Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Англи хэлний хичээлийг сурагчдад гуравдугаар ангиас нь заах уу" гэсэн асуултад "Үндсэн гадаад хэл нь англи хэл байна гэдэг заалтыг Засгийн газраас хуулийн төсөлд оруулж өргөн барьсан. Байнгын хорооны хурал дээр Үндсэн гадаад хэл нь англи хэл гэхгүйгээр боловсролын сургалтын байгууллагын үндсэн гадаад хэлийг үндэсний хөтөлбөрөөр шийдвэрлэе гэдэг зарчмын зөрүүтэй томьёолол гаргаж, санал хураагдсан нь дэмжигдсэн. УИХ-ын чуулганаар эцэслэн шийдвэрлэнэ. Ийм л асуудал яригдсан. Хэддүгээр ангид хэдэн цагаар, ямар хичээл заахыг хуулиар тогтоодоггүй. Үндэсний хөтөлбөрөөр зохицуулагддаг. Хууль батлагдвал 2024 онд хөтөлбөрийн шинэчлэл хийнэ.
Боловсролын багц хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг маргааш хийнэ. Энэ хуулиар зөвхөн англи хэл хөндөгдөөгүй. Ардын хүүхдэд англи хэл заахаас хойш суулаа гэж ойлгож болохгүй. Сургуулийн өмнөх болон ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалыг Засгийн газар батална. Хөтөлбөр батлагдахаар хэд дүгээр ангиас хэдэн цагаар ямар, ямар хичээл орох нь тодорхой болно. Шинэ хөтөлбөрийн дагуу гуравдугаар ангиас англи хэл, мэдээллийн технологийн хичээл заана. Тийм болохоор англи хэл заах цаг ихсэж, анги багасна.
Өнгөрсөн жил "Pearson" англи хэлний платформыг нийслэл, орон нутгийн төрийн өмчийн 38 сургуульд 30,000 хүүхдийн хүрээнд амжилттай туршсан. Есдүгээр сарын 1-нээс төрийн өмчийн 860 сургуулийн 5,6 дугаар ангид "Pearson" англи хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. "Pearson" англи хэлний хөтөлбөрийг хувийн сургуулиуд нэг хүүхдэд 22 еврогоор бодож авдаг. Харин бид нэг хүүхдэд 8 еврогоор тооцон хэрэгжүүлэх хэлэлцээрийг "Pearson" компанитай хийсэн.
Ирэх онд 3,4 дүгээр ангийн сурагчдад "Pearson" англи хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Түүний дараагийн жилд 6, 7 дугаар ангид заана. Энэ хөтөлбөр нь багшаас хамааралгүй англи хэл сурах боломжтой. УИХ-ын зарим гишүүн нэгдүгээр ангиас англи хэл заах гэж байна гээд бужигнуулсан. Зарим нь гуравдугаар ангиас англи заах бодлогоосоо ухарлаа гэх мэдээллийг өгч иргэдийг бухимдуулж буйд харамсаж байна. Сайд нар солигдох бүрд сургалтын хөтөлбөрийг шинэчилдэг. Энэ удаагийн багц хуулиар сургалтын хөтөлбөрийг 10 жил байхаар батлах юм. Мөн хот, хөдөө, төрийн болон хувийн сургуулийн ялгааг хувьсах зардлаар арилгана" гэх хариултыг өгсөн юм.