Монголчууд бид агаар, орчны бохирдол, амьдралын чанараас шалтгаалан өвчлөл өндөр, түүнийгээ дагаад эмийн хэрэглээ ч их. Гэтэл та бидний хэрэглэж байгаа эмүүд чанартай эсэх нь эргэлзээтэй асуудлыг сүүлийн жилүүдэд ярих болсон. “Бизнес өрөг” нэвтрүүлэг энэ удаа эмийн чанар, үнийн талаар Эмийн түр хороог ахалж ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй ярилцлаа.
Эмийн чанар үнийн асуудлаар сүүлийн үед ярих болсон. Та одоо Эмийн түр хороог ахалж ажиллаж байгаа. Эмийн салбарт мафи үүрэлсэн байна, ялзарал үүсжээ гэж та яриад байгаа. Энэ нь яг ямар ямар асуудлыг хэлж байна вэ?
Би олон нийтэд хандаж мэдэгдэл хийхдээ ер нь энэ эмийн асуудлыг цэгцэлье, эмийн хулгайтай тэмцэх шүгэл үлээж байна гэсэн юм. Эрүүл мэндийн салбарын хулгай гэдэг нь эмээр дамжуулж хэт их өндөр үнэтэй, чанаргүй эмийг зарж ард түмний халааснаас хулгай хийж байна гэсэн үг. Хоёр дахь чухал асуудал нь эмийн чанар нь үнэтэйгээ уялдаж чадаж байна уу. Иргэдийн “үнэтэй эм чанартай байх” гээд ухамсаргүйгээр хийдэг үйлдэл дээр дөрөөлж үнэтэй эм борлуулаад байгаа асуудал.
Эмийн сангуудаар худалдаалж байгаа эмүүдийн бодит үнийг хянах тогтолцоо байхгүй ээ гэсэн үг үү?
Ямар ч зохицуулалт байхгүй. Бид хөнгөлттэй эм гэдэг маш чухал хөтөлбөрийг 2020 онд эрүүл мэндийн сангийн том шинчлэлийн үеэр хийсэн. Тэр үеийн 40 тэрбум төсөвтэй байсан хөнгөлттэй эм өнөөдөр 140 тэрбум болчхоод байна. 100 тэрбумаар тэлчихээд байна. Төсөв нь тэлээд байгаа хэрнэ чанар нь муу байна. Улс хөнгөлөлттэй эм нэрийн дор хэдхэн компанийг угжаад байгаа юм биш биздээ. Үүнтэй холбоотойгоор манай парламентын гол хийж байгаа ажил бол эмийн чанар, үнийн өсөлттэй холбоотой түр хороо байгуулсан. Энэ түр хороо 2022 онд анх Н.Учрал гишүүнээр ахлуулж ажиллаж байсан. Би тэр түр хорооны гишүүн байсан. Анхны түр хороо бол эмийн чанарын асуудлаар судалгаа шинжилгээ хийсэн. УИХ-ын түр хорооны хуулиараа хэлэлцэх асуудлынхаа хүрээнд хэлэлцэх асуудлыг хянан шалгах, шинжлэх, нотлох баримт цуглуулах үйл ажиллагаанууд явуулдаг. Эхний түр хорооны хугацаа дуусаж, татан буугдаад дахин би хүсэлт гаргаж 2023 оны зургаадугаар сард одоогийн энэ ажиллаж байгаа түр хороо байгуулагдсан. Би нотлох баримт цуглуулах, судалгаа шинжилгээний ажлуудаа хийж байна.
Өмнөх түр хороо татан буугдахаасаа өмнө эмийн чанар дээр ямар асуудлыг судалж батлав?
Ер нь энэ салбарын тогтолцооны хямрал юу байна вэ гэдэг дээр нэлээн их судалгаа хийсэн. Эмийн чанарыг судлах, шинжлэх зорилгоор гадагшаа дээж илгээсэн. Зах зээлийн судалгааг нэлээн өргөн хүрээтэй дээрээс нь олон улсын жишигтэй хамруулсан судалгаа хийсэн.
Та эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан хүн, УИХ-ын гишүүнээр дөрвөн жил ажиллачхаад өмнө нь ярихгүй, яагаад гэнэт сонгууль дөхөхөөр энэ асуудлыг ярих болов ?
