Герман улсын кино урлагийн салбарт амжилттай ажиллаж буй жүжигчин, зохиолч Гансүхийн Ариунболорыг “Хөрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт урьж, ярилцлаа. Сайн сайхан, хүнд хэцүү амьдралын олон өнгийг туулж явсан өөрийгөө эргээд харахад ямар ч үед хувирдаггүй хүн чанараараа бахархдаг тухайгаа ярьж байлаа.
“Өнөөдрийг хүртэл чанартай бүтээл туурвихаар бүх сэтгэлээ зориулж байсан ч амьдралын утга учир болсон үр хүүхэдтэй болохоо бараг л мартах шахаж” гэж ярих түүний одоогийн чин хүсэл нь ээж болох. “Энэ ертөнцийг оршин тогтноход туслах үр хүүхэдтэй болох мэдрэмж их гоё байдаг байх даа” гэх түүний ярилцлагыг хүлээн авч уншина уу.
-Сайн байна уу. Таны хүүхэд насны талаар ярилцлагаа эхэлье.
-Би 1987 онд Улаанбаатар хотод төрсөн. Манайх нэгдүгээр хороололд байсан. Нэгдүгээр хорооллын хүүхэд гэж хэлж болно. Тэнд 10 нас хүртлээ амьдарсан. Гуравдугаар ангид байхдаа Герман явсан.
Хүүхэд байхдаа герман, монгол хүүхдийн эрлийз юм шиг л өссөн. Гараад л герман хүүхэд болчихдог. Гэртээ орж ирэхдээ эргээд монгол хүүхэд болчихдог. Гэрээ цэвэрлэнэ, дүүгээ харна, эгч хоол хийхэд нь тусална, эрт даалгавраа хийх, ээж аав орж ирэхэд цай хийж өгөх гэх мэт монгол эмэгтэй хүүхдүүдийн хийх ёстой ажлыг бүгдийг нь хийнэ. Соёлын эрлийз маягийн гэх юм уу.
-Тухайн үед “Монголд байсан бол” гэж боддог байв уу?
-“Хэрвээ би монголд байсан бол гадаад хүнтэй суух байсан болов уу. Хэрвээ би монголдоо байсан бол өшөө их амжилттай байх байсан болов уу. Хэрвээ монголдоо байсан бол хүнтэй суугаад, олон хүүхэдтэй байх байсан болов уу” гэж одоо ч боддог. Монголчуудын амьдралын хэв маяг шал өөр. Монголчууд харьцангуй эрт гэр бүлтэй, үр хүүхэдтэй болохыг эрхэмлэдэг. Харин Германд эсрэгээрээ 40 гараад гэр бүлтэй, хүүхэдтэй болохыг хэвийн гэж үздэг. Бас олон хүүхэдтэй болоход дургүйцдэг. “Тийм их хүүхдээр яах юм” гэж хэлдэг гэх мэт соёлын ялгаа цөөнгүй бий. Заримдаа ч “Би одоо 30 гарсан эмэгтэй. Юу билээ. Хэзээ хүүхэд гаргах билээ. Яах билээ” гээд л боддог. Ингэж боддог ч харамсдаггүй. Германд өсгөсөн аав, ээждээ их талархдаг. Тэд маш их золиос төлж биднийг тэнд өсгөсөн. Маш их баярлаж, талархдаг.
ОЛОНДОО ХАЙРЛАГДСАН ЖҮЖИГЧИН БАЙХ ЮМ САН
-Яагаад жүжигчин мэргэжлийг сонгосон бэ?
-Би бараг л мэдээ орсон цагаасаа жүжигчин болно гэж боддог байсан. Ээжээсээ л үлгэрлэл авсан юм шиг байгаа юм. Манай ээж жүжигчин байсан. Намайг жаахан байхад нас барсан. Ээжийнхээ зургийг хараад л… Манай ээж их хөөрхөн, гоё эмэгтэй байсан болохоор ээжийгээ дуурайгаад жүжигчин болъё гэсэн бодол төрсөн. Тэр үеэс хэзээ ч шийдвэрээсээ урваагүй.
–Та ямар жүжигчин байхыг хүсдэг вэ?
