Хэдхэн хоногийн өмнө 96 дахь удаагийн кино академийн буюу бидний хэлж ярьж заншсанаар Оскарын наадмын шагнал гардуулах ёслол АНУ-ын Лос Анжелес хотын Dolby театрт болж өнгөрсөн. Олон гайхалтай бүтээл, чадварлаг жүжигчид, кино уран бүтээлчид Оскар гэх алтадсан барималыг атган баярын үгээ тайзан дээрээс хэлцгээж байлаа. Түүний дундаас 5 удаа шилдэг гол болон туслах эмэгтэй дүрийн шагналд нэр дэвшин 2 дахь удаагаа Оскар хүртсэн авъяаслаг жүжигчин Emma Stone-ын тоглосон киног доор онцлон сонгож сэтгэгдлээ та бүхэнтэй хуваалцаж байна.
Yorgos Lanthimos-ын хэд хэдэн киног үзэж байсан хүний хувьд түүнийг шүтэн биширхээс аргагүй байдалд би хүрж байсан билээ. Тэрээр энэ удаад 1992 онд хэвлэгдэн гарсан Шотланд зохиолч Alasdair Gray-ын ижил нэрт зохиолоос сэдэвлэн 141 минутын бүрэн хэмжээний бүтээлээ туурвижээ. Dark comedy төрөл бол кино урлагийн дотор өндөр байр сууринд орших алдрын тавцан юм. Тэр тавцан руу зориглон алхах, түүн дээр гараад алга ташилтын дор мэхийн зогсох эрхмүүд тийм ч олон биш юм. Тэгвэл Yorgos Lanthimos найруулагч тэдгээр цөөхөн хүмүүсийн нэг яалт ч үгүй мөн ажээ.
Bella Baxter гэх хачирхалтай бүсгүй алдартай бас гаж гэмээр мэс засалчийн гэрт амьдрах бөгөөд нэг л өдөр гэрээсээ явж өөрийгөө танин мэдэх, ертөнцийг танин мэдэх аялалд гарах болно. Бүсгүй биеээ яг л налх хүүхэд мэт авч явах бөгөөд шинэ үг бүрийг цээжлэн бага багаар хэлд орж удалгүй өөрийн бодлоо зоримог илэрхийлж мэтгэлцэх хэмжээнд хүрнэ. Хөлд дөнгөж орж байгаа хүүхэд шиг алхах бүсгүй удалгүй итгэл төгс жавхлантайгаар алхана. Түүний амьдралд таарах эрчүүд хийгээд эмэгтэйчүүд түүнийг ашиглах гэж оролдохоос бусаар үнэн сэтгэлээсээ хайрлах гэх нь тун ховор. Энэ бүхэн Bella-д сургамж, хичээл болно. Тэр бүхнээс шантралгүй амьдралын эрээн бараан, амтлаг, жаргалтай, гунигтай бүхэнтэй танилцсаар байх нь үзэгчээ зоригжуулах мэт санагдах болно.
Зураг авалтыг энд дурьдахгүй байх аргагүй юм. Bella-ын гэртээ байх хугацаанд кино бүхэлдээ өнгөгүй байх бөгөөд гэрээсээ гарсан даруйд бүх зүйл гайхалтай өнгө будагт умбах аж. Найруулагч киноныхоо элемент бүрт ач холбогдол өгж тэр бүр нь утга учир илэрхийлдэг учир сайтар ажиглан үзэх нь зүйтэй юм. Мөн fisheye дурангаар авсан зураг авалт ихээхэн онцгой сэтгэгдэл төрүүлж байлаа.
Продакшн дизайныг мөн магтахгүй байх аргагүй юм. Бодит бус ертөнцөд Bella-ын түүхийн ихэнх хувь өрнөх бөгөөд энэ нь бүсгүйн сониуч, танин мэдэх гэсэн хүсэл эрмэлзэлд хорвоо ертөнц ямар өнгөлөг, сонирхол татам байгааг илэрхийлнэ. Харин цааш аялал үргэлжлэх хэрээр тэр бүхэн өнгөө алдаж бодит ертөнц болон аажмаар хувирч өөрчлөгдөж байгааг үзэгч та үзээд анзаарах бизээ. Энэ бүхнийг гайхалтай харагдуулж, мэдрүүлж чадсан амжилтыг үнэлж Оскарт хүртэл нэр дэвшүүлээд байгаа юм.
Киноны утга агуулгыг энгийнээр, цөөн үгээр хэлвэл нэгэн бяцхан охин өсөж өндийж, ертөнцтэй танилцан аялахдаа өрийгөө олж хүчирхэг бие даасан үзэл бодолтой эмэгтэй болж буй түүх юм. Харин үүнийг үзүүлэхдээ найруулагч нийгмийн жихүүцэн зэвүүцдэг асуудлыг үл тоон хэм хэмжээнд баригдалгүй эмэгтэй хүнд байх эрх чөлөөг олгосон байв. Кинонд маш их секс, эротик сценүүд байх хэдий ч энэ нь Bella-ын аялалын нэг хэсэг бөгөөд тэр бүхэн өөр өөрийн гэсэн өгөх, авах утга учиртай байж. Бодит амьдралтай мөн бусад төрлийн кинотой харьцуулахад илэн далангүйгээр таны нүдний өмнө дэлгэн тавьсан нь тэр болохоос дээрх үйл явдал олон хүнд тохиолддог бидний нууц хэсэг юм гээд хэлчихэд та бүхэн дотроо чимээгүйхэн хүлээн зөвшөөрөх нь гарцаагүй юм.
Эцэст нь хэлэхэд гайхалтай жүжигчдийн бүрэлдэхүүний гайхалтай гүйцэтгэл хийгээд өнгө будаг хосолсон сонирхолтой үйл явдлаар дамжуулан олон санааг, тэр дундаа эрх чөлөөт эмэгтэй хүний тухай гайхалтай бүтээлээр тархиндаа салхи оруулан цээж дүүрэн амьсгалсандаа тун их баяртай байна.
Дашрамд дурьдахад жүжигчин Emma Stone маань Yorgos Lanthimos-ын дараагийн “Save the Green Planet” гэх remake кинонд туслах дүрд тоглохоор болсон гэсэн шүү.