Манай улсын эдийн засаг тогтворжиж, түүхэн сайн үзүүлэлттэйгээр урагшилж буй талаар салбарын сайд мэдээлсэн ч, өрхийн амжиргааны түвшин улам дордсоор л байна. Ийм үед хуримтлал үүсгэх зөвлөгөөг эдийн засагчид өгдөг ч, санхүүгийн байдлаас үүдэж иргэдийн дийлэнх нь хуримтлуулж чадахгүй байдалтай байна.
Тэгвэл хуримтлал өлсөхөөс эхэлдэг үү?
Хэрхэн дарамтгүйгээр хуримтлал бий болгох вэ? гэх асуултад хариулт авахаар эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа.
Тэрээр, “Гол хэлэх гээд байгаа зүйл нь бид хямралын эсрэг санхүүгийн дархлаатай байх хэрэгтэй. Санхүүгийн дархлаа нь хуримтлал байдаг. Банкны хадгаламж гэхээс илүү хөрөнгийн зах зээл дээр хуримтлал үүсгэвэл болно. Энгийн жишээ ярихад, хүн өдөр бүр тамхи татдаг. Дунджаар жилийн тамхины зардал 800 орчим мянга болж байгаа юм. 800 мянган төгрөгөө 20 жил хуримтлуулахад 100 сая төгрөг болно. Энэ нь амьдрал дээр бага зардал юм шиг боловч бид урт хугацаандаа хуримтлуулаад явах юм бол, ямар ч хямралын үед дархлаатай байна гэсэн үг.
ЯМАР Ч ХЭМЖЭЭНИЙ ОРЛОГОТОЙ ХҮН ХУРИМТЛАЛ ҮҮСГЭХ БОЛОМЖТОЙ
Ямар ч хэмжээний орлоготой хүн хуримтлал үүсгэх боломжтой. Жишээ нь 500 мянган төгрөгийн орлоготой бол сардаа 10 мянга гэх зэргээр хуримтлуулчхаж болно. Энэ мэтчилэн хуримтлуулах хэрэгтэй. Хоёрдугаарт үргүй зардлуудаа хянаад, зээл авахаас татгалзах нь чухал. Зээл одоогийн нөхцөлд санхүүгийн дарамт л авчирна.
Мөн эрүүл амьдралын хэв маяг руу шилжихгүй бол, ийм үед өвдөх нь өрхийн санхүүгийн хувьд дарамт болно. Эдийн засаг гэхээс илүү амьдралын хэв маягтай холбоотой өөрчлөлтүүд хийх нь зөв. Эрүүл амьдралын хэв маягруу шилжихгүй бол хямралын үед өвдөх нь өрхийн санхүүд асар их дарамт учруулна. Жижиг зүйлсээс төлөвлөөгүй санхүүгийн зардал гардаг учраас үүн дээрээ зохицуулалт хийж байж энэ хүнд үеэс гарна. Аль болох мэргэжлийн хүнтэй уулзаж, зөвлөгөө аван санхүүгийн хөрөнгө оруулалт хийгээрэй гэж хэлмээр байна. Хуримтлал үүсгэх нь санхүүгийн боловсролоос эхэлнэ.
ХАДГАЛАМЖ ӨЛСӨХӨӨС ЭХЛЭХГҮЙ
Хадгаламж өлсөхөөс эхэлдэг гээд ярьдаг. Энэ бол магадгүй нэг хүний кейс байх. Бусад улсын иргэд орлогынхоо 20-иос хэтрэхгүй хувийг хадгалж байх жишээтэй. Хэрэгцээгээ зөв хянаж, бүсээ чангалахгүйгээр мөнгөө л хадгалдаг гэсэн үг. Эдийн засгийн тогтворгүй үед манайхны санхүүгийн шийдвэр гаргалт дандаа нэг жил дотор яваад байгаа юм.Герман, Америк зэрэг орныг харахаар иргэд нь мөнгөө 10, 20, 30 жилээр хадгалдаг. Гэтэл бидэнд таван жилийн хугацаатай хугацаатай хадгаламж байдаг бил үү. Бодох асуудал. Нэгэнт л 70, 80 жил амьдарна гэж бодож байгаа бол санхүүгийн шийдвэр гаргалтаа урт хугацаагаар тооцох хэрэгтэй. Тиймээс нэг жилийн хугацаатай хадгаламж биш, 5-10 жилийн хугацаатай хуримтлал үүсгээд үз. Тэгж байж хуримтлалын гол хүчийг нь мэдэрнэ. Олон улсад санхүүгийн зах зээл нь 300-400 жилийн түүхтэй хөгжиж, энэ зарчмаар явсны үр дүнд өнөөдрийн дундаж давхарга нь бий болж баяжсан. Гэнэт баяждаг зүйл гэж байхгүй. Бид тэвчээртэй байх хэрэгтэй. Койн гэх мэтчилэн богино хугацааны зүйлд азаа үзэж алдаад байж болохгүй гэсэн үг.