-Би олондоо хайрлагдсан хүн байх юм сан гэж боддог. Угаасаа бага зэргийн нэр хүндийн төлөө л энэ ажлыг хийж байгаа. Хэрвээ тийм биш байсан бол хэн ч хардаггүй ч амжилтад хүрэх боломжтой өөр мэргэжлүүдээс сонгох байсан.
Урлагийн бид угаасаа л жаахан дутагдлын комплекстой хүмүүс байдаг. Мэргэжлээрээ дамжуулаад бусдаас хайрыг авах гэсэн л хүмүүс. Миний ч хүсэл мөрөөдөл адилхан. “Олон хүнийг баярлуулах юм сан. Олон хүний зүрх сэтгэлд хүрэх юм сан. Олон хүн намайг дэмждэг болоосой. Олон хүний хайрыг авах юм сан” гэсэн л хүсэл мөрөөдөлтэй. Энэ л миний жүжигчин болсон шалтгаан байх. Мэдээж ажлаа гоё, тултал нь хийх юм сан. Гоё дүрүүдэд ажиллах юм сан гэсэн хүсэл мөрөөдөлтэй. Олондоо хайрлагдсан жүжигчин болъё гэж боддог доо.
ЦӨӨН, ЧАНАРТАЙ УРАН БҮТЭЭЛД БҮРЭЭ МӨНХЛӨХИЙГ ХҮСДЭГ
–Олондоо хайрлагдахын тулд уран бүтээлч өөрөө ямар байх ёстой бол?
-Үнэн, өөрийнхөөрөө байх ёстой. Үзэгчид тэнэг биш. Үзэгчид жүжиглээд байгаа хүнийг мэдэрдэг. “Энэ харваас алиалаад байна” гэж мэдрээд шууд дургүй нь хүрдэг. Ямар ч үзэгч хүний худлаа жүжиглэж байгааг мэдэрдэг. Учир нь тэнд хүний зүрх сэтгэл, мэдрэмж байдаг. Үнэн байх тусам хүмүүс илүү хайрладаг. Худлаа дүр эсгэх тусам хүмүүс мэдрээд, татгалздаг.
Амьдралын филтер байдаг гэдэгт би их итгэдэг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хэрэггүй хүмүүсээ гаргаж, хэрэгтэй хүмүүсээ үлдээдэг. Анхнаасаа жаахан худлаа, дүр эсгэж байсан хүмүүс нь явж, үнэн, чадварлаг байсан хүмүүс нь үлддэг.
–Та ямар зарчим баримталж ажилладаг вэ?
-Би монголд цөөн уран бүтээлд тоглосон. Сонгож байгаад өөрт хамгийн таалагдсан зохиолоо сонгож, баг бүрэлдэхүүн нь ч ямар байгааг хардаг. Монголоос олон ч санал ирдэг. Гэвч би олон кинонд тоглохоос илүү сайн чанарын кинонд тоглохыг хүсдэг. Миний тоглосон кино миний бүтээл болон үлдэнэ. Тиймээс тэр бүтээл маань үзүүштэй байгаасай гэж боддог. Жишээлбэл, “Мандухай сэцэн хатан” МУСК-г бид хэдэн ч удаа үзээд ханадаггүй. Эсвэл “Би чамд хайртай” киног хэдэн удаа үзэж, дахин дахин уйлж, тэр мэдрэмжийг авдаг билээ.
Жүжигчин хүний хувьд их олон кинонд тоглох нь тийм ч сайн биш. Германд “Нүүрээ түлнэ” гэж ярьдаг. Их кинонд тоглоод байвал “нүүрээ түлчихдэг”. Тиймээс сайн, чанартай, цөөн уран бүтээлд тогловол “нүүр түлэгддэггүй”. Улам бүр “од” болох магадлал өндөр байдаг учраас энэ зарчмыг баримталдаг.
БЭРХШЭЭЛИЙГ ДАВАН ТУУЛАХАД ИТГЭЛ ҮНЭМШИЛ ТУСАЛСАН
-Та уран бүтээлийн гараагаа хэрхэн эхэлж байв?
-Би гуравдугаар семестрийн оюутан байхдаа Германы нэг кинонд тоглосон. Тэр кино маань амжилттай болж, фестивалиудад оролцож, би Германы шилдэг өсвөр насны жүжигчний номинацид орж, их л амжилттай уран бүтээлийн гараагаа эхэлж байсан. Тухайн үед Монголд ирж, “Дурлалын гэмт хэрэг” кинонд тоглосон.
