Улс орны хөгжлийн бас нэг гол үндэс нь үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид юм. Ингэж хэлдгийн учир нь тэд эх орондоо үйлдвэрлэж, өөрийн гэсэн өнгө төрхийг бүтээж, хүнд хэцүү бартаа, даваа саадыг туулан хувийн бизнес эрхэлдэг. Зөв замаар явж, зөв хөлөө олж, амжилттай явахын тулд олон олоон жилийг тууштай, цуцашгүй, дайчин чанараар үдсэн байдаг. Хөлс дуслуулсан хором мөч бүхний төлөө хөдөлмөрлсөн учраас түүний үр шим нь эргээд эзнээ шагнадаг билээ.
Хэдийгээр мэргэжлийн оёдол, эсгүүрийн сургалтад сууж номын дуу сонсоогүй ч үеийн үед уламжлагдан ирсэн, гарын ур дүй, оюун ухаанаар өрхийн үйлдвэрлэл эрхлээд 20 гаруй жилтэйгээ золгож буй "Уран Цамба" урлангийн гэр бүлийн хосыг өнөөдөр бид онцолж байна.
Үндэсний дээл хувцсыг урлахаас гадна Монгол ёс уламжлал шингээсэн малгайг төрөл бүрээр нь оёдог "Уран Цамба"урлангийн үүсгэн байгуулагч, оёдолчин Б.Баянбат өдгөө үйлчлүүлэгчдээ сэтгэл ханамжийг "төгс чанар"тай бэлэглэхийг зорьдог. Түүний хувьд захиалсан хувцас нь эзэндээ таалагдах тэр л мэдрэмжийг харах хамгийн аз жаргалтай гэдгийг тодорхойлон хэллээ.
Юуны өмнө танд өдрийн мэндийг хүргэе. Удахгүй Сар шинийн баяр болох гэж байна. Эрэгтэй хүн тэр дундаа монгол үндэсний дээл хувцас, малгай бүр платье оёдог гэхээр нь онцгой санагдаад зорин ирлээ. Таны үйл оёх, мэтгэх авьяас хэнээс, хэзээнээс өвлөгдөөд ирчих вэ?
Оёж буй дээл хувцсаа "Төгс чанартай" бүтээхийг эрхэмлэдэг
"Уран Цамба" урланг үүсгэн байгуулагч, оёдолчин Б.Баянбат
Манай ээжийн аавын аав гээд мундаг уран хүн байсан. "Уран дархан Цамба" гэж. Төрийн тамгатай, төрийн том том хаад ноёдын захиасыг хийдэг байсан. Тэгээд тэр уран мундаг өвөг дээдсийн ген ингээд явж байгаа. Ер нь нэг тийм байгалиасаа аливаа зүйлийг хийх, тэрэндээ маш их дуртай. Тэгээд энэ өв тээсэн урчууд байна гэдэг бол бас их сайхан юм байгаа. Өнөөдөр миний нэрийг Баянбат гэж өгсөн байгаа. Би бас нэрээ ч гэсэн бэлгэддэг юм.
Өөрийн гарын энэ ур, сэтгэл санааны ур, тэгээд нүдний ур гэсэн ийм сайхан зүйлүүдийг хослоод өөрт заяачихсан. Үүгээрээ хүн ингээд төгс бүтээлийг хийж байвал их сайхан байгаа юм.
Монгол хувцас өмсөх, гоёхоос эхлээд удаан эдэлгээг бодож зөв арчлах, хадгалалт гээд бүхэл бүтэн соёл байх шиг. Хамгийн гол нь хийц, чамбай, уран нямбай үндэсний дээл хувцас харахад л нүдэнд тусаад тухайн эзнээ их чимсэн байдаг?
"Уран Цамба" урланг үүсгэн байгуулагч, оёдолчин Б.Баянбат
Ерөөсөө "монгол хувцас" гэдэг бол зүгээр ингээд тавихаар их гоё сүртэй, тэгээд салхи шуурганд буулгаад өмсөхөөр гоё улам сүртэй болох жишээтэй. Бас тийм монгол малгай байна.