Би их хурлын гишүүн болоод хамгийн түрүүнд хийсэн, ахалсан ажил бол эрүүл мэндийн салбарын реформ юм. Энэ реформын хүрээнд гүйцэтгэлийн санхүүжилтийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж эхэлсэн. Эмнэлгүүд төсвөөс хамааралтайгаар үйл ажиллагаа явуулдаг биш эмчилсэн хүн болгоныхоо төлөө санхүүжилтээ аваад, чанартай тусламж хүргэдэг тогтолцоо руу шилжсэн. Энэ бол том реформ. Энэ реформын хүрээнд бид “Эмийн агентлаг” байгуулж, эм эмнэлгийн төслийг зохицуулах газар байгуулах эрх зүйн орчныг хийж өгсөн. Энэ эмийн агентлагийн үндсэн чиг үүрэг, зорлиго бол зах зээл дээр байгаа эмийн чанарыг хянах. Эмийн зөвшөөрөл олгохдоо чанартай эсэхийг нь хянаж олгодог байх. Дураараа үнэ тавьдаг биш үнийг зохицуулдаг байх зорилготой. Харамсалтай нь байгуулагдсанаасаа хойших хоёрхон жилийн хугацаанд Эмийн агентлагийн дарга таван удаа солигдсон. Энэ асуудлуудыг харвал өнөөдөр бид сонсгол хийх хэмжээнд хүрчихсэн байна. Энэ сонсгол хийх нотлох баримт цуглуулах, хянан шалгах үйл ажиллагаа нь асар их цаг хугацаа, асар их материал дээр тулгуурлаж явдаг. Олон нийтэд хүргэхээсээ өмнө бид заавал нотлох баримт цуглуулж, ярих ёстой болно. Одоо бидний цуглуулсан материал бараг 500кг цаас байна. 100мб эксэлт хуудас байна. Хамаарал бүхий этгээдүүдийг шалгахад 140 албан тушаалтныг 7000 гаруй хүмүүстэй хамт шалгаж байна.
Зах зээл дээр байгаа эмийн чанарыг судлахад лаборторийн гурван сарын хугацаа шаарддаг. Ингээд шинжилж, судалж байна. Одоо бид гуравдугаар сарын сүүлийн долоо хоногт сонсголоо хийх гэж байгаа учраас олон нийтийг анхаарлаа хандуулаасай гэдэг үүднээс ярьж байгаа. Та бүхэн бас өөрт тохиолдож байгаа, болж бүтэхгүй байгаа эмийн асуудалтай холбоотой нэмэлт мэдээлэл өгөхийг хүсвэл эмийн сонсгол.мн ээр өгөх боломжтой.
Энэ бас зарим компаниудын гижгийг хөдөлгөөд байх шиг байгаа юм. Сонгууль гээд бидний өвчин алга болчихгүй шүү. Энэ бол сонгуульд зориулж хийдэг ажил биш. Энэ эмийн сонсгол бол монголын 3,5 сая хүний хэрэглэж байгаа эм гэдэг чухал бүтээгдэхүүн, эрүүл мэндтэй холбоотой асуудал учраас бүгд анхаарах хэрэгтэй. Зарим эмийн компаниуд 20, 30-аараа нийлээд Еврофарм дээр суугаад миний эсрэг юм хийж байна гэсэн. Нөгөө айсан хүнд аргал хөдөлнө гэгчээр хулгай нь илчлэгдэнэ гээд айж байгаа бол харин сонсгол дээр улаан нүүрээрээ уулзъя.
Эмийн чанараас гадна энэ салбарт хулгай яаж явагдаад байгаа талаар та баримттай жишээ хэлээч?
Олон нийтийн сонсгол дээр хэлнэ. Зарим нэг тодорхой болсон зүйлийг хэлж болж байна. Тухайлбал Ковидын үед Монгол улс эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний хэмжээний агуулахтай болсон. Ковид цар тахлаас өмнө маск, нэг удаагийн халад, ариутгалын бодис нөөцлөх агуулахгүй байсан шүү дээ. Тэр үед эмийн агуулах чухал юм байна, бид нөөцтэй байх ёстой юм байна гэдгээ шийдээд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр сая гаруй доллараар нөөцийн агуулах байгуулсан. 1000 орчим м.кв талбайтай, тусгай зориулалтаар хадгалах температур барьж чаддаг зориулалтын агуулах барьсан. Гэтэл тэр агуулах дотор цахим программ байхгүйгээс зарим эм нь хэзээ дуусах юм, нөөц нь хэд байгаа юм гэдгээ хянаж чаддаггүй. Тэгээд нэг флакон нь 450 долларын үнэтэй, нийт 160 гаруй сая долларын үе мөчний хурц өвчлөлд тарьдаг тарианыхаа хугацааг дуусгачихсан, устгах гээд байж байна. Нөгөө татвар төлөгчдийн мөнгө уйлдаггүй гэдэг чинь энд байна. Үе мөч нь улайж, хавддаг, хүндэрсэн хүмүүс энэ тариаг авч чадахгүй, сарын хоёр сая төгрөгөөр гадаадаас захиалж авчруулдаг шүү дээ. Яагаад хугацаа нь дуусахаас өмнө эмнэлгүүдэд тараагаад өгчихөж болоогүй юм бэ? Энэ чинь хулгай шүү дээ. Сэтгэл дутаж байна гэсэн үг.
Хоёрдугаарт хөнгөлттэй эмийн төсвийг байнга нэмж байна “хулгай” хийж байна. Өнөөдөр эрүүл мэндийн салбарын санхүүжилт хоёр их наяд давлаа. Намайг 2020 онд гишүүн болж байхад 400 гаруй тэрбум төгрөг л байсан. Хөнгөлөлттэй эмэнд 140 тэрбум төгрөгийг төсөвлөж байна. Ямар эмүүдийг зайлшгүй шаардлагатай эмүүдэд оруулаад, тэрийгээ хөнгөлөөд байгаа вэ гэдэг асуудал бий.
Ярилцлагын дэлгэрэнгүйг нэвтрүүлгээс үзнэ үү.