Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын 50 гаруй хувь нь буюу 1.6 сая иргэн амьдардаг. Үүнийгээ дагаад хотжилт өдрөөс өдөрт нэмэгдэж нийслэлийн газар нутаг ч тэр, авто зам нь ч мөн адил ачааллаа даахаа больж нуруугаа авхуулсан морь шиг л болж байгаа гэхэд хилсдэхгүй.
Өвөл нь агаарын бохирдол, утаа униар, дээр нь хамгийн гол “шүдний өвчин” болсон “түгжрэл” нийслэлчүүдийг гэрээс нь гарахад нь л шууд стрессдүүлж байна. Авто замын ачаалал нь улам бүр нэмэгдэж, нэг иргэн ганцхан жилд л 35 өдрийг буюу нэг сар гаран хугацааг зам дээр өнгөрүүлдэг гэх судалгаа бий. Завгүй их хотын бужигнасан амьдралд энэ тоо бол асар том “алдагдсан боломж”. Анхнаасаа хот төлөвлөлт буруу, авто машины зогсоолгүй олон арван шигүү барилгууд гээд л түгжрэлд нөлөөлж буй хүчин зүйлс олон. Гэхдээ Улаанбаатар хот дагуу томоохон аймгуудыг “хот шиг хот” болгоод төлөвлөчихсөн бол иргэд нийслэл рүү шавах нь харьцангуй бага байх магадлал ч өндөр.
Түгжрэлд нэгэн нөлөөлж буй гол хүчин зүйл бол ур “чадваргүй жолооч” нар гэхэд хазайсан болохгүй. Тэд дүрэм зөрчинө, зөвхөн амин хувиа бодно, нөгөөтэйгүүр гар утсаа оролдоод байрнаасаа хөдөлж өгөхгүй… Энэ мэтчилэн олон хүчин зүйл, нэрмээс дээр бий.
"МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРТ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХ БҮХИЙ 1.5 САЯ ИРГЭН БАЙНА"
Жолоочийн буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гарч буй нь жолооны сургалтын байгууллагуудын чанарын асуудлын талаар дуугарахад хүргэж байна. Өнөөдрийн байдлаар манай улсын нутаг дэвсгэрт 1.4 хүн тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байна. Үүний 63.1 хувийг эрэгтэй, 36.9 хувийг эмэгтэй хүн бүрдүүлдэг.
Тэгвэл зөвхөн суудлын машин жолоодох эрхтэй 985,666 иргэн буйг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна. Улсын хэмжээнд нийт 54 мянга гаруй эмэгтэй жолооч байгаагийн 18 мянга нь 2022 онд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ авчээ.
Тээврийн цагдаагийн албанаас 2022 онд зам тээврийн осолд холбогдсон 18,590 жолоочийг нарийвчилсан судалгаанд хамруулжээ. Гэтэл осолд холбогдсон жолооч нарын 6,882 нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ аваад 0-4 жил болсон хүмүүс байсан аж.
Үнэхээр үүн дээр жолооны сургалтын төвүүд “ур чадвар”-ын шалгалтаа хангалттай чанартай хэмжээнд авч чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй харагдахаар дүр зураг харагдаж байгаа юм.
Тэгвэл 2022 онд осолд холбогдсон 18,000 гаруй жолоочийн 4,434 нь эмэгтэй хүн байна. Энэ нь эмэгтэй жолоочийн зам тээврийн осолд өртсөн байдал 2021 оны үзүүлэлтээс 17.5 хувиар өссөн үзүүлэлт. Гэхдээ эмэгтэй жолоочдыг муу гэх яриа олон нийтийн дунд байдаг ч осол аваарь гаргасан жолооч нарын гуравны нэг нь л эмэгтэй байна. Өөрөөр хэлбэл энэ судалгаагаар осол гаргасан жолооч нарын дийлэнх нь эрэгтэй байгааг харж болно.
Мөн осолд холбогдсон жолооч нарын:
• 5,717 нь 18-23,
• 4,339 нь 24-29,
• 7,225 нь 30-34 насныхан байна.
