Монгол Улсад жил ирэх тусам бэлгийн замаар дамжих халдварт өвчин нэмэгдэж байна. Тодруулбал 2022 оны байдлаар 15586 тохиолдол статистик тоо баримтад бүртгэгджээ. Бэлгийн замын халдварт өвчин нь дан ганц халдварт өвчлөл бус харин олон төрлийн вирусийг дамжуулах эрсдэл болдог байна. Тэр дундаа эмэгтэйчүүдийн дунд тулгамдаж байгаа умайн хүзүүн хорт хавдарыг үүсгэх гол шалтгаан нь бэлгийн замаар дамжих хөхөнцөр вирус байдаг аж.
Тэгвэл энэ талаарх ХСҮТ-ийн Эмэгтэйчүүдийн мэс заслын их эмч АУ-ын магистр Г.Ням-Одтой ярилцлаа.
-Монгол Улсад замбараагүй бэлгийн хавьталаас үүдэлтэй БЗХӨ ихсэж байна. Тэр дундаа эмэгтэйчүүд хөхөнцөр вирус гэх зүйлийг авдаг энэ нь Умайн хүзүүний хорт хавдар үүсгэх шалтгаан болдог юм байна. Энэ нь үнэн үү?
Умайн хүзүүний хавдар үүсэх маш олон төрлийн хүчин зүйлүүд байдаг. Тэдгээрээс хамгийн өндөр эрсдэлтэй хүчин зүйлийг судалсан Нобелийн шагналт ХБНГУ-ын эрдэмтэн байдаг юм. Умайн хүзүүн хавдар үүсэх хүчин зүйлийн нэг бэлгийн замаар дамждаг хөхөнцөр вирусийн халдвар. Ихэнх хавдарын шалтгаан тодорхой бус байсан бол харин одоо шинжлэх ухаан хөгжихийн хэрээр зарим нэг хавдарын шалтгаан тодорхой болж эхэлсэн. Үүний нэг нь умайн хүзүүн хавдар үүсэх гол шалтгаан нь бэлгийн замаар дамждаг хөхөнцөр вирус юм. 2006 онд хөхөнцөр вирус нь Умайн хүзүүний хавдар үүсгэж байна гэдгийг батлаад үүний эсрэг вакцин хийсэн байдаг. 2008 онд тус эрдэмтэн нь нобелийн шагнал авсан байгаа юм.
Умайн хүзүүний хавдарыг зөвхөн бэлгийн замаар дамждаг гэж ойлгож болохгүй. Дэлхийн 22 орны 1000 гаруй эмэгтэйчүүдийг Германы эрдэмтэн судалж үзэхэд 99.7 хувьд нь хөхөнцөр вирус байна гээд тодорхойлжээ. Умайн хүзүүний хавдар үүсгэхэд хөхөнцөр вирус 99 хувийн шалтгаан болж байна гэсэн үг. Энэ нь өөрөө умайн хүзүүний хавдарын гол шалтгаан гэсэн үг юм.
Хөхөнцөр вирус нь эмэгтэйчүүдээс гадна эрчүүдэд мөн хамааралтай. Эрчүүд нь энэ вирусийг тээгч байдлаар авч явдаг. Эрэгтэй хүнд умайн хүзүү гэж байхгүй учраас умайн хүзүүн хавдар яригдахгүй. Харин эр бэлэг эрхтэн шодой, шулуун гэдэс, ам залгиурын хавдар үүсгэх шалтгаан нь тус вирусээс хамааралтай. Мөн эмэгтэйчүүдэд умайн хүзүүн хавдараас гадна Шулуун гэдэс, ам залгиур, гадна бэлэг эрхтэн буюу үтрээ, улаан хоолойн хавдар үүсэх шалтгаан болдог. Эдгээрээс 20-70 орчим хувийн шалтгаан нь болж байна гэж эрдэмтэд нотолсон.
Хөхөнцөр вирусээр халдварласан гэдгээ эмэгтэй хүн хэрхэн мэдэх вэ?
Энэ вирусийн халдвар нь түрүүн хэлсэн бэлгийн замаар дамждаг. Үүнийг оношлуулж, илрүүлдэг арга бий. Нэгдүгээрт хөхөнцөр вирус буюу HBV вирус нь умайн хүзүүнээс авдаг. Эхлээд үтрээнд толь тавьж байгаад зориулалтын сойзоор арчиж авдаг юм. Энэхүү сорьц дээрээс нь умайн хүзүүн хавдар үүсэх магадлал байна уу үгүй юу тодорхойлдог. Хөхөнцөр вирус шиг дэлхий дахинд 156 төрлийн вирус байдаг гэж тодорхойлсон. Бидний амны ойролцоо гардаг хомхой нь өөрөө хүний хөхөнцөр вирус. Энэ нэг төрөл юм. 150 гаруй төрлөөсөө 30 орчим нь умайн хүзүүн хавдар, үтрээ буюу гадна бэлэг эрхтний хавдар, ам залгиурын хавдар үүсэх шалтгаан нь болдог. Үндсэндээ тэр 30 гаруй төрлөөс нь типийг авч шинжилж үздэг.
