“Хөрөг” нэвтрүүлгийн онцлох зочин “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай “урлаглаг” гэр бүлд төрж өсөн, зургаан наснаасаа хөгжим тоглож, наймдугаар ангидаа хамтлаг байгуулж, хүүхэд байхаасаа л урлагийн тогоонд багтаж, өнөөдрийг хүртэл 20 гаруй жилийг үджээ. Тэрээр хөгжмийн зохиолч Б.Чинбаттай ханилан 27 жилийн хугацаанд гурван охинтой өнөр өтгөн гэр бүлийг цогцлоосон. Гэр бүл, найзууд нь түүнийг дуусашгүй эрч хүчтэй гэж толорхойлдог. Тэр аливаа зүйлд сэтгэл зүрхнээсээ хандаж, хамгийн гол нь уужуу, тайван байвал бусад зүйл аяндаа сайхан болно гэх зарчмыг баримталдаг нэгэн аж.
-Сайн байна уу, таны бага нас хэрхэн өнгөрсөн талаар ярилцлагаа эхэлье.
-Би зургаан настайгаасаа тухайн үеийн хөгжим бүжгийн дунд сургуулийн төгөлдөр хуурын ангид Тувааны Цолмон багш дээрээ элсэж орж байсан. Мэргэжлийн төгөлдөр хуурч, дуучин мэргэжилтэй. Бага нас маань маш их хайран дунд их хөгжимлөг, урлаглаг гэр бүлд өссөн. Ээж маань хөгжмийн багш. Хөгжим бүжигт олон жил багшилж байна. Намайг жаахан байхад л багшилдаг байсан. Одоо ч багшилсаар байна.
Өвөө маань дипломат хүн байсан. Ээжийн маань ах дүү нар бүгд их гоё урлагтай ойрхон хүмүүс байсан. Бүгдээрээ их гоё зурдаг. Би ээжийнхээ дүү нартай их ойрхон өссөн. Намайг ухаан ороход манайд төгөлдөр хуур байсан. Хөгжим эгшиглэж, ураг зурж, сийлбэр хийж байдаг байсан. Манай ах зураач, сийлбэрч хүн байдаг. Би их гоё гэр бүлд хайран дунд өссөн. Багаасаа урлагийн тавцанд хөл тавиад хөгжим сурсан. Доороо нэг дүүтэй.
-Уран бүтээлийн гараагаа яаж эхэлж байсан бэ?
-Би сургуулийн өмнөх насандаа их нүүрэмгий хүүхэд байсан гэдэг. Хүмүүстэй үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, ярилцдаг байж байгаад зургаан настайдаа сургуульд ороод их даруухан болчихсон гэж гэр бүлийнхэн маань ярьдаг.
Гэв гэнэт л би ийм байх ёстой гэж бодсон юм уу, мэдэхгүй. Наймдугаар анги хүртлээ даруухан хичээлээ хийгээд, хөгжмөө давтаад явдаг хүүхэд байж байгаад наймдугаар ангид Sweetymotion хамтлагийн суурь тавигдсан. Нэг ангийн дөрвөн охин нийлээд дуулъя гэдэг хүсэл эрмэлзлээрээ санаа нэгдээд, хамтлагаа байгуулж байсан. Анх хамтлагаараа Англи дууг хэн сайн дуулах вэ гэдэг тэмцээнд оролцож, түрүүлсэн. Тэр үед маш их урам зориг орж, бүр илүүг хийх хүсэл төрж байсан. Ингэж уран бүтээлийн гараагаа эхэлж байсан.
Хамтлаг байгуулаад анхны тайз, уралдаан тэмцээнд орсноос эхлээд миний амьдралын өөр нэг үе шат эхэлсэн. Өмнө нь сонгодог хөгжим тоглоод тайзан дээр гарах шал өөр мэдрэмжтэй байсан. Тоглож байгаа хөгжмөөрөө өөрийнхөө сэтгэл зүрх, хөгжмөө яаж ойлгож гаргаж байна гэдгийг илэрхийлдэг. Харин дуу дуулаад гарах шал өөр байсан. Тэгэхээр миний амьдралын нэгэн шинэ хуудас наймдугаар ангиас нээгдсэн гэж боддог. Ингээд бага багаар явсаар Emotion хамтлаг өнөөдөр 27 жил болсон байна.
-Таныг хүмүүс маш эрч хүчтэй, цоглог эмэгтэй гэж тодорхойлдог. Та бүх цаг үед үргэлж эрч хүчтэй байж чаддаг уу?