Уран бүтээлийн гараагаа дөнгөж эхлээд, амжилттай явж байсан ч хэсэг хугацаанд завсарлага авах шаардлага тулгарсан. Тухайн үед аав маань аваарт орж, ухаангүй болсон. Би таван жилийн завсарлага авч, цалин мөнгө ихтэй ажил хийж, аавынхаа эмчилгээнд нэмэр болох, аавыгаа асрах хэрэгтэй болсон. Карьериа орхиж, завсарласан тэр үе надад үнэхээр хэцүү байсан.
Энэ бүхний дараа эргээд уран бүтээлдээ орж, агентлаг олох, өөрийгаа таниулах тун хүнд байсан. Тухайн үед хийсэн, бүтээсэн бүтээл байхгүй, бараг хөөрхөн царайнаас өөр зүйлгүй. Дээрээс нь гадаад хүн. Хэчнээн төрсөн хэл шигээ ярьж байгаа ч зүс царай маань хараваас ази хүн болохоор намайг шууд л “Хүүе, сайн уу. Энд нэг кино байна” гэж хэлэхгүй. Тэр бүрд тэвчээртэй байх, гадуурхал гэдэг зүйлийг тэвчих хэрэгтэй болсон. Үнэхээр хэцүү. Хүн бүр үүнийг чадахгүй.
-Хүнд, хэцүү үеийг даван туулахад юу түшиг болсон бэ?
-Үнэхээр “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэдэг шиг хэцүү үед хүн чанарыг олж хардаг юм билээ. Тэр үед хэн чиний хажууд байна вэ гэдгийг анзаарах ёстой юм шиг санагдсан.
Би тэр үед Германд гудамжинд явж байхдаа дээр үед маш сайн найзладаг байсан хүн маань миний урдуур танихгүй хүн шиг алхахыг харсан. Тухайн үедээ үнэхээр гайхсан. “Хүн нээрээ ийм л байдаг юм байна. Аав нь жаахан асуудалтай болж, өөрөө амьдралын төлөө зүтгээд явж байхад хүн ингэж хувирдаг юм байна шүү дээ” гэж бодсон. Дараа нь би кинонд тоглоод, Германы телевизээр гараад эхэлтэл нөгөө хүн гэнэт бичээд л эхэлсэн. Тэр хүн өөрөө ч ямар үйлдэл гаргаснаа мэдэж байгаа. Би ч мэдэж байгаа. Тэгсэн хэр нь юу ч болоогүй юм шиг “Баяр хүргэе” гээд л ирдэг юм билээ. Зарим хүнд үнэхээр ичих нүүр байдаггүй юм шиг санагддаг.
Хэцүү үед хүн чанарыг олж хардаг ч итгэл үнэмшилтэй болдог. Энэ зүйл ямар нэгэн шалтганаас болж надад тохиолдож байна. Би бурхан байдагт итгэдэг. Магадгүй надад ямар нэг зүйлийг сургах гэж энэ бэрхшээлийг өгсөн байх. Тиймээс би суралцах ёстой. Үүнийг даван туулах ёстой. Үүний ард илүү гоё зүйл байгаа гэж итгэх ёстой юм болов уу. Тухайн үеийг даван туулахад миний итгэл үнэмшил тус болсон.
ӨӨРИЙГӨӨ МЭДДЭГ БАЙХ НЬ АМАР ТАЙВАН АМЬДРАХАД ТУСАЛДАГ
-Эргээд харахад өөрийнхөө юугаар бахархах сэтгэл төрж байна вэ?
-Би өөрийнхөө хүн чанараар бахархдаг. Би хэзээ ч, ямар ч үед хувирдаггүй хүн. Зовж байсан ч, жаргаж байсан ч ямар ч үед яг л байгаагаараа байдаг. Хэний ч өмнө ямар нэгэн дүр эсгэхийг хүсдэггүй. Тэгэх ч шаардлагагүй. Би өөрийгөө хэн гэдгээ, юу чаддагаа, ямар өнгө, үзэмжтэй гэдгээ мэднэ. Хэн ч надад заах шаардлагагүй. Намайг доош нь хийх эсвэл өөдөн татах шаардлагагүй. Би өөрөө өөртөө бүгдийг нь бий болгож чаддаг учраас тэгэх шаардлагагүй юм шиг санагддаг. Намайг гоё болгодог зүйл нь миний дотоод хүн юм шиг санагддаг.
