Редакцын бус нийтлэл
Шүгэл үлээгчид юу хэлэв…
“Шүгэл ажиллагаа” -г удирдаж буй ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгод сонордуулах нь:
ШҮГЭЛ 3
Эдийн засагч М.Чимэддорж (Ардчилсан нам)
Ам дамжсан мэдээллээр Норинко компанитай хийсэн нүүрс худалдах, худалдан авах гэрээ нь газрын тосны дамжуулах хоолой, “ЭТТ”-н баяжуулах үйлдвэртэй холбоотой бартерийн гэрээ гэгдэж байна. Эдгээр гэрээг нууцад оруулаагүй боловч гэрээг ил болгохгүй байгаа нь анхаарал татаад байгаа юм. Ядаж нүүрснийхээ үнийг хэдээр тооцсон гэх мэт асуудлаар мэдээлэл нэхэгдэж байна. Норинко компани МҮХАҮТ–д бүртгүүлэхдээ tct.mn домайн нэрээр Ш.Цэрэнпил гэж хүнийг бүртгүүлсэн байдаг. “Моннис” тауэрийн тавдугаар давхарт байрладаг. Гэтэл “ТТС энд Т” ХХК бас энэ хаяг дээр бүртгэлтэй. Монголд бүртгэлтэй, Монголын компани байна.
Энэ компани Тавантолгойгоос Ханги, Мандал хүртэлх 477 км хатуу хучилттай замын концессийг эзэмшдэг. Авто замын ажилд 286 сая долларын хөрөнгө оруулахаар 2019 оны долоодугаар сарын 1-нд концессийн гэрээ байгуулсан. 2018 онд үүсгэн байгуулагдаад 2019 онд концесс авсан гэсэн үг. 2018 онд анх байгуулагдахдаа “Авто машинаар ачаа тээвэрлэх” гэж бүртгүүлээд 2021 оны гуравдугаар сарын 12, 24-нд тусгай зөвшөөрлүүдээ авсан. “Хатуу хучилттай зам барих, автомашины засвар үйлчилгээ, бүх төрлийн зам гүүр, газар доорх тунель барих, барилга байгууламжийн арчлалт” хийхээр үйл ажиллагааны чиглэлээ өөрчилжээ. Саяхан байгуулагдсан шинэ компаниуд яагаад 5 их наядын өртөгтэй том гэрээг “ЭТТ”–той хийж чадав гэдэг асуулт анхаарал татна.
ШҮГЭЛ 4
Х.Ган-Ялалт |Сэтгүүлч|
Нүүрсний сонсгол дээр эдийн засагч М.Чимэддорж гэдэг хүн “Норинко” төрийн өмчит компани биш гэдгийг хэлсэн. Компанийнхаа зах зээлийн үнэлгээнээс давсан тендерт орчихсон байдаг. 2020-2022 онд “Норинко” Засгийн газартай оффтэйк гэрээ байгуулсан. “Ти Ти Си Энд Ти” компаниар дамжуулаад Тавантолгойгоос нүүрс тээвэрлэж байна. Хонгконг дахь охин компаниараа дамжуулан нүүрс худалдан авдаг. Монголын нэг ч компани оруулалгүй туслан гүйцэтгэгчээр зөвхөн өөрсдийн компаниа ажиллуулдаг. Туслан гүйцэтгэгч 12 компани бий. Арваннэгдүгээр сарын 25-нд “Пид транс”, “Ди Жи Кэй ложистик”, “Ти Ти Си Энд Ти”, “Говь круз” гэх дөрвөн компани нь Хятад захирлаа өөрчилж, Монгол Улсын иргэн Амарбаясгалангийн Солонго, Шагдарсүрэнгийн Цэрэнпил гэдэг хоёр хүн дээр шилжүүлсэн.
