Ариг банкны Бизнес хариуцсан дэд захирал Б.Бямбаноровтой эдийн засгийн нөхцөл байдал, Ариг банкны талаар ярилцлаа. Тэрээр санхүү удирдлагын мэргэжлээр бакалавр, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Хадгаламж зээлийн хоршоонд зээлийн эдийн засагч, санхүүгийн менежер, “Номин Холдинг” ХХК-ийн Зээлийн хэлтэст бизнес хөгжил, борлуулалтын хэлтсийн дарга, “Номин Карт” ББСБ-ын Гүйцэтгэх захирлаар тус тус ажилласан туршлагатай. 2021 оны хоёрдугаар сараас Ариг банкны Дэд захирлаар ажиллаж байна.
-Таны банкны салбартай холбогдсон түүхээс ярилцлагаа эхэлье. Таны өмнөх туршлагуудтай харьцуулахад банкны салбарын онцлог, шинэлэг зүйлс юу вэ?
-Би 2013 онд СЭЗИС-ийг төгсөөд “Номин Юнион” ХЗХ-д эдийн засагчаар анх ажилд орсон. Дараа нь “Номин Холдинг” ХХК-ийн эх үүсвэр, нөөцийн удирдлагыг хариуцан ажиллаж байгаад Тайваньд Бизнесийн удирдлагын магистраа хамгаалсан. Банкны салбарт мэргэшиж ажиллах саналыг хүлээн авч, одоо гурав дахь жилдээ энэ салбарт ажиллаж байна. Өнөөгийн банкны хоёр шатлалт тогтолцоо Монгол улсад 1990 онд үүсэж , өдгөө 33 жил болсон байна. ББСБ болон ХЗХ-ны зах зээлээс ялгарах онцлог нь илүү урт хугацааны түүхтэй, Монгол улсдаа эдийн засаг, нийгмийн чухалчлах томоохон салбаруудын нэг ба үйл ажиллагааны цар хүрээгээрээ илүү өргөн буюу олон бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа хүргэдгээрээ онцлог юм. Мөн энэ салбарын үйл ажиллагааны ажиллах хууль эрхзүйн орчин нь ч тусгай шаардлага шаарддаг юм.
-2023 он банкнуудад ямар жил болж байна вэ?
-2021 онд батлагдсан Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн зарим заалтууд 2023 онд хэрэгжиж эхэлж байна, мөн сүүлийн хоёр жилийн турш бодлогын хүү өндөр түвшинд байлаа. Бодлогын хүү өндөр байх нь сайн мэдээ биш. Энэ хэрээр зээлийн хүү өндөр байна. Харин МУ–ийн эдийн засгийн өсөлт энэ онд 4-6 хувьтай байх төлөвтэй байна. Банкны салбарт ч тодорхой өсөлт гарна гэж харж байна. Харин инфляц, валютын ханшид огцом, томоохон өөрчлөлт гарахгүй бол банкны салбарт учрах эрсдэл бага байна байх.
Төв банкны бодлогын хүү өндөр байгаа нь банкнууд зээлийн хүүгээ өндөр байлгах, өсгөхөөс өөр аргагүйд хүргэж байна.Банк өндөр хүүтэй зээл олгох ямар ч сонирхолгүй байдаг. Бид эх үүсвэрийн болон үйл ажиллагааны зардлаа тооцон, зах зээлд өрсөлдөхүйц хадгаламж болон зээлийн хүүг харилцагч нартаа санал болгохыг эрмэлздэг. Бодлогын хүүг өсгөх нь банканд сайнаар нөлөөлдөггүй. Харин ч зээлийн хүү өсөх суурь шалтгаан болсноор зээлдэгч нарт зээлийн төлбөрөө төлөхөд хүндрэл учруулж, зээлийн эргэн төлөлтийг хийх шахалтад ордог. Улмаар банкны чанаргүй зээл өсөх нөхцөл болдог юм.
Ковид-19 цар тахлын улмаар үүссэн сөрөг нөлөөнөөс дэлхийн эдийн засаг болон Монгол улс маань гарч чадаагүй байдалтай байна. Банкны хувьд актив пассивын удирдлагаа зөв, оновчтой хийвэл энэ сорилтыг давж гарахад дөхөмтэй байх болно.
-Эдийн засгийн хөгжлийн яам ирэх онд гадаадын банкнуудын өрсөлдөөнийг нэмэхээр төлөвлөжээ. Энэ нь боломжтой юу?