Манай ХСҮТ дээр хөхөнцөр вирус байна уу гэдгийг тодорхойлдог шилийг хийдэг. Мөн Улаанбаатар хотын ихэнх хувийн эмнэлэг, лабораторид энэ вирусийн халдвар байгаа эсэх шинжилгээ хийгддэг. Үүнээс гадна эмэгтэй хүн умайн хүзүүн хавдараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх зорилгоор 30-60 насны хооронд гурван жилийн зайтай умайн хүзүүний хавдарын эсийн шинжилгээ хийлгэж болно. Тэр үед авч байгаа эсийн шинжилгээнд нь HPV буюу хөхөнцөр вирус байгаа эсэхийг тодорхойлж болдог. Мөн эдийн шинжилгээнд тодорхойлж болдог. Гэхдээ энэ типнүүдийн төрлийг нарийн гаргахгүйгээр энэ хүнд вирус байна уу үгүй юу гэдгийг л тодорхойлно. Одоогоор хараахан энэ вирусийг устгах эмчилгээний арга дэлхий дахинд гараагүй байна. Тухайн вирусийн давшангүй явцыг удаашруулах саармагжуулах олон эм бэлдмэл, вакцин байна.
Герман улсын эрдэмтний судалгаагаар бол энэ вирусийн тархалт өөрөө их өндөр байдаг юм байна. Дэлхийд дунджаар 80 орчим хувийг эзэлдэг. Монгол Улсад ч мөн ялгаагүй 80 орчим хувийг эзэлдэг. Арван эмэгтэйн найм нь тус вирусийг тээсэн байх боломжтой гэж үздэг. Гэхдээ тус вирусийн халдвар авсан эмэгтэй хүн бүр умайн хүзүүний хавдараар өвчлөхгүй. Нөхөн үржихүйн насны эмэгтэй бүр умайн хүзүүн хавдраар өвчилж байвал энэ тоо маш их болно шүү дээ.
Монголд умайн хүзүүний хавдарын тохиолдол 2019 онд 333 тохиолдол бүртгэгдсэн. Дунджаар жилд 390-400 тохиолдол бүртгэгддэг. Арван эмэгтэйн найм нь хөхөнцөр вирустэй бол үүнээс зургаан эмэгтэй нь өөрийн дархлаагаар тухайн вирусийг устгадаг. Харин алга болохгүй байсаар байх юм бол тухайн хүнд умайн хүзүүний хорт хавдар, умайн хүзүүний урьтал эмгэг бий болдог. Дунджаар энэ вирусийн халдвар авсанаас хойш тухайн хувь хүний онцлогоос хамаараад тав болон түүнээс жилийн дараа умайн хүзүүний хавдарын урьтал эмгэг үүсч эхэлдэг. Тийм учраас умайн хүзүүн хавдарын эрт илрүүлэгт 30-60 насны эмэгтэйчүүдийг хамруулдаг. Эмэгтэй хүн 20 настай бэлгийн харьцаанд орсон бол арван жилийн дараа 30 нас хүрсний дараагаар умайн хүзүүн хавдарын эсийн шинжилгээ авдаг юм.
Сүүлийн үеийн охид бэлгийн харьцаанд их эрт орох болсон. Тэгвэл 15 эсвэл 16 настай үед бэлгийн харьцаанд орсон бол арван жилийн дараа 25,26 насандаа умайн хүзүүн хавдарын эрт илрүүлэгийн эсийн шинжилгээнд хамрагдах ёстой. Монгол Улс эрт илрүүлэгийн насыг 30 наснаас гэж заасан байдаг. Харин дэлхийн орнууд ихэвчлэн 21 наснаас эрт илрүүлэг хийж эхэлдэг. Тэгвэл эмэгтэй хүн та 20 наснаас өмнө бэлгийн харьцаанд орсон л бол заавал улсын эрт илрүүлэгийн хугацааг хүлээх шаардлагагүй хувийн эмнэлэгт умайн хүзүүн хавдарын эсийн шинжилгээ өгөх нь зүйтэй.
Хөхөнцөр вирусээс урьдчилан сэргийлэх боломж бий юу?
Хөхөнцөр вирусээс урьдчилан сэргийлэх анхдагч болон хоёрдогч арга бий. Хэрвээ хөхөнцөр вирусийг авахгүй гэвэл анхдагч урьдчилан сэргийлэх аргыг хэрэглэнэ. Энэ нь дархлаажуулалт буюу вакцин хийнэ гэсэн үг. 2020 оны байдлаар дэлхийн 122 улс хөхөнцөр вирусийн вакцинд хамруулах хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүнд 9-14 насны бэлгийн харьцаанд ороогүй охидод вакцинжуулалт хийдэг.
Эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүд тохиолдлын бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэх шаардлагатай. Энэ нь анхдагч урьдчилан сэргийлэх арга юм.
Хоёрдогч арга нь хэрвээ та бэлгийн харьцаанд орсон бол эсийн шинжилгээнд хамрагдах шаардлагатай. Мөн бэлгийн харьцаанд орох үедээ хамгаалах арга хэрэглэж анхаарах шаардлагатай юм.