millionaire (2008), Lion (2016), Capernaum (2018) зэрэг киноны гол дүрүүдийн эргэн тойрон дахь нүд хальтирам байдлыг ямар ч элдэв хачиргүйгээр үзүүлсэн байдаг. Хэдий өргөн дэлгэцээр үзээд суухад дотор хөндүүрлэдэг ч бидний дэлхий дээрх олон улс үнэхээр л ийм байдалтай байгааг харж хүлээн зөвшөөрхөөс аргагүй.
Олон үзэгч, шүүмжлэгчдээс маш их эр хүч өгсөн, урам өгсөн бүтээл гэж нэрлэж байснаас гадна Seydou нэрээрээ гол дүр бүтээсэн жүжигчний гүйцэтгэл тун биширмээр байсан. Нүднийх нь өмнө хэдэн арван харангадаж үхсэн хүн, тамлуулж буй хүмүүс гээд аймшигтай зүйлийг харж олон хэцүү зүйлийг туулсан ч бууж өгөлгүй урагшилсаар байсан хөвгүүн киног эцэст нь ойрд хараагүй маш гоё close-up shot-оор дуусгасан нь гайхалтай.
Хэдий кино бүхэлдээ тун хатуу ширүүн уур амьсгалтай байсан ч найруулагчийн тун тансаг сэтгэмжээр бүтсэн уран сайхны, төсөөллийн хэсгүүд үзэгчдэд жаахан ч болов амрах зай өгч байсан. Гол дүрийн Seydou хүүгийн хүний амь аврахыг хүсэж буй хүсэл, гэрээсээ зугтаж хэцүү замд гарсандаа гэмших, гэрээ, ээжийгээ санах мэдрэмжүүдийг сонирхолтой байдлаар дүрслэн үзүүлсэн нь гоё байлаа.
Io Capitano киноны нэр нь Италиар “Би бол ахмад” гэж орчуулагдах аж. Кино хэдий бүхэлдээ хууль бус цагаачдын хэцүү зам, гунигтай хувь тавилан, авилгал, луйвар гээд аймшигтай зүйлсийг харуулж мэдрүүлэх ч хүн өөрөө хүсэж зоригловол өөрийн амьдралын ахмад нь, олон хүний суусан усан онгоцны ахмад нь байж чаддагийг үзүүлжээ.
Киног дуусгаад танхимд сууж байхдаа хөгжил буурай гэж голдог бидний өргөн уудам нутаг минь ямар сайхан ч юм дээ гэж өөрийн эрхгүй харьцуулж бодсоноо нуухгүй. Мэдээж хүн бүрт амьдрахад амаргүй л байгаа. Гэхдээ амьдралынхаа хөлөг онгоцны ахмад нь байж бусдаас дутуугүй хувь тавилан, амьдралаа зоригтойгоор жолоодоорой.