Өнгөрч буй долоо хоногт УИХ-аар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцлээ. Анхаарал татсан гол заалт нь 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эмэгтэй нэр дэвшигчдийн тоо хэд байх тухай асуудал байв. Уг нь, сонгуульд нэр дэвшигчдийн квотыг 40 хувьд хүргэхээр хэлэлцүүлгийн явцад зарим гишүүн зарчмын зөрүүтэй санал гаргаж дэмжлэг авсан. Гэхдээ УИХ-ын нэгдсэн чуулган дээр санал унаж, араас нь МАН-ын бүлэг ч "Нийт нэр дэвшигчдийн 40 хувь нь эмэгтэйчүүд байхыг зөвшөөрөхгүй" хэмээн мэдэгдсэн юм. Улмаар, энэ 7 хоногт УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж "Парламентын сонгуульд нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэйчүүд байна" гэсэн заалтыг баталлаа. Ингэснээр 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн 30 хувь буюу гуравны нэг орчим нь эмэгтэйчүүдийн байхаар болж байна.
Дэлхий нийтээр хүйсийн тэгш эрхийн зарчим баримталж, энэ зорилтод хүрэхээр бодлогоо тодорхойлж байна. Тиймээс ч манай улс эмэгтэйчүүдийн улстөрийн оролцоог шат дараатай нэмэгдүүлэх ёстой гэдэг асуудлыг иргэний нийгмийн байгууллагууд хүчтэй хөндөж байгаа юм. Өмнө нь мөрдөж байсан хуулиар сонгуульд нэр дэвших нэр дэвшигчдийн 20 хувь нь эмэгтэйчүүд байсан. Тэгвэл энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр эмэгтэйчүүдийн нэр дэвших квотыг 2024 онд 30 хувь, 2028 онд шат дараатайгаар 40 хувь болгоно гэсэн заалтыг баталлаа. Хэдийгээр 40 хувьд хүргэсэнгүй гэх шүүмжлэл нийгэмд хүчтэй өрнөсөн ч өмнөхөөсөө дэвшил гарч, эмэгтэйчүүдийн улстөрийн оролцоог хангах чиглэлээр түүхэн гэж хэлж болохуйц дэвшил гарлаа.
Эмэгтэйчүүдийн квот бол тэгш эрхийн асуудал. НҮБ тогтвортой хөгжлийн зорилгодоо ч жендэрийн мэдрэмжтэй байх, жендэрийн оролцоог хангах чиглэлээр анхаарч, бодлогоо тодорхойлсон. Дэлхийн улс орнууд ч энэ зүг рүү явж байна. Манай улс сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 30 хувьд хүргэснээр Ази, Номхон далайн бүсийн хэмжээнд дээгүүрт тооцогдох үзүүлэлт болж байгааг судлаачид онцолж байна. Сонгуулийн тухай хуулийн дээрх заалтыг баталснаар "Эмэгтэйчүүдэд хүйсийн квот заах нь буруу. Ажил хийхэд хүйс хамаагүй" гэх эсэргүүцэх нэг хэсэг ч гарч байлаа. Ямартай ч олон нийтийн шүүмжлэл хэлэлцүүлэг дунд эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх заалт энэ 7 хоногт УИХ-аар батлагдлаа. УИХ-ын гишүүд энэ асуудлаар байр сууриа нэлээд идэвхтэй илэрхийлж, санал шүүмжлэл, маргаан ч өрнөж байлаа.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.