Tuya Dash гэх фэйсбүүк хаягийг эзэмшигч “Англид амьдарч байгаа Монголчуудын зар” хуудас дээр ирэх намар Лондонд тоглогдох Монгол хаан жүжгийн талаарх сэтгэгдлээ бичжээ. Бичвэрийн агуулга нь “түүхийг гуйвуулсан, европчуудад байдаг монголчуудын талаарх сөрөг ойлголтуудыг бататгаж, тамгалсан хүний олиггүй үйл бүрийг тусгасан бодлогогүй Show”-г Их Британид тоглуулахыг хорих маягтай дайралт аж. Тэрээр бичвэрээ гадаад хэргийн сайдад захиа болгон явуулж хариу нэхсэн байв.
Tuya Dash – (Д.Мөнхтуяа) танд хандаж, урлагийн салбарт олон жил ажилласан хүний хувьд ташаарал, өнгөц төөрөгдлийг засах, бодит үнэнийг өгүүлэхийг хүслээ.
Юуны өмнө хэлэхэд түүхээс сэдэвлэсэн бүтээлүүд нь түүхийн сурах бичиг биш юм. Тэр тусмаа таны хүсээд байгаа шиг PROPAGANDA байж огт болохгүй. Д.Мөнхтуяа та пропаганда – гэх үгийг юу гэж ойлгоод яаж ашигласан нь тодорхойгүй ч энэ үг нь Засгийн газруудаас бусдад өөрсдийн баримталж байгаа улс төрийн үзлийг тулгасан, тархи угаасан шинжтэй ухуулгыг илэрхийлдэг юм. Коммунист дэглэмүүд маш өргөн ашиглаж байжээ. Орчин цагт нутаг дэвсгэр дээр нь пропаганда явуулахыг бусад улсууд нэг их таашаахгүй л болов уу. Та дорхи англи тодорхойлолтыг нь харчихад тодорхой болно.
Propaganda – information, especially of a biased or misleading nature, used to promote a political cause or point of view.
Та европт 25 жил амьдраад “эртний монголчуудыг барбарик, зэрлэг бүдүүлэг, балмад дээрэмч алуурчид гэсэн маш хомс ойлголттойг” нь мэдэж аваад, тэрийг засах гэж сэтгэлээ чилээж явдаг бололтой юм. Би ч гэсэн европт сурч байсан, монголын талаар ямар ойлголттой байдгийг нь гадарлана. Муу нь ч бий, сайн нь ч бий.
Тун саяхныг хүртэлх дэлхий ертөнц бүхэлдээ балмад, зэрлэг байсан билээ. Дундад зууны европын амьралыг тусгасан бүтээлүүд, эртний викингүүдийн талаарх цувралуудыг Та үзсэн бол яг л адилхан сөрөг ойлголтыг авч болно. Энэ бол эмзэглэх зүйл огт биш. Тийм л байсан юм чинь, үнэнээс зугтах дэмий. Тун саяхан болсон Вьетнамын дайны талаарх бүтээлүүдийг үзэхэд дайтагч талууд адилхан л зэрлэг балмад, хүний ёсноос гадуур гэмээр үйлдэл, яргалал, доромжлол, тамлал хийж байсан болохыг ойлгох байх. Түүхээс сэдэвлэсэн бүхий л бүтээлээс үзэгчид урвалт шарвалт, зэрлэг догшин авир, аллага хүчирхийлэл, яргалал тамлал гээд хүний гаргаж болох олиггүй авир, үйлдлүүдийг харах болно. Ганцхан жишээ гэхэд олон улсад ихээхэн танигдсан “Алтан цэцгийн хараал” гэх хятадын уран сайхны кино байна. Цао Юи гэх зохиолчийн 1930 онд бичсэн хятаддаа алдартай жүжгийн цаг хугацааг эрт үед аваачиж хийсэн кино. Нарийн ярьвал Шекспирийн “Хамлет” – жүжгээс James Berardinelli гэж хүний тайлбартайгаар өгүүлэмжийг гаргасан “Аянгын бороо”жүжгийн зохиол юм. Түүхэн үеүүдэд дэлхийн бүх улс үндэстнүүд зэрлэг балмад, харгис хэрцгий байсан. Ганцхан монголчууд л тийм байсан зүйл огт үгүй. Тийм болохоор “бид нарыг буруу ойлгоод байна, засъя” гэх бол илүү, хэрэгцээгүй, хоосон эмзэглэл юм. “Алтан цэцгийн хараалыг” үзээд хятадуудыг үзэн ядаад, зэрлэг балмадаар нь дуудаад байх нь юу л бол. Хүний л явдал, хүн төрөлтхтний нийтлэг араншин. Найруулагч Жан Имоу түүхэн дэвсгэр дээр хүний мөн чанар, хүн хоорондын харилцааны учгийг л харуулах гэж хичээсэн.