-Хүн өөрийг мэддэг байх нь ямар давуу талтай вэ?
-Хүн өөрийгөө мэддэг байх нь халдашгүй байдлыг үүсгэдэг. Өөрт чинь хэр баргийн хүн халдаж чадахгүй. “Надад хэн ч, юу ч хэлсэн наалдахаа байсан” гэдэг шиг. Ер нь юу ч наалдахаа больдог. Өөрийн тань бодлыг өөрчлөх гэж оролдох, худлаа онгироох эсвэл доош нь хийх ч юм уу, тийм зүйлд ямар хариу үйлдэлгүй болчихдог. Хүний хэлсэн үгэнд хэт хөөрөх, хэт гутрахгүй болдог. Тэгэхээр амар тайван амьдрахад тус болдог юм шиг санагддаг.
ШИНЭ ЗҮЙЛ СУРАХ НЬ АМЬДРАЛЫГ СОНИРХОЛТОЙ, АДАЛ ЯВДАЛТАЙ БОЛГОДОГ
-Таны бодлоор амьдралыг юу илүү адал явдалтай, сонирхолтой болгодог бол?
-Би амьдралдаа дэс дараалалтай байхыг эрхэмлэдэг хүн. Эхлээд сургуулиа төгсөөд, дараа нь мэргэжлээрээ ажиллаад, дараа нь бага зэргийн үр дүн хараад, гэр бүлтэй болж, үр хүүхэдтэй болоод дараагийн алхмуудаа хийхийг хүсдэг.
Сур дахиад сур гэдэг зарчмыг баримталдаг. Амьдрах энэ насандаа үргэлж суралцахыг хүсдэг. Шинэ зүйл сурах дуртай. Тэр ч утгаараа дахиад шинэ зүйл сурах гээд их сургуульд хүртэл бүртгүүлсэн.
Зарим зүйлд ханана гэж байдаг. Хэрвээ ажилдаа ч юм уу ханачихлаа гэж бодож, уйтгартай санагдаж эхэлбэл өөр өнцөг хайж олоод, шинэ өнцгөөс шинэ зүйл сурахаар эргээд дуртай болдог юм шиг санагддаг. Тиймээс амьдралдаа үргэлж шинэ цохилт өгч байх ёстой. Шинэ, жижиг жижиг цохилт өгөхөөр амьдрал өөрөө адал явдалтай болж, сэргэдэг.
ҮНДЭСНЭЭСЭЭ ТАСРАХГҮЙН ТУЛД МОНГОЛДОО ИРДЭГ БОЛСОН
-Монголдоо ирсэн сэтгэгдлээсээ хуваалцаач?
–Монголд ирээд гоё санагдаж байна. Би ер нь монголдоо ховор ирсэн. Жишээлбэл, манай нагац эгч герман нөхөртэй. Тэр нөхөр нь бараг жил бүр монголд ирдэг. Герман хүн надаас олон удаа монголд ирсэн байвал яах уу. Монгол хэчнээн миний төрсөн нутаг ч гэсэн би өөрөө герман хүн болсон гэж бодсон юм уу, монголд ирэх хүсэл их төрдөггүй байсан. Өсвөр насанд байхад монгол явах хүсэл ч төрдөггүй байсан. Германд л гоё байдаг юм шиг санагдаад л. Найз нөхөдтэйгөө гадуур гараад л эсвэл далайн эрэгтэй гоё газар аялах нь гоё юм шиг санагдаад л. Харин 30 гараад би монголыг их мөрөөддөг болсон. Хүн 30 гараад ирэхээрээ “Би хэн бэ” гэдгээ илүү их мэдэхийг хүсдэг болдог юм билээ. Үүний өмнө маш олон зүйлд сатаардаг. “Би хэн бэ, хэнээс гаралтай вэ, би хаанаас ирсэн бэ” гэдгээ мэдрэхийн тулд эргэж ирдэг болсон. Монголд ирэх бүрд их гоё байдаг. Хамаатан саднаа харна. Бараг танихгүй болсон хүмүүс, намайг мэдэх ч үгүй шинээр төрсөн хүүхдүүд. Цусан төрлийн хүмүүсээсээ, үндэснээсээ тасрахгүйн тулд ирдэг болоод байна.