Манай улсад арилжааны банкнууд харьцангуй сайн хөгжсөнийг бусад ижил төстэй хөгжилтэй улсуудтай харьцуулан харж болно. Стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд манай улсад хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк хэрэгтэй. Гэхдээ төслийн санхүүжилтийн л үйл ажиллагааг дагнах нь зөв. Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хууль ч тэр утгаар хэрэгжих байх.
Хөрөнгө оруулалтын банк төлбөр тооцооны үйл ажиллагаа явуулан, арилжааны банкнуудтай өрсөлдөөд эхэлбэл эерэг нөлөө гарахаас илүүтэй, дотоодын банкнуудын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Тиймээс хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк болон арилжааны банкны үйл ажиллагаа явуулах цар хүрээ, чиглэлийг сайн ялгаж, хоорондын уялдаа холбоог зохицуулах хэрэгтэй.
–Системийн нөлөө бүхий банкнуудын IPO амжилттай болж дууслаа. Бүх банкнуудын захиалга давж биелсэн. Та үүнд ямар дүгнэлт хийсэн бэ?
-Юуны түрүүнд IPO амжилттай хийсэн банкнууддаа баяр хүргэж нэг салбарт мөр зэрэгцэн зүтгэж буй хамтрагч нартаа амжилт хүсье. IPO амжилттай хийнэ гэдэг нь компанийн засаглал талаасаа томоохон алхам юм.
Харин зарим банкны IPO дээр хувьцаа авах захиалга 180-300 хувиар давж биелсэн ба нэлээд их хувийг стратегийн хөрөнгө оруулагч нарын захиалга эзэлсэн байсан. Энэ нь тухайн банкууд анхнаасаа стратегийн хөрөнгө оруулагчдад биш нийтэд хувьцаагаа санал болгох боломж байсныг харуулсан. Олон нийтэд санал болгож буй хувьцаагаа бүхэлд нь олон нийтэд худалдсан бол хөрөнгийн зах зээлд илүү том хөгжлийг авчрах байсан байх гэж би хувьдаа бодож байна. Цаашид олон нийтэд хувьцаагаа санал болгохдоо томоохон хөрөнгө оруулагчдад ихэнх хувиа санал болгоод, жижиг хувьцаа эзэмшигчдэд багахан хувийг санал болгодог жишиг тогтвол хөрөнгийн зах зээлийн хөгжилд сайнаар нөлөөлөхгүй байх гэж харж байна. Гэхдээ банкнууд ХК болсон нь том ахиц, том алхам гэдгийг дурдах нь зүйтэй юм. Цаашид нийгмийн санхүүгийн боловсролд анхаарч, тэдэнд хөрөнгийн зах зээлийн тухай мэдлэг, мэдээллийг сайн өгөх хэрэгцээ банкнуудад үүсэж байгаа юм. Үүнийг дурдаж буй нь иргэд, олон нийт зөв мэдээлэлтэй, мэдлэгтэй байхгүй бол хөрөнгийн зах зээл дээр хөрөнгөө томоохон эрсдэлд оруулах аюултай. Мэдлэг, мэдээлэл хангалтгүйгээс хоёрдогч зах зээлд иргэд их хэмжээний алдагдал хүлээх эрсдэлтэй.
-Танай банк Монгол банкнаас тавьдаг бүх шаардлагыг бүрэн хангасан уу?
-Тиймээ. Ариг банк Монгол банкнаас тавьдаг бүх шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажилласаар байна. Тэр тусмаа төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, өөрийн хөрөнгийн үзүүлэлтүүдийн харьцааг давуулан биелүүлж байгаа нь бид харилцагчийн мөнгийг найдвартай хадгалж, ямар нэг эрсдэл үүсэхэд түүнийг бүрэн зохицуулах чадвартай байгааг харуулж байна. Мөн нэмж дурдахад хоёр жилийн өмнө 14 тэрбум гаруй төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай банк өнөөдөр 15,2 тэрбум төгрөгийн татварын дараах ашигтайгаар ажиллаж буй нь дээр миний хэлж, ярьсны давхар баталгаа болж байна даа.
-Ариг банкны хөрөнгө оруулагчдын дунд үүссэн маргааныг хэрхэн шийдсэн бэ?