Б.Баатар найруулагч ч гэсэн Б.Лхагвасүрэн гуайн зохиолыг өөрийн санаагаар баяжуулж, орчин цагийн бүхий л хүмүүст нээлттэй байдлаар хүн гэж амьтны уг чанар, харилцааны утга учир, сэтгэл зүйг дэлгэн харуулахыг хичээж байгаа болохоос түүхэн баримт, түүхийн сурах бичиг хийх гээгүй нь лавтай. Хатагтай Д.Мөнхтуяа та “ТҮҮХЭН ЖҮЖИГ” гэх нэр томъёог жүжгийн сурталчилгаа, танилцуулга дээрээс огт олж харахгүй байх аа. Та хэрвээ Англи хэл дээрх танилцуулгыг анзаарч, тогтож харвал “fictional narrative” – зохиосон, ургуулан бодсон хүүрнэл гээд тодорхой бичсэн буй. Та ч гэсэн бичвэртээ “ургуулан бодож, сэтгэн туурвисан утга зохиолын хийсвэр бүтээл” гэж тодорхойлсон байна лээ. Тэгсэн атлаа гэнэт үүх түүх, нотлогоо шаардаж гэм зэм ярьж эхлэх нь логик муутай л юм.
Урлагийн бүтээл нь түүхэн ойлголт дээр тулгуурласан, түүхэн хүний намтар зэргийг тусгасан байлаа ч түүх болж чадахгүй. Түүхэн баримт бүр ч биш юм. Хүний хувь тавиланг түүхэн дэвсгэр дээр өрнүүлж, уран сайхны дүрээр тодорхой санааг илтгэх нь урлагийн хүсэл болой.
Монголын урлагийг, уран бүтээлчдийг олон улсад таниулах нь жүжгийг бүтээгчдийн зорилго болохоос энд тэндхийн хүмүүсийн тархийг угаах, тархинд нь хадагдсан буруу зөрүү ойлголтыг халах зэрэг нь урлагийн үүрэг зорилт яав ч биш.
Би өмнө нь үзэгчийн хувиар Б.Баатарын бүтээлийн талаар бичиж байсан. “Б.БААТАРЫН УРЛАСАН МОНГОЛ ДРАМ” гээд хайгаад уншихыг бодоорой. Уран бүтээл нь түүх биш болохыг “Гладиатор” киноны жишээн дээр авч үзье. Яг түүхэн баримтууд, цаг хугацаа энэ кинон дээр үй олноороо зөрчигднө. Максимус – ийм нэртэй түүхэн жанжин огт байгаагүй. Цэвэр уран сайхны дүр. Император Коммод – кинонд дүрсэлснээс огт өөр, сахалтай хүн байжээ. Коммод Римийг 13 жил удирдсан. Кинон дээрх Коммод 2 жил гаруй л хаанчилсан гэж гарна. Киноны хувцас хэрэглэл, зэр зэвсэг болон ахуй нь эртний Рим болон дундад зууны Италийг хольсон байдалтай. Хамгийн гол нь илэрхийлж байгаа нийгмийн үнэт зүйлс нь эртнийх биш харин орчин үеийн америкийнх байдаг. Киног бүтээгчдийн зорилго нь жанжнаас мэсчин боол руу уруудсан эрийн хувь тавиланг нээн харуулах. Орчин үеийн үзэгчдийн сэтгэлд бууж, хайрыг татах эрэлхэг эрийн түүх юм.
Үүнтэй адилаар “Тамгагүй төр” жүжигт Хүннү гүрний нэр дурдагдах ч яг таг түүхэн үе, бодит хаад, хатдыг огт дүрслээгүй. Энэ бол өвөг монголчуудын нийтлэг дүр, язгуурын сэтгэлгээнээс эх авсан зохиолч, найруулагч, зураач, хөгжмийн зохиолч, жүжигчид, бүжигчид гээд бүх уран бүтээлчдийн хийсвэрлэл, уран сайхны сэтгэлгээний цогц л юм.