-Би их олон зүйл амжуулах гэж зүтгэдэг. Манай гэрийнхэн, найзууд “Чиний баттерей дандаа 100 хувь дээрээ байж байдаг. Хүний баттерей дуусдаг даа. Чинийх ерөөсөө тэгдэггүй. Чи 100 хувийн цэнэгтэйгээ байсаар байгаад л өдөр дуусдаг” гэж их хэлдэг. Би өөрөө нэг их анзаардаггүй юм билээ. Тэгж л харагддаг юм шиг байна лээ. Гэртээ ч яг адилхан. Гэртээ ороод бүх зүйлээ амжуулчих гээд л… амарч хэвтээд л, хүнээр юм аа хийлгээд л байдаг хүн угаасаа биш. Манай ээж ч надтай адилхан. Зүтгээд л байдаг.
Бас гэр бүлтэй болоод, ганцхан, хоёрхон биш гурван хүүхэдтэй болохоор амьдрал цаанаас нь сургадаг юм билээ. Ажлуудаа цаг тухайд нь амжуулаад л явахгүй бол жаахан л хойшоо суувал болохгүй болчихно. Ялангуяа өнөөдрийн манай нийгэм, өнөөдрийн амьдрал ямар байгаа билээ. Улаанбаатарт нэг өдөрт таван ажил амжуулъя гэхэд яадаг билээ. Амьдарч буй орчин, нийгэмтэйгээ зохицоод л, бүх зүйлээ амжуулах гээд л гүйдэг. Цаанаасаа ч эрч хүчтэй болгочихдог юм байна. Би бараг бүх цаг үед л ийм эрч хүчтэй хэвээрээ байдаг даа.
-Та амьдралаас суралцсан чухал зүйлсээсээ хуваалцаач?
-Миний бодлоор нэг зүйлдээ тууштай байх нь хүний хамгийн чухал чанаруудын нэг юм билээ. Аливаа зүйлийг хийхдээ дандаа гоё сэтгэл зүрхнээсээ, баяр жаргалтайгаар хийх хэрэгтэй. Хэцүү зүйл байсан ч “Ёстой нэг хэцүү дээ” гэж бодож хийх нь өөрөө өөрийгөө зовоох шалтгаан болдог.
Өнөөдрийн нийгэмд хүн бүр стресстэй байгаа энэ үед хүн өөрөө өөрийгөө тайван байлгах их чухал. Би их тайван хүн. Амьдралд олон зүйл тохиолддог учраас яарах, сандрахаас эхлээд бага багаар хүнийг стресстүүлдэг зүйл олон. Гэхдээ тэр дунд ажил үйлээ аз жаргалтай, тайвнаар хийж, үр хүүхдэдээ болох болохгүй зүйлийг нь ойлгуулж хэлэхдээ ч их гоё тайван, уужуу байх ёстой. Тэгж байж хүн өөрөө ч эрүүл саруул байна. Бусдыгаа ч гоё орчинд байлгана.
Айл гэрийн эзэгтэй, ээж нь гэртээ стресстэй, ууртай, бухимдалтай, хэцүү байдалтай байгаад байвал тэр айлын гэрэл бүдгэрээд явчихдаг. Бүгдээрээ дагаж сандраад л. Тиймээс айл гэрийн эмэгтэй хүн аливаа зүйлд тайван, уужуу хандаж байж илүү гоё ухаалаг шийдвэр гаргана гэж боддог. Эзэгтэй хүн аз жаргалтай байх ёстой. Болохгүй зүйлүүдийг эерэг талаас нь хардаг чадвартай байх ёстой. Ийм л зүйлсийг энэ олон жилд суралцсан. Ямар ч хүн зөв бодолтой, зөв мөрөөр явах, өөрийнхөө тарьж буй үрээ зөв тарих хэрэгтэй. Ингэж байж амар тайван, аз жаргалтай амьдралыг цогцлооно гэж боддог доо.
-Та амдралын утга учир юунд оршдог гэж боддог вэ?
-Хүн юу тарина, түүнийгээ хураана гэдэг шиг хүнд тусалж буян хийх, үнэн сэтгэлээсээ хандах нь амьдралын гол ноён нуруу нь юм байна. Амьдралын гол утга учир бол сайхан амьдрах. Дараа нь ирээдүйд үлдэх хүүхдүүддээ сайхан амьдрал бэлэглэх. Ээж, аав нь хэчнээн гоё орон сууц, өв хөрөнгө, сайхан зүйлс үлдээлээ ч ээж, аав нь буруу үр тарьж явсан бол тэр үр нь эргээд хүүхдэд нь очно гэдгийг хүмүүс ойлгодоггүй. Зарим нь мэдээд байгаа мөртлөө хийж чаддаггүй. Энэ бол хүний амьдралын хамгийн гол зүйл болов уу. Хүн нэг л амьдарч байхдаа буруу амьдраад яах вэ. Шударга, бие биедээ тусалдаг, үнэн сэтгэлээр ханддаг, бие биедээ хайртай байх л хэрэгтэй. Танихгүй хүн бүдэрч уналаа гэхэд тэр хүнийг босгоод өгөх сэтгэлтэй байх хэрэгтэй гэж боддог.