“Дэм санхүүгийн нэгдэл” ХХК нь Ариг банкны 21.16 хувийн хувьцааг одоогоор эзэмшиж байна. Ариг банк нь Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаал болон Банкны тухай хуульд заасны дагуу хувь нийлүүлсэн хөрөнгөө 100 тэрбум төгрөгт хүргэх үүрэг хүлээсний дагуу Монгол банкны зөвшөөрлөөр хувьцаа нэмж гаргасан. Нэмж гаргасан хувьцаанаас худалдан авах ижил нөхцөлийг банкны хувьцаа эзэмшигчдэд олгосон. Эдгээр хувьцааг “Улаанбаатар Импекс” ХХК худалдан авснаар “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК–ийн банкин дахь эзэмшлийн хувьцааны тоо ширхэг, дүн өөрчлөгдөөгүй ч, эзэмшлийн хувь нь буурсан юм. Энэ асуудал одоо банкны өдөр тутмын үйл ажиллагаанд огт нөлөөлөхгүй банкны үйл ажиллагаа засаглалын зарчмын дагуу хэвийн үргэлжилж байна.
-“Номин холдинг” ХХК худалдаа, санхүү гэх мэт олон салбарт ажилласан туршлагатай. Ийм хөрөнгө оруулагчтай байхын давуу тал юу вэ?
-Бид “Номин Холдинг” ХХК-тай хамтран ажилласнаар богино хугацаанд, тогтвортой өсөлтөд хүрэх боломжтой гэж харж байна. “Номин”-д худалдааны том сүлжээ, платформ бий. Бид үүнд тохирсон шинэ бүтээгдэхүүн хөгжүүлж, худалдааны санхүүжилтийг хөнгөвчлөхийн сацуу энэ салбарын өсөлттэй зэрэгцээд Ариг банкны үйл ажиллагааг томруулж, тэлэхээр ажиллаж байна. Худалдааны салбарын оролцогч тал бүрийн хэрэгцээнд нийцсэн, уян хатан нөхцөлтэй зээл, бүтээгдэхүүнийг шинэлэг байдлаар хүргэнэ. Манай улсад одоогоор импортын бараа давамгайлж, худалдааны салбар ихээхэн чухалд тооцогдсон хэвээр байгааг бид харсаар байна.
Бид хувьцаа эзэмшигчидтэйгээ хамтран ажиллаж, худалдааны салбарынхны хэрэгцээнд тулгуурлан шинэ бүтээгдэхүүн гаргаж, ханган нийлүүлэгчдэд туршихад харилцагчийн сэтгэл ханамжийн судалгаа сайн гарсан. Бүтээгдэхүүнээ цааш хөгжүүлж, илүү өргөн хүрээнд зээл олгохоор бэлтгэж байна.
Гэхдээ энэ нь Ариг банк зөвхөн худалдааны салбарт л ажиллана гэсэн үг биш хөдөө аж ахуй, мэдээлэл технологи, тээвэр зэрэг бүхий л салбарынханд манай үүд хаалга нээлттэй, хамтарч ажиллахад бэлэн байгаа. Цаашид эдийн засгийн тодорхой салбаруудыг хамарсан бүтээгдэхүүн үйлчилгээ, зээл, санхүүжилтийг хийх болно.
-Сүүлийн хоёр жилд та Дэд захирлаар ажиллахдаа ямар өөрчлөлтүүд нэвтрүүлсэн бэ?
-Би гэхээсээ илүүтэйгээр бид буюу Ариг банкны хамт олон хамтдаа ажиллаж, зүтгэсэн гэх нь зөв байх.Ариг банк нь 2022 оны Монгол улсын Топ 100 ААН-н нэгээр шалгарсан 26 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй, ууган банкнуудын нэг юм. Бид өмнөхөөсөө илүү эрч хүчтэйгээр, шинэлэг байдлаар ажиллаж, зах зээлд эзлэх байр сууриа тэлэн дижитал шилжилт хийхээр зорин ажиллаж байна.
Сүүлийн хоёр жилд бид дунд хугацааны стратегиа шинэчиллээ. Менежментийн багаа шинээр бүрдүүлж, компанийн засаглалаа сайжруулсан.Ер нь боломжит бүх л зүйлсээ шинэчлээд, сайжруулаад л явж байна. Мөн бид зах зээлд арав гаруй шинэ бүтээгдэхүүн танилцууллаа. Үр дүнд нь манай санхүүгийн үзүүлэлтүүд 2–3 дахин өссөн.
Хоёр жил хагасын өмнө банкны нийт актив хөрөнгө 70 гаруй тэрбум төгрөг байсан бол 2022 оны эцсээр 260 тэрбум төгрөгт хүрч өссөн.
Бидэнд зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэх, тэлэх боломж их байна. Маш товчхондоо менежментээ зөв хийн, засаглалаа улам сайжруулан ирэх таван жилд системийн банк болох зорилт тавин ажиллаж байна.