Энэ жүжгийн хувцас хэрэглэл, түүхэн цаг хугацааны талаар ганц нэг казах, орос хүмүүс “манай нутгаас олдсон зүйлийг өөрсдийн болгож харуулах гэлээ” гэх маягийн зүйл хэлсэн, бичсэн байхыг харж байлаа. Хүннү бол өнөөгийн маш олон улсын нутаг дэвсгэрийг дамнасан супер гүрэн байсныг газрын зураг дээрээс тодхон харж болно.
Скифийн соёл, пазырикийн соёл, буган хөшөөт соёл гэж хожмын хүмүүс янз бүрээр нэрлэж байгаа ч энэ бол бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг, өвөг монголчуудын нийтлэг соёл болохыг генетикийн хувьд, хэл зүй, соёлын залгамж чанарын хувьд ч, түүхэн олвдоруудаар ч хангалттай нотолсон билээ. Эртний хувцас, эдлэл хэрэгсэл соёлын зүйлсийн олдсон хугацаа, байршил өөр байгаа нь “хүннүд хамаагүй, монголд бүр ч хамаагүй” гэж хэлэх үндэслэл яав ч болж чадахгүй.
Казахстан гэж улс 1991 оны 12 дугаар сарын 16-нд анх тусгаар тогтнож 1992 оны 3 дугаар сарын 2-нд НҮБ-ын гишүүнээр элсжээ. Тэдний өнөөгийн нутаг дэвсгэр бол эрт цагаас Зүүнгарыг хүртэл өвөг монголын төрт улсууд ээлжлэн оршсон газар билээ. Казах үндэстний хувьд ч монголын гэх haplogroup C3c генийг тээгчид болохыг National Geographic genome map- аас үзээрэй. Генийн ул мөр нь ямар ч археологийн олдвороос илүүтэйгээр гарал үүслийн дараалал, уг сурвалжийг бат нотлодог юм. Одоогийн казахууд бол haplogroup C3 бүлгийн генийг агуулагч өвөг монголын олон аймаг, овгуудаас бүрдсэн үндэстэн. Түрэг хэл, лалын шашинд л орчихсон болохоос.
Энд хэлэх гэсэн зүйл нь Чингис хаан ч юм уу, Модун жангурыг төв азиар нэг тархсан үр ач нар нь “манай өвөг эцэг” гэж хэлэхэд үгүйсгэх боломжгүйтэй адил Хүннүгийн соёлыг дан ганц өнөөгийн монголчууд өмчлөх гэх нь ч утгагүй юм. Сүүлийн үеийн судалгаанаас харахад Хүннү гүрэн Үсүнь, Өтүгэн, Эргүнэ гэсэн гурван хэсэг эзэмшил нутгийг дамнан оршиж байснаас Үсүний нутаг дээр одоогийн Казахстан, Орос оршиж буй. Хүннү, Кидан, Сяньби, Нирун… өвөг монголын төрт улсууд солонгосоос Каспийн тэнгис хүртэлх уудам орон зайг эзэгнэж байсан нь бодитой. Тийм учраас одоо тэдний эзэмшил дээр орших улсууд өөрсдийн нутгаас олдсон олдворуудыг монголчуудад хамааралгүй гэж хэлэх нь утга учир муутай юм.
Укок бол Үхэг гэх монгол нэршилтэй, бидэнд шууд хамааралтай л газар. “Пазырык” гэдэг оросжсон нэр бол бас л монгол гаралтай үг. Урианхайчууд(тува) булшийг “бажираг” гэж хэлдэг. Баруун Алтайд амьдарч асан өвөг монголчуудын л соёл. Гэх мэтээр бидэнд хамааралтай гэдгийг зүйл бүрээр нотолж болно.
“Монгол хаан” жүжгийн хувьд хэсэг уран бүтээлч залуус археологийн нээлт, олдворуудыг нэгтгэн өөрсдийн уран сэтгэмжээр баяжуулан эртний нүүдэлчид, бэлчээрийн мал ахуйтны соёл, төрт ёс зэргийг Б.Лхагвасүрэн гуайн өгүүлэмжтэй уяж, уран сайхнаар харуулсан байдаг. Энэ бол урлагт түгээмэл үзэгдэл. Ингэх ч ёстой, тэгэж байж л үзэгчид эртний нүүдэлчдийн соёл, ахуй, сэтгэлгээний талаар базсан, нэгтгэсэн цогц уран сайхны төсөөлөл авч байгаа юм. Урлаг бол дүрээр, уран сайхнаар сэтгэх л хэлбэр билээ. Тэрнээс бус НТ1000 оны олдворыг НТӨ900 оныхтой холилоо гэх зэрэг бол хоосон цэцэрхлээс өөр юу ч биш.
