Dparliament.mn цахим системээр эхлүүлсэн НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгон нэмэгдүүлэх талаарх санал асуулга үргэлжилж байна. Хэрэв 100 мянган хүн дэмжвэл хуулийн төсөл өргөн мэдүүлнэ хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдсэн.
Тэрээр “Дэлхийн улс орнуудад нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт нь татварын урамшуулал гэдэг ойлголтод хамаардаг тул ерөнхий утгаараа тухайн орны татварын тогтолцоо, тодорхой төрлийн татвар, эдийн засгийн үр нөлөөг дээшлүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ гэж үздэг.
Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх замаар өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотойгоор иргэдэд ирж буй үнийн дарамт, ядуурлыг бууруулах, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлтийг нэмэгдүүлэх, улмаар далд эдийн засгийг бууруулах боломжтой гэж үзэж байна. Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох санал гаргаж байна. Дэмжиж өгнө үү” хэмээн иргэдийн санал авч эхэлсэн юм.