Түүнчлэн зам тээврийн ослын тоон баримт мэдээлэл, судалгаан дээр энэ төрлийн осолд хамгийн их холбогдсон нь 1990 онд төрсөн хүмүүс байсныг Тээврийн цагдаагийн албанаас онцоллоо.
Гэвч осолд холбогдсон жолооч нарын дийлэнх буюу 13,032 нь суудлын машин жолоодох эрх бүхий хүмүүс байсан ажээ. Ингэхээр жолооны сургалтын байгууллага чанарт анхаарах цаг ирснийг дээрх судалгаа тодорхой хэмжээгээр харуулж байна.
Хуулиараа бол 18 нас хүрсэн иргэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болдог. Одоогоор Улаанбаатар хотын хэмжээнд 247 жолооны сургалтын байгууллага идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Харин орон нутагт 192 жолооны сургалтын байгууллага жолооч бэлтгэж байгаа юм байна.
Харин энэ онд 25 жолооны сургалтын төвийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцалжээ. Дүрэм, журам, стандартаа дагаж мөрдөөгүй, ингэхдээ нэг сургалтын төвд гэхэд л ихэнх нь 1-2-хон багш л ажиллуулж байжээ.
Тээврийн хэрэгсэл нэмэгдэх тусам зам тээврийн ослын тоо нийслэл хотод өсдөг аж. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 24,121 зам тээврийн осол гарснаас 20,322 нь зөвхөн Улаанбаатар хотод бүртгэгджээ.
Тус зам тээврийн ослын 96.5 хувь буюу 23,277 нь зөвхөн жолоочийн буруутай үйлдлээс болсон байна. Тэгвэл 2022 онд нийслэл хотод жолоочийн буруутай үйлдлээс болж 19,583 осол бүртгэгджээ.
Эдгээр тоон мэдээллээс авч үзэхэд зам тээврийн ослоор нас барж буй хүмүүс гэмт хэрэгт өртөж нас барагчдаас хамаагүй их байна. Тухайлбал өнгөрсөн онд улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас газар дээрээ болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд 539 хүний амь нас хохирсны 453 нь орон нутгийн замд, 86 нь нийслэлд бүртгэгдсэн байна. Гэтэл гэмт хэргийн улмаас 2022 онд 280 хүн амь насаа алдсан гэсэн тоо баримт бий.
"ЭНЭ ОНЫ ЕСӨН САРЫН БАЙДЛААР УЛААНБААТАРТ 34,378 ХҮНЭЭС ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ХУУЛИЙН ДҮРМИЙН ШАЛГАЛТ АВАХАД ТАЛ ХУВЬ НЬ БУЮУ 15,935 НЬ БҮДЭРЧЭЭ"
Жолооч бэлтгэж байгаа сургалтын төвийн хамгийн гол асуудал чанарын бүрэн дүүрэн судалгаа ховор байна. Жолооны сургуулиа төгсөөд 0-4 жил болж буй хүмүүс хамгийн их осолд холбогдсоныг мэдээллийн эхэнд тодотгосон. Тэгэхээр энэ олон жолооч бэлтгэх сургалтын байгууллагынхаа тоонд нь бус чанарт онцгойлон анхаарах болсныг анхааруулж, харуулж байна.
Өнгөрсөн оны байдлаар манай улсад тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий 1,469,707 жолооч бүртгэгджээ. Түүнчлэн 2022 онд 62,865 хүн тээврийн хэрэгсэл жолоодох эрх авсан байна. Өмнөх жилүүдийн тоон мэдээллийг харьцуулаад харахад жилд 55-60 мянга гаруй хүн тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болдог аж.
Жолооны сургалт явуулдаг ААН байгууллагуудын чанарыг өндрөөр тогтоож, өөрөөр хэлбэл шигшиж шалгаж, энэ талаар илүү хяналт тавих, мөрдүүлэх шаардлагаа чангатгаж өгмөөр байна.