Агаараар биш угаараар амьсгалдаг нийслэлийн иргэдэд толгой эргэж, өвдөх, дотор муухайрах, хоолны дуршил буурах, бие сульдах, суугаад босоход нүд харанхуйлах, халуун усанд ороод ухаан алдах зэрэг шинж тэмдгүүд нийтлэг илэрч буй талаар олон нийт хэлж байна. Эдгээр шинж тэмдэг нь даралттай холбоотой биш агаарын бохирдлоос үүдэж байгаа гэдгийг УНТЭ-ийн мэдрэлийн эмнэл зүйн төвийн их эмч Б.Энхзориг хэллээ.
Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч байсныг өнгөрсөн жилийн статистик үзүүлэлтүүд харуулж буй юм. Судалгааг эргэн сануулбал, Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 2-ноос 8-ныг хүртэлх үзүүлэлтээр агаар дахь хүхэрлэг хийн хэмжээ зөвшөөрөгдсөн стандартаас даруй 10 дахин хэтэрсэн юм. Тодруулбал, хүхэрлэг хийн хэмжээ агаарт 50 микрограммаас хэтрэхгүй байх ёстой ч гэр хороолол орчимд хүхэрлэг хийн агууламж 11,4 дахин хэтэрсэн буюу долоо хоногийн дундаж үзүүлэлтаар 174 микрограмм, 24 цагийн дундаж үзүүлэлтээр 572 микрограмм гарсан байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг орчимд агаарын чанарын индекс 24 цагийн турш 500 давж, маш их бохирдолтой гэсэн үзүүлэлтийг заасаар байсан юм.
Агаарын бохирдлоос үүдэж гэмтсэн бие организ, тэр дундаа тархи дахин сэргэдэггүй талаар УНТЭ-ийн мэдрэлийн эмнэл зүйн төвийн их эмч Б.Энхзориг онцоллоо. Үүний учир шалтгааныг тэр тайлбарлахдаа, "Үйлдвэрлэлийн тоос, агаарын бохирдол, яндангийн утаанаас маш жижигхэн хэмжээтэй тооснууд ялгарч байдаг. PМ 2,5 гэж яриад байдаг. Өөрөөр хэлбэл 2.5 микро метрээс жижигхэн хэмжээтэй тоосонцор хүний судас руу уушгиар дамжаад орчихдог. Улмаар цусан дотор эргэлдэж эхэлнэ гэсэн үг. Ингэж эргэлдсээр тархины нарийн судаснууд дээр очиж бөглөраад бөөгнөрөл үүсгэдэг гэсэн үг. Улмаар тархи тэжээлээ авч чадахгүй байдалд хүрч, үйл ажиллагаагаа алдчихдаг юм. Үүнээс шалтгаалж хүмүүс тархины цус харвалт, зүрхний шигдээс, тархины шигдээсээр өвчилдөг. Дээрээс нь үйл ажиллагааны алдагдал буюу зөнөлт хурдан явагддаг.
Зүрх, тархи хоёр гэмтсэн бол хэзээ ч сэргэдэггүй. Гэр хороололд байгаа хүүхдүүд утаанд гадаа ч өртөөд, гэртээ ч өртөж байгаа. Үүнээс шалтгаалж танин мэдэхүйн үйл ажиллагаа нь муудаж эхэлнэ. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь гэртээ аль болох угаарын хий гаргахгүй байхад анхаарах хэрэгтэй. Хоол хийхдээ ч тэр ил гал дээр хийхгүй байх нь чухал. Ер нь дулааны асуудлаа гал түлэхээс өөрөөр шийдвэл сайн. Харин өвлийн цагт гадуур явахдаа шүүлтүүртэй маск тогтмол хэрэглэж хэвших нь зүйтэй” гэсэн юм.
Агаарын бохирдлоос үүдэж хүмүүсийн биед ямар сөрөг шинж тэмдгүүд илэрч байгаа талаар иргэдээс тодрууллаа.
Иргэд:
- Би 2014 оноос хойш Дарь-Эхэд амьдарч байна. Утааны түвшин жил бүр ихсээд байгаа санагдах юм. Миний хувьд хоёр удаа цус харвасан. 2017 оны 12 дугаар сард, 2018 оны дөрөвдүгээр сард харвасан. Агаарын бохирдол нөлөөлсөн гэж боддог. Одоо бол утаанд тархи толгой дүүрээд нүд бүрсийж, маналзаад л байгаа. Хоолой үргэлж аргадаг.
- Хоол унд идээгүй байхад л дотор эвгүйрэх болсон. Түгжрэл дунд машин унаж, автобусанд суухаас илүү алхахыг илүүд үздэг. 30 минут орчим алхахад толгой өвдөөд их зовуурьтай. Утаанаас болж байгаа нь ойлгомжтой шүү дээ. Гэхдээ яаж сэргийлэхээ мэдэхгүй байна. Хүчил төрөгч дутагдаад байгаа юм болов уу гэж бодоод шөнө унтахдаа цонхоо онгойлгодог. Битүү утаа л орж ирнэ. Одоогоор эмнэлэгт үзүүлж амжаагүй л байна.
- Суугаад босохоор, эсвэл босож байгаад суухаар толгой манараад байдаг болсон. Залуусын дунд даралтаас шалтгаалсан цус харвалт их байгаа гэх мэдээлэл хараад жаахан айж байна.