-Танай банкны онцлог том соёл юу вэ?
-Бид өөрчлөлт шинэчлэлийнхээ хүрээнд, компанийн шинэ соёл бүрдүүлэхээр ажиллаж байна. Яг одоо бол шинэ баг эрч хүчтэй ажиллаж байгаа нь манай том давуу тал юм. Байгууллагын соёлын хувьд “үрээ тарьсан”, дөнгөж соёолж байна. Ариг банкны тогтсон соёлыг бий болгож,бүх хүн Ариг банканд ажиллахыг хүсдэг, хүсэмжит банк болох зорилготой.
Бид нийгмийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, банкны үйл ажиллагаагаа тэлэх зорилгоор энэ онд 8 салбар шинээр нээх төлөвлөгөөтэй. Эдгээрийн гурвыг нь орон нутагт нээнэ.
Ариг банк нь иргэдийн эсвэл байгууллагын зах зээлд төвлөрнө гэж аль нэг сегмент рүү төрөлжихгүйгээр чанартай сайн үйлчилгээ үзүүлнэ. Хүн ам цөөтэй манай улсад аль нэг сегмент рүү төвлөрөх нь тохиромжгүй гэж харж байгаа.
Манай улсад банкны салбар сайн хөгжсөн ч банкны бүтээгдэхүүн үйлчилгээг цогцоор нь авч чаддаггүй ААН-үүд олон. Ялангуяа ЖДҮ эрхлэгчдэд хүндрэл их тулгардаг. Тэдэнд туслах, хамтрах боломжийг эрэлхийлэн, эрэлтэд нь тулгуурлан бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлэхээр ажиллаж байна.
-Иргэд яагаад танай банкийг сонгох ёстой шалтгаан, давуу тал?
-Иргэд харилцагч банкаа сонгохдоо олон хүчин зүйлийг харгалздаг. Бид 26 жилийн турш харилцагчдын итгэлийг алдаагүй. Мөн 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай банк.
Ариг банк санхүүгийн үйлчилгээг богино хугацаанд илүү чанартай үзүүлэхээр ажиллаж байна. Бүтээгдэхүүн тус бүрээс хамаарч өөр өөр давуу тал бий. Жишээ нь, бид харьцангуй өндөр хүүтэй хадгаламж санал болгодог, мөн автомашин барьцаалан эргэлтийн хөрөнгийн зээл авах боломжтой гэх мэт. Бидний бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглаад үзвэл ямар давуу талтайг мэдэх бүрэн боломжтой. Цаашид илүү үнэ цэн шингэсэн бүтээгдэхүүнийг харилцагчдад санал болгохоор зорин ажиллаж байна.
-Одоо банкнууд аль болох л хэрэглэгчдийн цаг завыг хэмнэсэн цахим бүтээгдэхүүн үйлчилгээнүүд гаргаж байна. Танай банк энэ тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?
-Бид худалдааны салбарт түшиглэсэн, дижитал банк болохыг зорьж банкны үйлчилгээг илүү богино хугацаанд, цахимаар хүргэдэг болохоор хөгжүүлэлт хийж байгаа. Сүүлд гэхэд цалингаа манай банкаар авдаггүй байсан ч Ариг банкны харилцагч л бол минут хүрэхгүй хугацаанд онлайнаар 40 сая хүртэлх төгрөгийн цалингийн зээл авах боломжтой үйлчилгээг нэвтрүүлсэн. Мөн байгууллагуудад зориулсан илүү хялбар “Corporate Gateway” үйлчилгээг нэвтрүүлсэн гэх мэт санхүүгийн хэрэгцээгээ цахим технологиор хялбараар шийдэх төслүүдийг олж хэрэгжүүлсээр байгаа.
-Төгсгөлд нь асуухад таван жилийн дараа бид ямар Ариг банкийг харах вэ?
-Манай улс таван жилийн дотор шууд үйлдвэрлэгч орон болчихгүй байх, тиймээс худалдааны платформыг түшиглэсэн, худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээг түлхүү үзүүлдэг онцлог ялгарлыг бий болгоно. Мөн өөрийн соёлыг бүрдүүлж, санхүүгийн салбарынхны ажиллахыг хүсдэг хүсэмжит банк болсон байна. Энэ нь манай банкны харилцагчид, ажилтнууд гэж нийгэмд шууд мэдрэгддэг,танигддаг л болсон байх болов уу.
-Ярилцсан танд баярлалаа.