2020 оны тавдугаар сарын 15-нд УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын хувьд гэж байгаад Т.Аюурсайхан гишүүний бичсэн жиргээ байдаг. 2019, 2020 онд оффтэйк гэрээ байгуулахад чиглэл өгч ажилласан гэх утгатай. Тэгэхээр оффтэйк гэрээнд нөлөөлсөн хүмүүсийн нэрс дотор Т.Аюурсайхан гарцаагүй орж байна. “Нормаунт” гээд компани бий. “Ти Ти Жи Би Си Өү” гээд компанийн Монгол талын захирал нь Э.Оюутцэцэн. Түүний эцэг нь Ц.Энхболд гэж Уул уурхайн хүрээлэнгийн дэд захирал. Нүүрс, алтад ойр бүх албан тушаалыг хашиж байсан хүн. Хятадууд шиг бүртгэлээ цэвэрлэдэг хүн бол Т.Аюурсайхан гишүүн. Т.Аюурсайхан гишүүн маш сайн цэвэрлэдэг, бид маш сайн ухдаг. Үүгээрээ л бид өнөөдөр яг тэнцсэн. Яг үнэндээ энэ материалуудыг өгөхөд хүчний байгууллагууд ч намайг хардсан. Чи бүр тусгай ажиллагааны хүрээнд ажилласан байна гэсэн. Уг нь цахим мэдээллийн орчинд хайлт хийгээд, хүмүүсээс нь тодруулаад мэдэх боломжтой мэдээллүүд юм.
ШҮГЭЛ 5
М.Чимэддорж Эдийн засагч (Ардчилсан нам)
Хятадын төрийн өмчит томоохон компаниуд одоо ч Тавантолгойн ордоос сонирхлоо татаагүй хэвээр байгааг сүүлийн үеийн мэдээллээс харж болохоор байна. Энэ удаад “Шэнхуа” биш “Норинко групп” орж ирж байна.
“ЭТТ” нүүрс баяжуулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх тендер гурван удаа зарлаж байж “Норинко” ганцаар оролцож шалгарчээ. “Норинко” шалгарсны шалтгаан нь санхүүжилтийг өөрсдөө гаргаж, үнийн дүнд таарсан нүүрс худалдаж авахаар тохирсонд буй.
“Норинко Интернэйшнл Кооперэйшн”-ийн хоёр дахь гэрээ бол газрын тос дамжуулах хоолойг барих юм. УУХҮЯ-ны олон улсад нээлттэй зарласан гэгдэх тендерт тэд ялсан. 530 км урт хоолойн нийт өртөг нь 388 сая ам.доллар. Мөн л ЭТТ санхүүжүүлж, төлбөрийг нь нүүрсээр “бартердана”. Газрын тос боловсруулах үйлдвэрийн өртөг нэмэгдэж, Энэтхэгийн өгсөн зээл дутсан гэх яриа гарах болсон. Тиймээс Засгийн газар ядаж дамжуулах хоолойг бие даан барихаар тохирсон бөгөөд санхүүжилтийг нь өнөө л “Эрдэнэс Тавантолгой”-д үүрүүлж байгаа юм.
“Норинко Интернэйшнл Кооперэйшн” гэж хэн бэ, үнэхээр том төслүүдийг гүйцэтгэх чадвартай компани уу гэдэг асуулт зайлшгүй гарна. Африк, Өмнөд Азийн орнуудад томоохон төслүүд хэрэгжүүлдэг. Харин Монголд нүүрсний худалдаа, тээврийн чиглэлээр ажиллаад хэдэн жил болсон. “Ти Ти Си энд Ти” компаниар дамжуулж Тавантолгойгоос нүүрс тээвэрлэх, Хонконг дахь охин компаниар дамжуулж нүүрс худалдан авах, мөн Тавантолгой-Ханги чиглэлийн сайжруулсан шороон замын ажилд оролцож байна.
Товчхондоо бол Тавантолгой хавийг базчихсан компани гэсэн үг. Толгой компани нь Хятадын төрийн өмчит “Norinco Group”. Хятадын армийн зэвсгийн хангамж, зэвсэг үйлдвэрлэлээр тэргүүлэгч гэдгээрээ алдартай. Тийм ч учраас Хятадын зэвсэг үйлдвэрлэгч Монголд орж иржээ хэмээн багагүй шуугиад байгаа хэрэг.
Үргэлжлэл бий…