Англи хэлны орчуулгын хувьд орчуулсан хүмүүс нь Та бид шүүмжилж зүрхлэхээргүй туршлага хуримтлуулсан хүмүүс байна билээ. Монгол судлаач, жүжгийн зохиолч гээд түүхэн хэл зүйг маш олон жил судалсан, ашигласан туршлагатай хүмүүс тул би лав орчуулгын чанарт эргэлзэхгүй байна.
Жүжигчдийн аялга цэвэр биш байх бол бидний санаа зовох асуудал огт биш. Дэлхий даяарт англи хэл төрөлх хэл нь биш үндэстнүүд санаа зовохгүйгээр, ичихгүйгээр элдэв аялгатайгаар англиар ярьдаг. Английн үзэгчид эх хэлээр нь цэвэр төгс ярих шаардлагыг монголын бүтээлчдэд тавихгүй байх. Англи хэлний олимпиад юм уу уралдаант шалгаруулалт “Coliseum” театрт ирэх намар явагдахгүй. Тэнд ирсэн үзэгчид монголын урлагийг, уран бүтээлчдийн ур чадвар, уран сайхны сэтгэлгээний чансааг л харахыг хүсэж байгаа. Түүхийн баримт, хэлний дуудлага зэрэгт ач холбогдол өгдөггүй хүмүүс ирж үзнэ.
“Эрэгтэй жүжигчдийн гоо зүйн хэмжүүр, үнэлэмж” гэдэгт Д.Мөнхтуяа Та яг юуг ойлгож байгааг ойлгосонгүй. Хүн бүрт гоо зүйн өөрийн үнэлэмж, хэмжүүр бий. Таны таашаалд нийцээгүй гэдгээр бусдын гоо зүйн үнэлэмжийг хэмжих гэх хэрэггүй биз ээ.
Жүжгийн нэрний тухайд энэ бол цэвэр Их Британы үзэгчдийн онцлогт тохируулсан, английн театрын мэргэжилтнүүдийн саналд үндэслэн өөрчилсөн нэр. Яагаад гэдгийг тайлбарлавал урт зүйл бичих шаардлагатай тул товчхон тайлбар хийхэд киноны нэрийг тухайн улс, үзэгчдэд зориулан өөрчлөх нь урлагийн маркетингт түгээмэл хэрэгсэл юм. Ийм жишээг таныг залхтал жагсааж ч болно. Зарим нэг жишээг энэ холбоосоор харчихна биз. https://www.insider.com/international-movie-title-changes-2017-8
“Тамгагүй төр” гэхээсээ “Монгол хаан” гэх нь өнөөгийн бидэнд илүү өгөөжтэй, сурталчилгааны бодит ач холбогдолтой нэр шүү. Жуулчдад одоо байхгүй Хүннү гэх улсад биш Монгол улсад зочлох сонирхол байгаа гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. За, тэгээд эцэст нь монголын урлаг гадаадад танигдаж, олны хүртээл болох нь дан ганц мөнгөний хэрэг бус монгол үндэстний эрх ашиг гэдгийг ойлгохыг хичээгээрэй. Танд эмзэглэл, таагүй сэтгэгдэл байгаа бол боломжоороо эерүүлэхийг хичээнэ үү. Эс бол таагүй сэтгэгдлээ өөртөө л хадгал.
Монгол гэдэг нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай
Монголын төлөө гэх сэтгэл бидний зүрхэнд уяатай
Монголын театрын урлагийг таниулах үйлст өчүүхэн ч болтугай саад учруулмааргүй байна. Бид замыг засаж, ерөөж чадахгүй бол хэл ам удаж, саад тотгор учруулах ёсгүй байх. Танд би урлагт олон жил ажилласан хүний хувиар нэг зүйлийг батлая.
Таны сэтгэлээ чилээж буй шиг “эмгэнэлтэй зүйл” болохгүй. Боломж алдагдахгүй.
Танд сайн сайхныг ерөөе.
Р.Батсайхан