70, 80-аад оны үед оёж буй дээлээ хоргойгоор их эмждэг байлаа. Одоо энэ ногоон дээлний эзэн надад материалаа авчраад л өгсөн. Яг ийм тийм оёод өгөөрэй гэж хэлээгүй. Харин тухайн хүнд ямар өнгөтэй торго, даавуу, материалаар хийвэл мөн хэрхэн донж маягтай оёвол зохих болгэж их бодно. Заримдаа шөнө нь бодож хононо. Өглөө босоод л бодсон, санасан санаагаа урлаж байгаа бүтээл дээрээ буулгана даа. Энэ гэхдээ их гоё сайн хоргой байналээ. Гоё, шинэлэг. Тэгээд хоргойгоор эмжээд, ийм ногоон хавчуурга хийгээд, ийм ногоон дээр шар ногоон шилбэнүүдийн шийдлийг гаргаж өгч байгаа.
Дээлийг хамгийн гоё төгс чимж өгдөг нь эмжээр хийц өнгө хоорондоо зохицолдсон байхаас гадна шилбэний нарийн чамбай байдал их чимнэ. Шилбийг би зангидахдаа маш их нямбайлж хийнэ. Захиалсан эзэндээ ч хэлдэг юм. Чанга, маш сайн зангидаж хийж өглөө. Магад нэлээд хэдэн хими цэвэрлэгээний ая даахаар боллоо гэж хэлдэг.
Монгол хувцсыг өмсөх, арчлах, хадгалах нь бүхэл бүтэн
"шинжлэх ухаан" цаашлаад том соёл байдаг
Таны хувьд малгай бас оёдог. Ер нь төрөл бүрийн монгол малгай оёдог юм байна. Сүүлийн үед хүмүүс ямар загвартай малгай хамгийн ихээр захиалдаг вэ?
"Уран Цамба" урланг үүсгэн байгуулагч, оёдолчин Б.Баянбат
Захиалагч нар маань би цэнхэр өнгийн малгай хийлгэе, улаан өнгийн малгай хийе, улаан хүрэн гээд захиалдаг. Тухайн захиалгын дагуу урлаж буй малгайндаа гоё бадам халзангууд шигтгэж өгдөг. Энэ малгайнд гэхэд л бурханы бадамлянхуа цэцгийг бэлгэдэж оёсон. Энэ оройн дээрх нүднүүд гэхэд л тогосын өдний нүднүүдийг бэлгэдэж хийсэн. Тэгээд дээшээ босоод ирэхээр энэ том булцуу, жижиг булцуу гээд үүнийг би суварга гэж бэлгэдэж хийж байгаа юм. Яагаад гэхээр энэ монгол хувцсанд бүх зүйл л бэлгэдэлтэй байдаг. Яахав тэр хүн зүгээр л малгай захиалж байгаа юм. Тэгвэл би ингэж хийж байхдаа сэтгэл гаргая даа л гэж боддог.
Таны нэрийг Б.Баянбат гэдэг. Харин урлангийн нэр тань "Уран Цамба" гэж байна. Нэрний утга учирын тухайд сонирхоё?
"Уран Цамба" урланг үүсгэн байгуулагч, оёдолчин Б.Баянбат
Урлангаа "Уран Цамба" гэж нэрлэсэн юм. Яагаад нэрлэсэн юм гэхээр манай ээжийн аавын аав нь Өвөрхангай аймгийн Өлзийт нутгийн харьяаны асар уран дархан тийм хүн байсан. Уран Цамба гэдгээрээ нутаг усаараа алдартай тийм сайхан хүн байлаа. Манай ахын хүү гэхэд л Мөсөн урлалын дэлхийн тэмцээнд түрүүлсэн байдаг.
Би хувиараа найз нөхөд, хамаатан садантайгаа хэд хэдэн өөр төрлөөр бизнес хийхээр ажиллаж байлаа. Ерөөсөө л болж өгдөггүй нэг л цаанаасаа намайг уран удмаас дамжиж ирсэн авьяасаараа л ажил албаа явуулах хэрэгтэй гээд байгаа юм шиг л байв. Ингээд л би өөрт заяагдаж, өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн энэ сайхан авьяас, ур ухаанаа хөгжүүлж үүгээр л ажил хөдөлмөрөө эрхлэн, амьдралын амт, аз жаргалыг мэдрэе хэмээн шийдээд гэр бүлийн хүнтэйгээ урлангаа ажиллуулж ирсэн юм.