СУДАЛГАА: НИЙСЛЭЛИЙН ХҮН АМЫН НАС БАРАЛТЫН 9.2 ХУВЬ НЬ АГААРЫН БОХИРДЛООС ҮҮДЭЛТЭЙ
НЭМҮТ-ийн орчны эрүүл мэндийн албаны дарга Б.Сувдын судалгааны тайлангаас харахад агаарын бохирдол хавдрын өвчлөлийн гол шалтгаан болж байгааг тогтоожээ. Тухайлбал, агаарын бохирдол нь хүн амын амьсгалын замын өвчлөлийн 20-30 хувьд, зүрх судасны эмгэгийн 20 хувь, нийслэлийн хүн амын нас баралтын 9.2 хувь, уушги, зүрх уушгины хавсарсан өвчний шалтгаант нас баралтад 28,8 хувь, уушгины хавдрын 39.9 хувьд нөлөөлж байгааг тогтоосон байна. Мөн агаарын бохирдол нь хүүхдийн бие бялдрын өсөлт, амьсгал, зүрх судасны тогтолцооны өвчлөл, дархлалын тогтолцоо, хавдар үүсэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл болж буй аж.
ЭМЯ-наас 2020 онд агаарын бохирдолтой холбоотой өвчлөл нас баралтын судалгаа гаргажээ. Судалгаанд агаарын бохирдлоос үүдэн 16 мянган хүн нас барсан талаар дурдсан байна. Нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчлөл, хавдар, амьсгалын тогтолцооны эмгэгүүд байгаа юм. Эдгээр өвчлөлүүд нь 2018 онтой харьцуулахад буурсан хэдий ч уушгины шалтгаант нас баралтын тоо хэвээр байсаар буй. Бид энэ асуудалтай холбогдуулан нийгмийн эрүүл мэнд судлаач Л.Дэлгэрзултай ярилцаж зарим зүйлийг тодрууллаа.
Тэрээр, Агаарын бохирдол бага насны хүүхдүүдэд маш хортой нөлөө үзүүлнэ. Учир нь хүүхдийн уушгины хөгжил 6-7 насанд явагддаг учраас тэдэнд бидэнтэй ижил тооны цулцан, салаа байхгүй. Улмаар илүү их гэмтдэг. Мөн 60-аас дээш насныханд илүү сөрөг нөлөөтэй. Үүгээр зогсохгүй олон улсын судалгаануудыг харж байхад агаарын бохирдол тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.
АШУҮИС-ийн магистрын хийсэн судалгаагаар агаарын бохирдолтой орчинд сурч буй болон бохирдол бага нөхцөлд сурч байгаа хүүхдүүдийн IQ болон сэтгэн бодох чадвар, сурлагын дүн ялгаатай байгааг харуулсан.
Түүнчлэн эхийн хэвлийд хүүхэд бүрэлдсэнээс эхлээд жирэмсэн эхэд хүчил төрөгчийн хэрэгцээ 40 хувиар ихэсдэг. Үүний хэрээр амьсгалж байгаа агаарын эзлэхүүн ихсэж байна гэсэн үг. Ихэс рүү агаар дээр хөвж байгаа нарийн ширхэгтэй тоосонцор орно. Ингэснээр ихсэнд бохирдол ороод дөнгөж үүсэж хөгжиж байгаа эрхтэн тогтолцоонд сөргөөр нөлөөлөх магадлалтай.
БОХИРДОЛ ИХТЭЙ ҮЕД ТӨРСӨН ХҮҮХЭД НЬ УУР УЦААРТАЙ БАЙДАГ
Хятадад хийсэн судалгаанаас дурдвал агаарын бохирдолтой, бохирдолгүй орчинд өссөн хүүхдүүдийн зан байдал эрс ялгаатай байгааг харуулсан байдаг. Бохирдол ихтэй үед төрсөн хүүхэд нь уур уцаартай байдаг ч юм уу. Бид хэвлийдээ хүн тээгээд явж байгаа л бол түүнийхээ эрүүл аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Агаарт гарах чухал. Эсвэл шүүлтүүртэй маск зүүж хэвших нь чухал. Лос Анжелесийн их сургууль манай ЭХЭМҮТ нарын хамтарч хийсэн судалгаа байгаа. Үүнд ураг өөрөө зулбах тохиолдол өвлийн улиралд их гарч байгааг судалсан. Тэгэхээр эмэгтэйчүүд жирэмслэхээр төлөвлөхдөө бохирдол ихтэй үед эхний гурван сараа тааруулахгүй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл 11 дүгээр сараас хоёрдугаар сар хүртэл жирэмсэхгүй байхыг анхааруулж байна.
Нэгэнт бид Улаанбаатарт амьдарч байгаа болохоор өөрсдийгөө хамгаалж сурах хэрэгтэй.
Ингэхдээ,
- Маск зүүх
- Гэртээ агаар цэвэрлэгч тавих
- Цонх хаалгаа нээхгүй байх
- Гэртээ ногоон ургамал тарьж хүчил төрөгч гаргах
Гэр хорооллын айлууд үнсээ ил задгай хаяж байгаа нь агаарын бохирдол үүсэх нэг шалтгаан болно. Тиймээс үнсээ тагтай саванд хийж байх хэрэгтэй” гэлээ.