-Таны амьдралдаа гаргасан хамгийн том, чухал шийдвэр юу байсан бэ?
-Миний амьдралын хамгийн том бөгөөд чухал шийдвэр бол гэр бүлээ авч үлдэх шийдвэр байсан.
Нөхөр маань элэг шилжүүлэх хагалгаанд орох үед би донор болсон. Тухайн үед маш хурдан шийдвэр гаргах ёстой байсан. Бид БНСУ-руу явахаасаа өмнө хэн донор болохыг шийдсэн байсан. Эгч нь өгнө гэж байсан. Гэтэл Солонгост очоод шинжилгээ өгөхөд шууд больсон. Тэгээд өөр донор олох хэрэг гарсан. Донор олно гэдэг тийм амар ажил биш. Бүх зүйл нь хоорондоо таарч, тэр хүнийхтэй зохицох ёстой. Цусны бүлгээс эхлээд л. Үйл явц нь маш удаан байдаг учраас бидэнд бодох цаг байгаагүй.
Эмэгтэй хүний зөн совин гэж байдаг. Би явахаасаа өмнө яагаад ч юм өөрийгөө бэлдсэн байсан. Энд эхний байдлаар шинжилгээгээ өгчихсөн, биеэ бэлдчихсэн, сэтгэл санаагаа бэлдчихсэн. Юу ч болж магадгүй гэдгийг шууд тархиндаа бодохгүй ч цаанаа нэг тийм мэдрэмжтэй явсан. Эмч яг тэр өрөөнд өөр донор олох хэрэгтэй гэж хэлэхэд л шууд “Би өгье” гэсэн. Тэгээд л донор болсон. Энэ л амьдралын маань хамгийн том шийдвэр байсан юм байна. Би тухайн үед гэр бүлээ л хамгийн түрүүнд бодсон. “Би гэр бүлээ яаж аварч үлдэх вэ” л гэж бодсон. Тэр бол миний хамгийн ухаалаг, зөв шийдвэр байсан. Миний амьдралдаа гаргасан хамгийн том шийдвэр.
-Таны амьдралын чин хүсэл юу вэ?
-Миний чин хүсэл бол гурван охиноо л мундаг, хариуцлагатай, хүчирхэг, зөв бодолтой, эрдэм номтой, гоё эмэгтэйчүүд болоосой гэж үргэлж хүсдэг. Миний чин хүсэл бол гурван хүүхдийнхээ төлөө бүгдийг хийх юм сан гэх хүсэл. Гоё, зөв хүн болгох, ирээдүйд найз нөхөд нь ч миний охидыг хайрласан гоё хамт олонтой болоосой гэж л их хүсдэг.
-Таны хамгийн гоё шинэ жил хэзээ байсан бэ? Дурсамжаасаа хуваалцаач.
-Миний хамгийн гоё мартагддаггүй шинэ жил бол гурван охинтой болсон анхны шинэ жил хамгийн гоё шинэ жил байсан. Би бага охиноо төрүүлэх гээд Америкт байсан. Чинба Монголд ажилтай учраас ирж очоод байдаг байсан. Яг шинэ оноор хамт байя гээд, хүүхдүүдэд хэлэхгүйгээр аавтай нь ярьж байгаад 30-нд ирж байсан. Тасралтгүй ниссээр үнэхээр ядарчихсан үүрээр ирсэн. Ирээд хоёр бил үү, гурван цаг унтаад, би хүүхдүүд сэрэхээр хэлнэ ээ гээд л. Бага багаар хүүхдүүд сэрээд. Аавд нь сантагийн хувцас бэлдчихсэн. Сэмээрхэн гараад, гаднаас хаалга тогшоод, би бэлэг үүрчихсэн, аавыгаа хаалгаар орж ирж байгаа болгоод орж ирсэн чинь хүүхдүүдийн нүд нь орой дээрээ гарчихсан, их хөөрхөн. Бэлэг өгөөд, сантаг харсан чинь аав нь байж таараад. Хэзээ ч мартагдахааргүй болсон. Энэ шинэ жилийг одоо хүртэл манай хүүхдүүд ярьдаг. Бага нь дөнгөж төрсөн жаахан байсан. Тэр шинэ жил л хамгийн гоё шинэ жил байсан. Яг халуун бүлээрээ. Ээжтэйгээ зургуулаа өнгөрөөж байсан шинэ жил.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.