Цаг үеийн зарим асуудлаар АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр ярилцлага өгсөн байна. Түүний яриаг бүрэн эхээр нь уншигч танд хөрвүүлэн хүргэе.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн асуудлыг миний хувьд ийнхүү харж байна. Эрх баригч нар Эрүүгийн хуулиар байнга оролддог болсон. Ингэхийн учир нь эрх баригч нарыг, дарга нарыг шүүмжилсэн, сэтгүүлч болон иргэдийг хуулиар, цагдаагаар айлгах гэсэн дээ юм. Би энэ тухай бараг сүүлийн гурав, дөрвөн жил тасралтгүй ярьж байна. Буруу зүй тогтолцоо руу явж байна хэмээн анхааруулсан. Уг нь бол хөгжлийн гарцыг ярьж, хөгжлийн бодлогын хуулиуд мөн хүний эрхийн хуулийг сайжруулж ярих ёстой юм. Гэтэл эсрэгээрээ Эрүүгийн хуулийн талаар их ярьж байна.
Түүнчлэн сэтгүүлчид эрэн сурвалжлах эрхтэй. Тэр хүмүүс мэдээллийнхээ нууцыг чандлан хадгалах үүрэгтэй. Тэр хүмүүсээр дамжуулж иргэд мэдэх эрхээ эдэлдэг. Үүн дээр ямар нэгэн байдлаар алдаа, оноо байгаа бол албан байгууллагууд өөрсдөө мөрдөн байцаалтын нууцыг задруулснаараа тэр хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Мөрдөн байцаалтын нууц задруулсан гэж ярих юм бол үе үеийн хууль зүйн сайдын ялангуяа эрх баригчид гэмт хэрэг ярьж байсан талаар мартаж болохгүй. Шүүхээр эцэслэгдээгүй хэргийн талаар ч тэд ярьж байсан.
Иргэнийг цагдан хорьж шалгах ёстой юу?
Заавал хүнийг цагдаж хорьж шалгадаг энэ байдлаа Монгол Улс болих ёстой. Социолизмын үед хүмүүсийг нухчин дарахын тулд хийдэг байсан хуучирсан арга. Үнэхээр хорьж цагдахгүйгээр шаардлагатай нотлох баримтыг нь шалгаад үзэж болно. Хорьж, цагдаж байж шалгадаг энэ буруу аргаасаа хуулийн байгууллагууд татгалзах ёстой. Энэ чинь цаанаа эрх мэдэлтнүүд нөлөөлөөд байгаа юм шиг харагдаж байна. Эрх мэдэлтэн гэдэг өнөөдөр эрх баригч намыг л хэлнэ шүү дээ. Хэрэв цагдан хоригдож байгаа энэ хүмүүс шүүхээр цагаадвал яах вэ. Эрүүл мэнд, эрх чөлөөгөөрөө л хохирно. Энэ хохирлыг хэн барагдуулах вэ гэдэг нь сонирхолтой асуудал.
Шүүхийн хараат бус байдалд хэн халддаг вэ
Шүүхийн хараат бус байдалд хэн халддаг талаар үндсэн хуульд бичсэн байгаа. Эрх мэдэлтнүүд төрийн өндөр албан тушаал хашдаг хүмүүс халддаг. Санаж байвал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ телевизээр шүүхийн талаар маш ноцтой юм ярьсан. Тэр үед яагаад Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүх ерөнхий сайдад гомдоогүй юм. Шалгаагүй юм. Төрийн өндөр алба хашдаг хүмүүст шүүх сүр хүчээ үзүүлэхгүй жирийн иргэдэд үзүүлэх юм. Хуулийг дээдэлдэг нийгмийг тогтооё гэвэл дээрээсээ л эхлэх хэрэгтэй. Иргэдээ үндсэн хууль дагаж мөрдөхийг шаардчихаад эрх баригчид дураараа ярьдаг байж болохгүй. Энэ асуудалд ШЕЗ зарчимтай хандах ёстой.