Таны хувьд энэ урлангийнхаа менежерийн ажил буюу арын албаа маш сайн гүйцэтгэдэг юм байна. Хань ижилдээ маш том түшиг дэм, нөмөр нөөлөг болж ажилладаг нь дамжиггүй?
Гэргий С.Баттунгалаг
Маш их баярлалаа. Тэгэлгүй яахав. Хөдөө байхад оёж эхлээд тэндээс үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн. Түүнээс хойш 15-16, бараг 20-оод жил болох гэж байна. Тэгээд нөхөртөө туслалгүй яахав. Би чинь одоо арын албыг маш сайн хийсний тулд л хоёулаа ер нь хөдөлмөрлөсний хүчинд л өдий зэрэгтэй, маш олон харилцагч, үйлчлүүлэгч маань биднийг хүрээлсэн байдаг. Аав нь хүүдээ товч шилбэ зангидах, хэрхэн нямбай хадаж оёхыг зааж өгсөн. Ингээд хүү маань харин бас их тус болж, маш сайхан шилбэ аавдаа хадаж өгч тусалж байна. Дээлний товч шилбийг уран нямбай хадаж байж тухайн бүтээл маш гоё төгс гүйцэтгэлтэй болдог.
Дээл болон малгайг хэдэн өдөрт оёж дуусгадаг вэ?
Ур хийц нямбай, гоёмсог бүгд нь бүрдсэн дээл, малгай тухайн хүний насан туршийн "эд" болж өгдөг
"Уран цамба" урланг үүсгэн байгуулагч, оёдолчин Б.Баянбат
Асар их ачаалалтай ийм үед бол зайлшгүй өдөрт нь гаргахгүй бол болохгүй л дээ. Тэгэхдээ нөгөө хурдан хийнэ гэдэг утга нь бас байж болохгүй. Хүний юмыг чанар төгс оёж өгөх хэрэгтэй. Тэгээд болохгүй бол нэг дээл оёход хоёр өдрийг ч зарцуулна. Ер нь бол үйлчлүүлэгчдээ ямар өнгийн торго, материал зохих вэ гэдгээ сайн ярилцаад нэг ёсондоо үндэсний хувцасны стилист хүртэл болчихдог юм/инээв/ Тэгээд л захиалсан эзэн дээл, малгайгаа аваад өмсөөд л таалагдаж байгааг харах л үнэхээр их аз жаргал, энэ ажлаасаа авдаг миний гоё эерэг кайф байдаг.
Үндэсний дээлэн дээр нэмээд өмсөх малгай нүнжигтэй байвал их гоё. мөн материал бас их чухал. Жишээ нь дээлээ хилэн хуар, үйтэн хуараар хийхээр айлд сайхан "эд" байж байх ёстой. Ер нь бол энэ дээл хувцас гэдэг бол багадаа л нэг хүн бол авдрандаа таван дээлтэй байх ёстой гэж өвөг дээдсийн захиас бол тийм байдаг. Тэр ёс заншил гэдэг зүйл чинь их мундаг байсан түүхтэй. Малгай бол оёх хугацаа 2-3 хоног болчихдог. Сүүлийн үед хүмүүс ард малгай маш ихээр захиалж оёулдаг болсон. Өмсөөд явахад сүртэй, угааж арчлахад өнгө, зүсээ алдахгүй, өвөртлөөд гаргаад өмсөхөд хэлбэр төрх нь өөрчлөгдөхгүй тийм л онцлогтой малгай юм. Хамгийн гол нь маш сайн материалаар хийж өгвөл тухайн эзэндээ насны чимэг, чамин ганган эд болж өгдөг юм.
Ярилцсанд баярлалаа. Та бүхний үйл уран, ажил үйлс өөдрөг байх болтугай.