2023 онд улсын хэмжээнд 7244 хавдрын тохиолдол бүртгэгдсэн байна. Нийт нас барж буй таван хүн тутмын нэг нь хавдрын шалтгаантай байна гэх судалгааны дүн гарсныг Хавдар судлалын Үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүү хэлж байлаа. Тэгвэл бид хавдрын шинжилгээ хэрхэн хийлгэх, хавдрын маркераар бүх төрлийн хавдар илэрдэг эсэх талаар зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.
Тэрээр “Хүн гэнэт л хавдартай болно гэж байхгүй. Хавдрын үйл явц нь он удаан хугацаанд аажмаар явагддаг. Хүний биеийн эсийн өөрчлөлт улмаар хүний дархлаа муудсан тохиолдолд хавдрын эсүүд өвчин болж гардаг. Тиймээс урьдчилан сэргийлэхийн тулд Эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу насандаа тохирох шинжилгээнүүддээ хамрагдаж байх ёстой.
Хэрвээ ходоод нь өвдөөд, хорсоод байдаг бол ходоодны хавдраас зайлсхийж ходоодоо дурандуулах хэрэгтэй. Бэлгийн замын халдварт өвчин авсан байх магадлалтай гэж бодох эсвэл олон хавьтагчтай бол хамгаалалт тогтмол хэрэглэж, бэлгийн замын өвчнөөс сэргийлэх арга хэмжээнүүд авч байх хэрэгтэй.
Эцэг эхчүүд хүүхдээ бэлгийн харьцаанд ороогүй байхад нь эрэгтэй ч, эмэгтэй ч хүүхдээ падлимо вирусын эсрэг вакцинд хамруулах хэрэгтэй. Тэгвэл халдвар аваад, умайн хүзүү, түрүү булчирхайн ч юм уу хавдар болчихно гэх айдасгүй амьдрах боломж бүрдүүлнэ.
Элэгний хавдар, уушигны хавдар болон бусад хавдраас сэргийлэхийн тулд хамгийн том арга хэмжээ нь тамхи татахаа болих хэрэгтэй. Тамхи татдаггүй байвал нийт хавдраар өвчлөх өвчлөлийн 30 хувийн эрсдлийг байхгүй болгодог. Тамхи нь хөхний, өндгөвчний, нойр булчирхайн, элэгний, уушигны гээд бүх төрлийн хавдрыг үүсгэдэг хүний эрүүл эсийг өөрчлөх чадвартай. Энэ шалтгааныг л байхгүй болгох хэрэгтэй.
Хавдар үүсгэх эхний таван шалтгаан бий. Үүнд, тамхи, архи, агаарын бохирдол, таргалалт буюу амьдралын хэв маяг, вирус болон бусад халдварт хүчин зүйлүүд бий. Үүний дөрвөн хүчин зүйлийг нь бид үгүй хийх боломжтой. Архи, тамхи, таргалалт, агаарын бохирдол гээд. Таргалалт бол хавдрын гол хүчин зүйлсийн нэг. Эдгээрийг л үгүй болговол гэнэт хавдар үүсэхгүй байх нь.
Хавдрын маркераар шинжлүүлэхэд бүх төрлийн хавдар илрэх үү гэвэл үгүй. Гурван төрлийн маркер байдаг.
Нэгдүгээрт, энэ хүн хавдраар өвдөх эрсдэлтэй юу гэдгийг тодорхойлдог хавдрын маркер бий. Энэ нь асар өндөр үнэтэй. Үүнийг Хавдар судлалын Үндэсний төв хөхний хавдар, өндгөвчний хавдрын оношилгоонд оруулж ирэхээр ажиллаж байна. Энэ нь та болон таны эмэгтэй үр удамд хөхний хавдар, өндгөвчний хавдраар өвдөх эрсдэлтэй байна гэдгийг оношилно. Тиймээс гэр бүл төлөвлөлтөө хурдан зохион байгуул, хурдан төр, төрсний дараа өвдөх эрсдэлтэй учраас эртхэн арга хэмжээ ав, эмчлүүл гэж зөвлөх ажлыг удахгүй хийж эхлэх гэж байна.
Хоёрдугаарт, энэ өвчин хэр идэвхтэй байна вэ, хавдар илэрч байна уу, хавдар үүссэн байна уу гэдгийг оношилдог.
Гуравдугаарт, энэ хүнд ямар эмчилгээ хийх вэ, ийм гажиг илэрч буй тохиолдолд тухайн хүнд ямар эм, эмчилгээ хэрэгтэйг тодорхойлоход тухайн маркерыг шалгадаг. Манай молекул биологи генетикийн болон паталогийн лаборатори их завгүй ажилладаг.
Хавдрыг эрт илрүүлэхийн тулд ДЭМБ, олон улсын байгууллагуудаас тодорхой насны товлол гаргаж, тэр насандаа ийм шинжилгээ өгвөл зүгээр гэсэн зөвлөмж гаргасан. Үүнийг Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуульд баталгаажуулж, оруулсан. Эрүүл мэндийн тухай хуульд оруулсны ач холбогдол нь даатгалаар үнэгүй хийгддэг. Хамгийн эхний жишээ нь, умайн хүзүүний хавдрыг 30-35 насандаа умайн хүзүүний хавдрын илрүүлгийн үзлэг орох ёстой. Хавдрын өвчлөлийн талаар тухайн заасан насанд үзүүлж байвал илрэх боломжтой. Жишээ нь, 45 нас хүрээд бүдүүн гэдэс, ходоодоо дурандуулах ёстой. ходоодоо дурандуулах эсвэл хелико бактериар өвчилж байсан бол энэ насаа хүлээхгүйгээр үзүүлж байх хэрэгтэй гэсэн зөвлөгөө өгдөг” гэв.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.