АНУ-ын Чикаго хотод 2023 оны арваннэгдүгээр сарын 2-4ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Монголын өдрүүд – 2023” арга хэмжээг Өрөг.мн сайт хамтран зохион байгуулж, мэдээллийг та бүхэндээ цувралаар хүргэж байгаа билээ. “Монголын өдрүүд” арга хэмжээг Экспорт олон улсын худалдааны төв (EITC) санаачлан ЖДҮГ-ын дэмжлэгтэйгээр энэ жил найм дахь удаагаа АНУ-д зохион байгууллаа.
Энэ жилийн арга хэмжээ:
- “Монголд үйлдвэрлэв” – Монголын 50 орчим ААН-үүдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн дэлгүүр нээлтээ хийв
- “Invest Mongolia” – Америк, Монгол бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын форум
- “Welcome to Mongolia” – Монголыг сурталчилах фестиваль
- Монголын кино өдрүүд гэсэн хөтөлбөртэйгээр үргэлжиллээ.
АНУ-ын Чикаго хотод болсон “Монголын өдрүүд-2023” арга хэмжээний “Invest Mongolia”- Америк, Монгол бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын форум дээр “Silk Road magic” ХХК-ийн захирал, тогооч Я.Энхээ бяслагийн төслөө танилцууллаа.
-Сайн явж байна уу та, Америк хөрөнгө оруулагчдад болон Америкийн худалдааны танхимынханд төслөө танилцуулсан нь гоё үйл явдал болж байна. Ер нь Америкийн зах зээл дээр Монгол бүтээгдэхүүн экспортолоход хэр боломжтой зах зээл гэж харсан бэ?
-Ялангуяа сүү сүүн төрлийн бүтээгдэхүүн, сүүн гаралтай, бяслаган бүтээгдэхүүнийг экспортлоно гэдэг бол ямар ч улсад хүндрэлтэй байдаг. Европын орноос бусад орны гаргасан бүтээгдэхүүний босгууд их өндөр байдаг. Гэхдээ энэ ажлыг эртнээс төлөвлөж байх хэрэгтэй гэдэг үүднээс Америкт ирээд байна. Мэдээлэл авах, хүмүүстэй танилцах, боломжит ирээдүйн хамтрагч нар юм уу хөрөнгө оруулагч нар юу байна гэдэг тал дээр судлах гэж ирсэн.
Америкийн зах зээл гэхээр хол юм шиг ойлгоод байдаг л даа. Америкийн зах зээлийн давуу тал, ялангуяа худалдаан дээр ямар давуу тал харсан бэ?
– Ер нь хамгийн их хөнгөлөлт эдлүүлэх боломжтой газруудын нэг нь Америк юм шиг байгаа юм. Маш нээлттэй. Судалж байхад Америк бол дэлхийн хамгийн том зах зээлүүдийн нэг. Хамгийн гол нь манай хоёр хөрш их ойрхон санагддаг боловч тийшээ давж гарах босго нь их өндөр. Татвар өндөр, хөнгөлөлт байхгүй. Аль ч улс нь манайд татварын хөнгөлөлт үзүүлдэггүй. Монголчууд бид нар хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа сүү сүүн бүтээгдэхүүн гаргахад хоёр хөршийн бодлого маань их барьцгүй байдаг. Амархан өөрчлөгддөг. Хүндрэлүүд байдаг. Тэгэхээр алсын ирээдүй, тогтвортой нийлүүлэлт, тогтвортой бизнесийн үйлдвэрлэлээ харах юм бол Америкийн зах зээл дээр нэг л хөлөө олчихвол боломж нь илүү юм шиг санагдсан.
-Хүнсний бүтээгдэхүүн дээр тавих шаардлага стандартын хувьд хэр байна?
-Монголд бол бид өөрсдөө суралцах хэрэгтэй. Энд бол хууль үйлчилдэг газар. Эдийн засгийн хууль үйлчилдэг газарт стандартыг нь бид судлах хэрэгтэй. Номыг нь судлах хэрэгтэй гэсэн үг. Түрүүн хэлсэн. Зүгээр шошгоны стандарт гэхэд л 120 хуудас байх жишээтэй. Мэдлэгийг нь олчих юм бол тэрүүгээр нь ажиллах нь тийм төвөгтэй биш юм байна гэдэг мэдээллийг би сая олж авлаа. Үүн дээр бид өөрсдөө л суралцах хэрэгтэй. Хүлээгээд суух биш судлаад явахад 120 хуудас гэдэг бол уг нь гайгүй шд. Үүнийг бол манай улсын байгууллагууд судлаад үүнийгээ монгол хэлэн дээр хөрвүүлдэг ч юм уу энэ боломжуудыг жижиг дунд үйлдвэрийнхэндээ олгож байх хэрэгтэй. Бизнес эрхлэгч нар бид нар өөрсдөө судлаад байхад төрийнхөн маань үүнийг бэлдээд бизнесийнхэндээ өгчихвөл зүгээр.