Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчлах үеэр эдийн засагч Д.Жаргалсайханаас тодрууллаа. Тэрбээр Монгол, Хятадын худалдаа, хөрөнгө оруулалтын форумын зарим үр дүн, цаашид анхаарах асуудлуудын талаар ингэж ярилаа.
Та өмнө нь “Гэрээ зурагдахаас илүү бодит ажил хийх чухал” гэж Засгийн газарт сануулж байсан. БНХАУ-ын хөрөнгө оруулагчид Монгол руу очих сонирхолтой байна. Ялангуяа, дэд бүтцийн салбарыг хөрөнгө оруулагчид ихээр сонирхож байна. Юун түрүүнд гүйцэтгэх засаглалын түвшинд одоо юу хийх хэрэгтэй вэ?
Гэрээ гэдэг юмны эхлэл шүү дээ. Би ийм арга хэмжээнд олон удаа оролцож байна. Гэхдээ өнөөдөр яригдаж байгаа тоо хэмжээ, манай улсын өөрийнх нь хэрэгцээ, бодит байдал огт өөр болчихсон байна. Том тоонууд яригдаж байна. Ялангуяа, дэд бүтэцтэй холбоотой асуудлууд миний анхаарлыг татлаа. Дэд бүтцийг төрийн компаниуд голдуу хийдэг. Хотын дэд бүтэц хийгээд, компани буцаан зардлаа нөхөх нь удаан шүү дээ. Тэгэхээр алсыг харсан бодлого хэрэгтэй. Амласнаараа байх ёстой. Төлбөр тооцоо зөв хийгдэхгүй бол улсын дэд бүтцээ тэр чигээр нь зээлээр хийгээд авчихаар бас хэцүү. Бүтээн байгуулалт хийхдээ тэр зардлаа хэзээ, яаж төлөх вэ гэдэг тооцоо зөв байх чухал.
Нөгөө талдаа, Засгийн газар хийнэ л гээд байдаг. Гэтэл бүтээн байгуулалтыг Засгийн газар биш, хувийн салбар хийх нь зүйтэй. Харин гагцхүү дэд бүтцийг л Засгийн газар хийх ёстой гэдэг зааг ялгаагаа мэдэх ёстой. Ингээд хөрөнгө оруулагчидтайгаа урт хугацаагаар хамтарч ажиллах шаардлагатай л гэж харж байна.
Манай улс олон улсын харилцааны эмзэг олсон дээгүүр алхахдаа эдийн засгийн харилцаагаа яаж бэхжүүлэх вэ гэдэг сорилттой тулж байна. Харилцаа таатай байснаараа шууд ирэх үр өгөөж нь эдийн засгийн асуудал байдаг. Энэ тухайд та юу хэлэх вэ?
“Ковид”-ын дараагаас эхлээд манай улсад ирэх боломж улам л нэмэгдээд байна. Хойд хөршөөс орж ирэх боломж ч гэсэн нэмэгдэж байгаа. Яагаад гэвэл тэдэнтэй харилцаж байгаа хүмүүс нь бага болж эхэлсэн. Бид бол хүссэн ч, эс хүссэн ч, гол усаараа, газар усаараа холбогдсон мөнхийн хөршүүд. Энэ хоёр хөрштэйгээ бид хамтарч ажиллах ёстой. Ямар дэглэм байлаа ч бид хамтрах л ёстой. Мэдээж, гуравдагч хөршөө бид орхиж болохгүй. Гол нь, бизнесийн нөхцөл нь л тогтвортой байх ёстой.
Та Улаанбаатар хотын хөгжлийн асуудлаар БНХАУ-ын Пан Чайна группын удирдлагуудтай нэлээн дэлгэрэнгүй санал солилцож ярилцлаа. Улаанбаатарт нэвтрүүлэх боломжтой шийдлүүдийн талаар юу ярьж байна вэ?
Хятадын хот төлөвлөлтийг сүүлийн 30 жилд удирдаж байгаа Пан Чайна группын удирдлагууд Улаанбаатарт 4,5 удаа очиж судалгаа хийсэн байна. Хотын түгжрэлийг хэрхэн бууруулах тал дээр шийдэл гаргасан байна. Компанийн удирдлагуудын хэлж байгаагаар, нэгдүгээрт, Улаанбаатарыг тойруулж, тойрог зам барих хэрэгтэй гэж байна. Гэр хорооллоо барилгажуулах урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэхгүйгээр хол явахгүй гэж хэлсэн. Гуравдугаарт, голын эдийн засаг гэдэг ойлголтыг ярьсан. Туул голын хоёр талд нь далан гаргаад, амралт, аялал жуулчлалын бүс болгох, усныхаа дээд доод талд нь цөөрөм хийх талаар тооцоо хийсэн юм байна лээ. Үүнийг хот анхаарах байлгүй. Ялангуяа, Улаанбаатар хот бонд гаргах эрхтэй болчихсон шүү дээ. Ийм нөхцөлд үүнийг зөв менежментээр эхлэх хэрэгтэй. Үүнийг хэзээ, хэн, яаж эхлэх вэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол манай улсын гадаад өр маш их болчихсон байна. Хятад гэдэг улстай яаж хамтран ажиллах вэ гэдэг томъёо нь зөв байхгүй бол эргээд харсан чинь баахан хий дэмий дэд бүтэц бариад, бөөн өрөнд орчихсон байх вий. Ийм байдалд орохгүйн тулд ажлуудаа урт хугацаагаар төлөвлөх хэрэгтэй.
10 ЖИЛИЙН ДАРАА 600 САЯЫН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХӨД ОНГОЦНЫ БУУДАЛ НЬ БАРИГДААГҮЙ БАЙСАН АЛДААГ БИД ДАВТАЖ БОЛОХГҮЙ
Сэтгэлийн хөөрлөөр гэрээ зурах биш, яг нарийн тооцоотой ажиллах чухал. Манай улс өмнө нь Японы зээлээр онгоцны буудал барина гэж 600 сая долларын зээл авсан. 10 жилийн дараа зээлээ төлж эхлэхэд онгоцны буудал нь ашиглалтад ороогүй байсан шүү дээ. Тиймээс өрийн менежментийг зөв хийхгүй бол болохгүй гэж харж байна. Ерөнхий сайдын айлчлалаар олон гэрээ зурагдлаа. Гараанаас гарлаа. Одоо бодлогоо тогтвортой, урт хугацааных байлгахад анхаараач ээ гэдгийг л хэлмээр байна.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.