НӨХӨРТЭЙГӨӨ НЭГ САЛБАРТ АЖИЛЛАДАГ УЧРААС БИЕСЭЭ ОЙЛГОЖ, ХУРЦАЛЖ ЧАДДАГ
-Та нөхрийнхөө талаар бидэнд хуваалцаач. Хэзээ, яаж танилцаж байсан бэ?
-Манай нөхөр надтай нэг салбарт ажилладаг. Найруулагч мэргэжилтэй. Бид 23 настайдаа нэг уран бүтээлд ажиллаж байхдаа танилцаж, одоо хүртэл 13 жил хамт байна.
Манай нөхөр бусад уран бүтээлчдийн л адил бүх зүйлээ өөрөө хийдэг. Одоо продакшн байгуулаад, продюсер, зохиолчоо хүртэл өөрөө хийдэг. Нөхөр маань мэргэжлээрээ ажиллаад, амжилттай явж байна.
Бид оршин тогтнохын тулд янз бүрийн зүйл хийж байна. Хийх ёстой ч болж байна. Хүмүүс сайн дураараа ирээд чамд туслахгүй. Тиймээс анхнаасаа бүх зүйлээ хийгээд сурчихвал зүгээр санагддаг.
-Нэг салбарын хүмүүс гэр бүл байхын сайхан бөгөөд хэцүү зүйлс нь юу байдаг вэ?
-Нэг салбарын гэр бүл байх нэг талаараа гоё. Бие биеэ ойлгоно, хурцална, гоё санаа өгнө. Нөгөө талаас хэцүү зүйл ч цөөнгүй.
Хамтдаа урагшаа нэг зүг рүү алхдаг ч хоёр хоосон хүн чинь хэцүү. Уран бүтээлийнхээ төлөө тэмцээд л байдаг. Юм ирэхгүй. Ингэж явсаар маш олон хүнд жилүүдийг хамтдаа туулсан байдаг. Энэ явцдаа хоёр биеэ маш сайн олж таньдаг. Хоёр биеийнхээ маш том түшиг тулгуур, хамгийн сайн найз нь болдог. Энэ хүн л намайг мэднэ, энэ хүн л надад тусалж чадна. Яаж ч байсан энэ хүнд итгэж болно гэсэн найдвартай болдог.
Нөхөр маань надтай л адилхан тэмцэж байгаа уран бүтээлч учраас маш хүнд замыг хамтдаа л туулдаг.
“БИ ЭЭЖ БОЛОХ ХУВЬ ТАВИЛАНТАЙ ХҮН БАЙЛГҮЙ ДЭЭ”
-Таны чин хүсэл юу вэ?
-Миний одоогийн чин хүсэл ээж болох. “Би ээж болох хувь тавилантай хүн байлгүй дээ. Ээж болох их гоё мэдрэмж байдаг болов уу” гэж их боддог болсон. Эцсийн эцэст хүнд юу хэрэгтэй вэ. Ажил, карьер дараа нь хэдэн кино л болж үлдэнэ. Гэхдээ үр хүүхдээ үлдээнэ гэдэг энэ дэлхий ертөнцийн оршин тогтноход нь хүртэл тусална. Миний хийсэн кино энэ дэлхийг оршин тогтноход туслахгүй. Миний үр хүүхэд тусална.
Хүнд их зүйл хэрэггүй. Бид угаасаа амьтад. “Хүн” гэдэг амьтан. Амьтан эд хөрөнгө хүсдэггүй. Зүгээр оршин тогтнохыг л хүсдэг. Амьтад эрүүл хүүхэд гаргахыг хүсдэг. Үржихийг хүсдэг. Үүнтэй адил амьдралын утга учир үүнд л байдаг болов уу гэж боддог болсон. Их эд хөрөнгөд биш. Их том карьерт биш. Үржих. Хүн төрөлхтний хүн болж төрсний утга учир нь үржих юм болов уу. Үржиж, үр хүүхдээ үлдээх, эрүүл амьдрах, бүрэн бүтэн байх нь утга учир болов уу.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.